МАНАЙ АРХИВААС
Тэд хамгийн сайнаа өгсөн
1945 онд дэлхийн ІІ дайн дуусахад Германы ихэнх хот сүйрч, сургууль, эмнэлгүүд хаагдаж, хаа сайгүй тэсрэх бөмбөг хэвтэж байлаа. Түүнчлэн хоол хүнс хомсдож, тэнгэрт хадсан үнэтэй болжээ. Жишээ нь, хар зах дээр 500 гр цөцгийн тосыг 6 долоон хоногийн цалинтай дүйцэх мөнгөөр худалдаалж байв.
Энэ зовлон итгэл үнэмшлээсээ болж олон жил шорон, хорих лагериудад хоригдсон хэдэн зуун Гэрчийг ч тойроогүй юм. Тэд 1945 онд суллагдахдаа өмсөж байсан шоронгийн хувцаснаасаа өөр юу ч үгүй хоцорчээ. Бусад Гэрч ч өмч хөрөнгөө алдсан. Хэт өлссөнөөсөө болоод цуглааны үеэр муужирч унадаг Гэрчүүд ч байлаа.
Итгэл нэгтнүүд нь нэн даруй тусалсан нь
Бусад орны Гэрчүүд тэр даруй хоол хүнс, хувцас хунар илгээж тусламж үзүүлжээ. АНУ-д байдаг байгууллагын төв Германы итгэл нэгтнүүддээ туслахыг Швейцарын Берн дэх салбарынханд даалгасан байна. Байгууллагын төлөөлөгч Нэйтан Норр тусламжийн ажлыг зохион байгуулж, түргэн шуурхай явуулахаар өөрийн биеэр Европт очиж байжээ.
1947 он. Нэйтан Норр Германы Висбаден дахь итгэл нэгтнүүддээ хандан үг хэлж байна. Дээр нь «Бүх үндэстнүүд ээ, Еховаг магтагтун» гэсэн жилийн уриа герман хэлээр байна
Швейцарын Гэрчүүд хоол хүнс, хувцас хунар, мөнгийг өгөөмрөөр хандивлаж байлаа. Хандивласан зүйлийг нь эхлээд Берн дэх салбар луу явуулна. Тэнд ангилж хайрцаглаад Герман луу явуулдаг байжээ. Швед, Канад, АНУ зэрэг бусад орны Гэрчүүд ч тусламж үзүүлсэн. Тусламжийн бараа нь зөвхөн Германы биш, дайнд нэрвэгдсэн Европ, Азийн орнуудын итгэл нэгтнүүдэд нь ч очжээ.
Өгөөмөр хандив
Хэдхэн сарын дотор кофе, сүү, сахар, тариа будаа, хатаасан жимс, хүнсний ногоо, хатаасан мах, загас, бэлэн мөнгө зэрэг их хэмжээний хандив цугларчээ. Швейцар салбар эдгээрийг Герман луу явуулав.
Швейцар Гэрчүүд мөн гадуур хувцас, эмэгтэй хувцас, эрэгтэй хослол зэрэг таван тонн хувцас хандивлажээ. «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1946 оны 1-р сарын 15-ны дугаарт «Ах дүү нар маань муухнаасаа биш, өөрт байгаа хамгийн сайнаа өгсөн. Герман дахь итгэл нэгтнүүддээ туслахын тулд их юмаа золиосолжээ» гэж бичсэн байна.
Мөн тэд бараг 1 000 хос гутал хандивлажээ. Тэдгээрийг сайн шалгаж байгаад Герман луу явуулсан. Германы Висбаден дахь Гэрчүүд сонголт ихтэй, чанар сайтай тусламжийн барааг хараад нүдэндээ ч итгээгүй байна. Нэг Гэрч: «Ийм олон төрлийн, чанартай бараатай дэлгүүр Германд олдохгүй шүү» гэж байжээ.
Тусламжийн цуваа 1948 оны 8-р сар хүртэл үргэлжилсэн юм. Швейцарын Гэрчүүд нийт 444 хайрцаг, 25 тонн бараа Герман луу явуулжээ. Дээр дурдсанчлан тэднээс гадна өөр олон орны Гэрчүүд энэ ажилд оролцсон. Гэхдээ тухайн үед Швейцар 1 600-хан Гэрчтэй байсан нь бусад орныхтой харьцуулахад хамаагүй бага тоо юм.
«Бие биеэ хайрла»
Есүс Христ: «Та нар бие биеэ хайрладаг бол үүгээр тань бүх хүн та нарыг миний шавь гэж мэднэ» гэж хэлсэн (Ёохан 13:34, 35). Еховагийн ард түмэн нэг нэгнээ хайрладаг учраас хэрэггүй юмаа биш, хамгийн сайныгаа өгсөн (2 Коринт 8:1–4). Цюрихээс ирсэн нэг захианд «Итгэл нэгтнүүд маань боломжгүй байсан ч ах дүүдээ туслахыг хүссэн учраас бүр хоолны талон, мөнгөө хүртэл хандивласан» гэжээ.
Хавчигдаж, дайны хөлд нэрвэгдэж явсан Герман дахь Гэрчүүд үйл ажиллагаагаа хурдан сэргээсэн. Нэг шалтгаан нь бусад орны итгэл нэгтнүүд нь хайрандаа хөтлөгдөн эрх ашгаа хойш тавьж, зохион байгуулалттайгаар, өгөөмрөөр тусламж үзүүлсэн явдал юм.