ХАНДИВЫГ ЮУНД ЗАРЦУУЛДАГ ВЭ?
Цуглааныг видео чатаар
2020 ОНЫ 6 ДУГААР САРЫН 26
Дэлхий даяар олон улс орны засгийн газрууд зай барихыг ард иргэддээ уриалж, олуулаа цуглахыг хориглож байгаа билээ. Еховагийн Гэрчүүд энэ зааврыг биелүүлдэг. Хурлууд хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд Зүүм (Zoom) зэрэг аппликейшн ашиглаж цуглаанаа цахимаар хийж байна.
Удирдах Зөвлөл Зүүм аппликейшн ашиглах зардлыг байгууллагын хандиваас гаргахыг зөвшөөрсөн. Ингэснээр цуглаанаа тогтмол хийх боломжтой болсон. Энэхүү арга хэмжээний ач тусыг зарим хурал хүртэж байна. 15-20 буюу түүнээс дээш америк доллар төлөх боломжгүй тэдгээр хурал урьд нь үнэгүй аппликейшн ашигладаг байсан ч цуглаанд оролцогчийн тоо хязгаартай, хамгаалалт муутай байв. Шинэ арга хэмжээ авснаар цуглаанд оролцогчийн тоо хязгаарлагдахаа больж, хамгаалалт сайтай болсон. Одоогийн байдлаар, энэ арга хэмжээний ачаар 170 орчим улс оронд 65 000 гаруй хурал Зүүмээр цуглаанаа явуулж байна.
Манадо хотын Кайраги хурал (Умард Сулавеси, Индонези) үнэгүй аппликейшн ашиглаж байгаад саяхнаас байгууллагын өгсөн Зүүмийг ашиглаж эхэлсэн. Хади Сантосо гэдэг Гэрч эрэгтэй: «Урьд нь цуглааны дундуур хэд хэд тасардаг, дахин дахин ордог байлаа. Харин одоо тасрахаа больсон учир цахим хэрэгсэл сайн ашиглаж чаддаггүй итгэл нэгтнүүд маань ч цуглааны ач тусыг бүрэн хүртэж байна» гэж ярив.
Гуаяканес Оэсте хуралд ахлагчаар үйлчилдэг Лестер Хихон (Гуаякиле, Эквадор): «Эндхийн ах дүүгийн маань ихэнх нь ядуу болохоор бүх хүн нь цуглаанд оролцох боломжтой Зүүмийн эрхийг худалдаж авна гэдэг нь хурлын хувьд ёстой л нэг мөрөөдөл байлаа. Харин одоо байгууллагын өгсөн Зүүмээр цуглаанаа хийж байгаа болохоор хүний тоо хэтэрчих болов уу гэж санаа зоволгүй илүү олон хүнийг цуглаанд урих боломжтой болсон» гэж ярьжээ.
Нгуэрэрэ Умард хуралд ахлагчаар үйлчилдэг Жонсон Мванза (Лусака, Замби): «“Байгууллагын арга хэмжээний ачаар бид улам дотносохын зэрэгцээ Еховагийн хайр халамжийг мэдэрдэг” гэж итгэл нэгтнүүд маань бүгдээрээ ярьж байна» гэж захидалдаа бичжээ
Зүүмийн эрх авах зардлыг гамшигт нэрвэгдэгсдэд туслах сангаас гаргадаг. Энэхүү сан дэлхий дахины үйл ажиллагаанд зориулсан сайн дурын хандиваар санхүүждэг. Олон хүн donate.jw.org сайтаар хандив өргөдөг. Өгөөмөр сэтгэлээр хандив өргөж, дэлхий даяар өрнөж буй тусламжийн арга хэмжээг дэмждэг та бүхэнд талархлаа илэрхийлье (2 Коринт 8:14).