ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ
Миний талаар хов жив гарвал яах вэ?
Хов жив хор хөнөөлтэй гэхийн учир
Хүний нэр төрийг гутаах зорилгоор хэлсэн худал үг гэх мэт зарим хов жив үнэхээр хорлонтой. Харин зарим нь тийм ч ноцтой биш байж болох ч сэтгэлийн шарх үлдээж мэднэ. Ялангуяа ойр дотнын хүн хов тараасан үед их хэцүү байдаг (Дуулал 55:12–14).
«Бусдад ерөөсөө санаа тавьдаггүй гэж нэг найз маань намайг муулдаг байсныг мэдээд би их шаналсан. Яагаад тийм юм ярьдаг байсныг нь би ерөөсөө ойлгоогүй»—Эшли
Үнэндээ, хов жив тараасан хүн дотнын найз ч бай, үгүй ч бай, хүмүүст муу хэлэгдэнэ гэдэг сайхан зүйл биш ээ.
Таагүй мэдээ—Зогсоох боломжгүй
Хүмүүс янз бүрийн шалтгаанаар хов ярьдаг. Заримыг нь дурдъя.
Хүмүүс ер нь бусдын талаар мэдэхийг хүсдэг. Хүн бие биетэйгээ харьцаж, нийгэмшин амьдрахаар бүтээгдсэн. Тийм ч учраас нэг нэгэнтэйгээ бусдын талаар ярих нь байдаг л зүйл. Мөн Библид тодорхой хэмжээгээр бусдын ашиг сонирхлыг бодолцож үзэх хэрэгтэйг тэмдэглэсэн байдаг (Филиппой 2:4).
«Бусдын талаар ярих нь хамгийн сонирхолтой зүйл»—Бианка
«Үнэнийг хэлэхэд, би хүмүүст юу тохиолдож байгааг их сонирхдог. Тэгээд үүнийгээ бусдад ярьж өгөх дуртай. Яагаад гэдгээ мэдэхгүй л дээ. Зүгээр л гоё санагддаг юм»—Кэти
Хүмүүс хийх юмаа олж ядах нь бий. Библи бичигдэж байх үед «чөлөөт цагаа шинэ сонин юм ярих, сонсоход л зориулдаг» хүмүүс байсан (Үйлс 17:21). Өнөө үед ч мөн ялгаагүй.
«Хоорондоо ярих сонин содон юм байхгүй үед хүмүүс нэг нэгнийхээ талаар янз бүрийн юм зохиож ярих нь бий»—Жоанна
Өөртөө сэтгэл дундуур байж болох юм. Бусадтай өөрийгөө харьцуулах шаардлагагүйг Библид анхааруулсан байдаг (Галат 6:4). Энэ нь бидний сайн сайхны төлөө юм. Харамсалтай нь зарим хүн бусдыг өөрөөсөө дор болгон ярьж өөрийгөө голох мэдрэмжээ үгүй хийхийг хичээдэг.
«Хов живээс тараасан хүнийх нь тухай мэдэж болно. Ихэвчлэн атаархуу хүн бусдын тухай хов ярьдаг бөгөөд тухайн хүнээс өөрийгөө илүү дээр гэж мэдрэхийн тулд тэгдэг»—Фил
Үнэндээ, хүмүүс бие биеийнхээ тухай сайн муу янз бүрийн юм ярьж л байдаг. Тэгэхээр чиний тухай ч ярина гэсэн үг.
Таатай мэдээ—Хамгаалах арга зам бий
Хов жив тарахыг зогсоох аргагүй ч өөрийгөө хамгаалах арга бий. Хэрхэн хүлээж авахаа чи өөрөө л шийднэ. Өөрийгөө хамгаалах аргуудаас хоёрыг нь авч үзье.
АРГА 1: Бүү тоо. Ер нь тоохгүй орхих нь хамгийн сайн арга. Ялангуяа утгагүй цуу яриаг бүр ч тоох хэрэггүй. Уурлах сэтгэлийг урьтал болгож болохгүйг анхааруулсан Библийн зөвлөгөөг хэрэгжүүлээрэй (Номлогчийн үгс 7:9).
«Намайг нэг хөвгүүнтэй үерхэж байгаа гэсэн цуу яриа гарсан. Би түүнтэй уулзаж ч байгаагүй! Ёстой инээдтэй, тоох ч хэрэггүй байсан»—Элиз
«Нэр хүнд сайтай байвал хов жив гарлаа ч төдийлөн даамжраад байхгүй. Учир нь цуу яриа гарсан ч итгэх хүн цөөхөн. Үнэн үг л үлддэг»—Аллисон
Бяцхан зөвлөмж: 1) Чиний тухай гарсан цуу яриаг, 2) чамд ямар санагдсаныг бичээрэй. Хэлье гэсэн үгээ ингээд өөртөө хэлчихвэл хов живийг мартахад амархан болно (Дуулал 4:4).
АРГА 2: Эхлүүлсэн хүнтэй нь ярилц. Заримдаа хов жив эхлүүлсэн хүнтэй нь зайлшгүй ярилцах хэрэгтэй ноцтой зүйл байж болох юм.
«Хов жив тараасан хүнтэй нь уулзвал ярьсан зүйл нь тухайн хүний чихэнд заавал хүрдэг гэдгийг тэр мэдэх болно. Үүнээс гадна, буруу ойлголтыг залруулж асуудлаа шийдэж чадна»—Елиз
Хов жив тараасан хүнтэй уулзахаасаа өмнө дараах Библийн зарчмуудыг болон асуултуудыг бодож үзээрэй.
«Сонсохоосоо өмнө хариулах нь ичгүүргүй, мунхаг явдал» (Сургаалт үгс 18:13, ШЕ). Энэ талаар бүрэн гүйцэд мэдэж байгаа бил үү? Энэ зүйлийг дамжуулж хэлсэн хүн буруу ойлгосон юм биш биз?
«Хүн бүр сонсоход бэлэн бай. Ярих гэж бүү яар. Яаран бүү уурла» (Яаков 1:19). Хов жив гаргасан хүнтэй одоо ярьсан нь дээр үү? Сэтгэлийн хөдөлгөөнөөр хандах гээд байна уу? Тайвширтлаа хүлээх хэрэгтэй юм биш биз?
«Өөрт тань яаж хандаасай гэж хүснэ, өөрөө ч мөн бусдад тийнхүү ханд» (Матай 7:12). Тэр хүний оронд өөрийгөө тавиад үзвэл надтай яаж харьцаасай гэж хүсэх бол? Ямар орчин нөхцөлд ярилцахыг хүсэх бол? Ямар үг хэлж, яаж харьцах нь хамгийн тохиромжтой байх бол?
Бяцхан зөвлөмж: Хов жив гаргасан хүнтэй уулзахаасаа өмнө юу ярихаа бичиж болно. Тэгээд нэг юм уу хоёр долоо хоногийн дараа бичсэнээ уншин өөрчлөх зүйл байгаа эсэхийг магадлаарай. Мөн аав ээж эсвэл төлөвшсөн нэгнээс зөвлөгөө аваарай.
Үнэндээ, хов жив бол гарч л байдаг зүйл. Дандаа хянаад байх боломжгүй. Тэглээ гээд амьдрал хов живээс шалтгаалдаггүй.