СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 6
Ехова үргэлж зөв юм хийдэгт та итгэдэг үү?
«Тэр бол Хад, Түүний үйлс нь төгс. Түүний бүх зам мөр нь шударга. Итгэмжит Бурханд худал хуурмаг үгүй. Тэр бол зөвт бөгөөд шударга» (Д.ХУУЛЬ 32:4).
ДУУ 152 Бидний хүч, бидний найдвар, бидний итгэл
ТОЙМa
1, 2. а) Эрх мэдэлтэнд итгэх нь өнөөгийн хүмүүст яагаад бэрх байдаг вэ? б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?
ӨНӨӨДӨР олон хүн эрх мэдэлтэй хүмүүст барагтай бол итгэдэггүй. Засгийн газар болон хууль эрх мэдэлтэй, баян хүний төлөө үйлчилж, харин ядуу хүмүүсийн эрх ашгийг хамгаалдаггүйг тэд анзаарч мэджээ. Библид энэ тухай «Бусдыг хорлох замаар эрх мэдлийг хэрэгжүүлдэг хүн ч байдаг» гэж үнэн зөв бичжээ (Ном. 8:9). Түүнчлэн шашны зарим удирдагч муу юм хийдгээс болоод хүмүүсийн сэтгэл гонсойж, бүр Бурханд ч итгэхээ больдог. Харин бид Еховад болон томилсон хүмүүст нь итгэхэд нь Библийн суралцагчдадаа туслах учиртай.
2 Гэхдээ суралцагчаас гадна Бурханд олон жил үйлчилж байгаа хүн ч Ехова үргэлж зөв юм хийдэгт итгэх итгэлээ батжуулах хэрэгтэй. Итгэл маань соригдох тохиолдол гардаг. Энэ өгүүллээр 1) Библийн түүхийг уншихад, 2) Еховагийн байгууллагаас заавар ирэхэд, 3) ирээдүйд итгэл хэрхэн соригдохыг ярилцъя.
БИБЛИЙН ТҮҮХИЙГ УНШИХАД
3. Библийн зарим түүхийг уншихлаар Еховагийн талаар юу гэж асууж магадгүй вэ?
3 Бурхны Үгийг уншиж байхад Ехова зарим хүнд яагаад ингэж хандсан юм бол, яагаад ингэж шийдсэн юм бол гэж асууж магадгүй. Жишээлбэл, «Тооллого» номд Амралтын өдрөөр мод цуглуулж байсан израйл эрд Ехова цаазаар авах ял оноосон тухай гардаг. Харин «2 Самуел» номд, түүнээс хойш хэдэн зууны дараа болсон нэг явдал буюу завхайрч, хүн алсан Давид хааныг Ехова уучилсан тухай бичсэн (Тоол. 15:32, 35; 2 Сам. 12:9, 13). Энэ хоёр явдлыг уншихлаар «Ехова яагаад ийм ноцтой нүгэл үйлдсэн Давидыг уучилсан атлаа арай хөнгөн хэрэг хийсэн израйл эрийг цаазалсан юм бол оо?» гэж бодогдох байх. Энэ асуултад хариулахын тулд Библи уншихдаа санаж явах ёстой гурван зүйлийн талаар ярилцъя.
4. Эхлэл 18:20, 21 болон Дэд хууль 10:17-г уншихаар Ехова зөв шийдвэр гаргадагт итгэх итгэл батаждаг гэхийн учир юу вэ?
4 Библид бүх нарийн ширийн зүйлийг бичээгүй. Жишээ нь, Давид үнэн голоосоо гэмшсэнийг бид мэддэг (Дуу. 51:2–4). Харин Амралтын өдрийн хуулийг зөрчсөн тэр израйл эрийн тухайд юу хэлж болох вэ? Гэмээ мэдээд харамссан болов уу? Хэрэг хийхээсээ өмнө ч Бурхны хууль тушаалыг зөрчиж, сэрэмжлүүлгийг нь үл тоомсорлосноор барахгүй бүр дургүйцэж байсан уу? Библид энэ тухай бичээгүй. Гэхдээ бид нэг зүйлд бат итгэдэг. Ехова хэзээд шударга байдаг (Д.хууль 32:4). Хүн сонссоноороо шийддэг, алагчлах үзэл гэх мэтийн нөлөөнд автаад буруу шийдвэр гаргадаг бол Ехова ингэдэггүй. Бүгдийг мэддэг учраас баримт нотолгоонд үндэслэн шийдвэр гаргадаг (Эхлэл 18:20, 21; Дэд хууль 10:17-г уншина). Бид Еховаг болон хэм хэмжээг нь мэдэх тусам зөв шийдвэр гаргадаг гэдэгт нь улам бүр итгэдэг. Библи уншиж байхад хариулж чадахгүй асуулт гарч ирсэн ч бид Бурхнаа маш сайн мэддэг учраас Ехова «Өөрийн бүх замд зөв шударга» гэдэгт итгэдэг (Дуу. 145:17).
5. Төгс бус бид ямар хандлагатай вэ? (Бас «Төгс бусын гайгаар шударга байх талаарх үзэл маань гажуудсан» гэсэн хавсралтыг үзээрэй).
5 Бид төгс бус учраас шударга байх талаар зөв үзэл бодолтой байж чаддаггүй. Бурхан биднийг өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн (Эх. 1:26). Тийм учраас бид бүх хүн нэг нэгэндээ шударга хандаасай гэж хүсдэг. Гэхдээ төгс бус учраас хангалттай баримт нотолгоо байлаа ч асуудлыг буруу дүгнэх хандлагатай. Жишээ нь, Ехова ниневечүүдэд өршөөл үзүүлэхэд Иона яасан их дургүй байсныг санаарай (Иона 3:10—4:1). Харин Еховагийн нигүүлсэнгүй сэтгэлийн ачаар 120 000 гаруй ниневечүүд аврагджээ. Тэгэхээр Ехова биш, Иона буруу үзэлтэй байсан.
6. Ехова бидэнд яагаад гаргасан шийдвэрээ тайлбарлах ёсгүй вэ?
6 Ехова гаргасан шийдвэрээ хүмүүст тайлбарлах албагүй. Эрт үед үйлчлэгчид нь Еховагийн гаргасан, гаргах гэж байгаа шийдвэрийнх нь талаар санаа зовон өөрөөс нь асуудаг байсан. Ехова үүнийг зөвшөөрдөг байснаар үл барам заримдаа шийдвэрийнхээ талаар тайлбарлаж өгдөг байв. (Эх. 18:25; Иона 4:2, 3, 10, 11). Гэхдээ Ехова бидэнд тайлбарлах албагүй. Бидний Бүтээгч учраас ямар нэг юм хийхээсээ өмнө эсвэл хийснийхээ дараа бидэнтэй зөвлөлдөх шаардлагагүй (Ис. 40:13, 14; 55:9).
УДИРДАМЖ ЗААВАР ИРЭХЭД
7. Бидэнд ямар бэрхшээл тулгарч магадгүй вэ? Яагаад?
7 Ехова дандаа зөв шийдвэр гаргадагт бид бат итгэдэг. Гэхдээ томилсон хүмүүст нь итгэх тэр бүр амаргүй байж магадгүй. Бурхны байгууллагын тодорхой эрх мэдэлтэй хүмүүс Еховагийн зааврыг үнэхээр дагадаг уу, эсвэл өөрийнхөөрөө хийдэг үү гэсэн эргэлзээ төрж болох юм. Библи бичигдэж байх үеийн зарим хүн ч ингэж бодож байсан байх. 3-р догол мөрд дурдсан жишээг эргэн саная. Амралтын өдрийн хуулийг зөрчсөн израйл эрийн хамаатан: «Мосе цаазаар авах ял оноохдоо Еховатай үнэхээр зөвлөлдсөн болов уу» гэж бодсон байж болох юм. Бас хит хүн Уриагийн найз: «Давид найзын минь эхнэртэй завхайрсан ч албан тушаалаа урвуулан ашиглаж шийтгэлээс мултарсан байх» гэж бодсон байж магадгүй. Ехова байгууллагад нь, хуралд хариуцлагатай үүрэг гүйцэтгэдэг эрчүүддээ итгэдэг. Тиймээс бид тэдэнд итгэдэггүй бол Еховад итгэдэггүй гэсэн үг юм.
8. Үйлс 16:4, 5-д бичсэнийг өнөөдөр ч баримталдаг гэж яагаад хэлж болох вэ?
8 Ехова байгууллагынхаа дэлхий дэх хэсгийг удирдах үүргийг «итгэмжит, ухаалаг боолд» оноосон (Мат. 24:45). Энэ боол I зууны удирдах зөвлөлийн адилаар дэлхийн өнцөг булан бүрд байдаг Бурхны ард түмнийг удирдаж, хурлын ахлагчдад заавар өгдөг (Үйлс 16:4, 5-ыг уншина). Харин ахлагчид энэ зааврыг хурлаараа дагахад манлайлан оролцдог. Бид байгууллагын болон ахлагчдын зааврыг дагадаг бол Еховад итгэдгээ харуулна.
9. Ямар үед ахлагчдын шийдвэрийг дэмжихэд хэцүү байх вэ? Яагаад?
9 Ахлагчдын гаргасан шийдвэрийг дэмжихэд заримдаа хэцүү байдаг. Жишээ нь, сүүлийн хэдэн жилд дүүрэг болон хурлуудыг дахин зохион байгуулсан. Цуглааны танхимын хүчин чадлыг бүрэн ашиглахын тулд зарим дэлгэрүүлэгчийг өөр хурал руу шилжүүлсэн. Өөр хуралд очно гэхээр найз нөхөд, гэр бүлийнхнээсээ салах хэрэг гардаг. Ахлагчид дэлгэрүүлэгч бүрийг аль хуралд хуваарилах талаар Бурхнаас тодорхой заавар авдаг уу? Үгүй. Ингэж бодохоор ахлагчдын шийдвэрийг дагахад хэцүү санагдаж болох юм. Гэхдээ ийм шийдвэр гаргасан ахлагчдад Ехова итгэдэг учраас бид ч итгэх ёстой.b
10. Еврей 13:17-д бичсэнээр бид яагаад ахлагчидтай хамтран ажиллах ёстой вэ?
10 Бидний сэтгэлд нийцээгүй ч ахлагчдын гаргасан шийдвэрийг яагаад дэмжих учиртай вэ? Яагаад гэвэл хурлаараа эв нэгдэлтэй байхад хувь нэмэр оруулна (Эф. 4:2, 3). Бид бүгд даруу байж, ахлагчдын зөвлөлийн шийдвэрийг дэмждэг бол хурлууд батажна (Еврей 13:17-г уншина). Хамгийн гол нь, биднийг халамжилдаг, итгэлийг нь хүлээсэн хүмүүстэй хамтран ажилладаг бол Еховад итгэдгээ харуулна (Үйлс 20:28).
11. Ахлагчдын өгсөн зааварт бид яагаад итгэдэг вэ?
11 Ахлагчид хурлынхантай хамаатай шийдвэр гаргахдаа агуу хүч гуйн залбирдгийг санадаг бол тэдний өгсөн зааварт итгэнэ. Тэд бас байгууллагаас өгдөг удирдамж зааврыг дагаж, Библийн зарчмыг нямбайлан судалдаг. Ахлагчид Еховад таалагдаж, үйлчлэгчдийг нь халамжлах чин хүсэлтэй. Энэ үнэнч хүмүүс үүргээ хэрхэн биелүүлж байгаагаа Бурхны өмнө тайлагнана гэдгээ мэддэг (1 Петр 5:2, 3). Арьс өнгө, шашин шүтлэг, улс төрийн хувьд хуваагдмал энэ ертөнцөд амьдардаг Еховагийн ард түмэн цорын ганц үнэн Бурхныг эв нэгдэлтэйгээр шүтдэг гээд бодоод үз дээ. Ехова байгууллагаа ивээдэг учраас л ийм байх боломжтой!
12. Ахлагчид нүгэлтний гэмшсэн эсэхийг мэдэж авахдаа юу юуг анхаарч үзэх ёстой вэ?
12 Ехова хурлыг цэвэр ариун байлгах чухал үүргийг ахлагчдад даалгасан. Тиймээс Христийн дагалдагч хүн ноцтой нүгэл үйлдвэл түүнийг хуралд байлгах эсэхийг ахлагчид шийддэг. Үйлдсэн хэрэгтэй нь холбоотой бүхнийг, түүнчлэн нүгэлтэн үнэн голоосоо гэмшиж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай. Тухайн хүн гэмшиж байгаагаа хэлж болох ч хийсэн хэргээ үнэхээр үзэн ядаж байна уу? Дахин ийм хэрэг хийхгүй гэж бат шийдсэн үү? Хэрэв муу нөхдийн нөлөөнд автаад ийм хэрэг хийсэн бол тэднээс холбоогоо таслахад бэлэн үү? Ахлагчид Еховад хандан залбирч, болсон явдал, нүгэлтний хандлагын талаар эргэцүүлэн бодож, Библид энэ тухай юу гэж байдгийг ярилцдаг. Тэгээд нүгэлтнийг хуралд байлгах эсэхийг шийддэг. Зарим тохиолдолд хурлаас хасах шаардлага гардаг (1 Кор. 5:11–13).
13. Дотнын найз юм уу гэр бүлийн гишүүн хурлаас хасагдвал юу гэж санаа зовж магадгүй вэ?
13 Ахлагчдад итгэдэг эсэх маань хэрхэн шалгагдах вэ? Хурлаас хасагдсан хүн таны дотнын хүн биш бол ахлагчдын гаргасан шийдвэрийг хүлээж авахад амар байж болох юм. Гэхдээ дотнын найз юм уу гэр бүлийн тань гишүүн хасагдсан бол яах вэ? Ахлагчид хэрэг явдалтай холбоотой бүх баримт нотолгоог харгалзан үзсэн болов уу, Еховагийн шийдвэр мөн үү гэж санаа зовж болох юм. Юуг бодож үзвэл ахлагчдын гаргасан шийдвэрт зөв хандах вэ?
14. Ахлагчид дотнын хүнийг маань хурлаас хасах шийдвэр гаргавал бид юуг санах хэрэгтэй вэ?
14 Хурлаас хасах арга хэмжээ нь Еховагийнх гэдгийг санах хэрэгтэй. Энэ нь хурлынханд ач тустай. Бас нүгэлтэнд ч тустай байж болох юм. Хэрэв гэмшээгүй нүгэлтнийг хуралд байлгахыг зөвшөөрвөл ноцтой нүгэл үйлдэхэд бусдыг уруу татах аюултай (Гал. 5:9). Түүнчлэн үйлдсэн нүгэл нь хэр ноцтойг болон Еховагийн сайшаалыг хүртэхийн тулд бодол санаа, үйл хэргээ өөрчлөх ёстойгоо ойлгохгүй байж болох юм (Ном. 8:11). Нүгэлтнийг хурлаас хасах шийдвэр гаргахдаа ахлагчид үүрэгт ажилдаа нухацтай, хариуцлагатай ханддаг гэдэгт бид итгэлтэй байдаг. Тэд эртний Израйлын шүүгч шиг «хүний төлөө бус, харин ... ЭЗЭНий төлөө шүүдэг» гэдгээ ойлгодог (Ш.дэд 19:6, 7).
ЕХОВАД ӨНӨӨДӨР ИТГЭДЭГ БОЛ ИРЭЭДҮЙД Ч ИТГЭНЭ
Агуу их гамшгийн үеэр авах зааварт эргэлзэхгүй итгэж, дуулгавартай дагахад юу тус болох вэ? (15-р догол мөрийг үзээрэй)
15. Бид яагаад өнөөдөр Еховагийн удирдамж зааварт урьдынхаасаа ч илүү итгэх ёстой вэ?
15 Энэ тогтолцооны төгсгөл ойртож байгаа учраас Ехова үргэлж зөв юм хийдэгт хэзээ хэзээнээс илүү бат итгэх ёстой. Яагаад? Бид агуу их гамшгийн үеэр хачин жигтэй, ойлгомжгүй, хэрэгжүүлэхэд хэцүү санагдах удирдамж заавар авч магадгүй. Мэдээж Ехова бидэнд шууд хандаж хэлэхгүй. Харин томилсон хүмүүсээрээ хэлүүлнэ. Тэр үед «Энэ заавар үнэхээр Еховагийнх уу? Эсвэл удирдах үүрэг хүлээсэн ах нар өөрсдийнхөө санааг хэлээд байна уу?» гэж эргэлзэх цаг биш шүү. Ирээдүйд болох маш чухал тэр цагт та Ехова болон байгууллагад нь бат итгэх үү? Еховагийн томилсон хүмүүсийн зааварт өнөөдөр хэрхэн ханддаг тань энэ асуултын хариулт болно. Та өнөөдөр авдаг удирдамж зааварт итгэж, дуртайяа дагадаг бол ирээдүйн агуу их гамшгийн үед ч тэгнэ (Лук 16:10).
16. Еховагийн гаргасан шийдвэр зөв гэдэгт итгэх итгэл маань ойрын ирээдүйд хэрхэн соригдох вэ?
16 Энэ тогтолцооны төгсгөлд Ехова шүүх шийдвэр гаргана. Үүнд би хэрхэн хандах вэ гэдгийг одооноос бодох ёстой. Еховад үйлчилдэггүй олон хүн, түүнчлэн Гэрч биш гэрийнхэн маань ч төгсгөл болохоос өмнө Еховад үйлчлэхээр шийднэ гэж бид найддаг. Гэхдээ тэдний талаарх эцсийн шийдвэрийг Ехова Есүсээр дамжуулан Хармагедоны үед гаргана (Мат. 25:31–33; 2 Тес. 1:7–9). Хэн нь Еховагийн өршөөлийг хүртэх вэ, хэн нь хүртэхгүй вэ гэдгийг бид шийдэхгүй нь ойлгомжтой (Мат. 25:34, 41, 46). Бид Еховагийн гаргасан шийдвэр зөв гэдэгт итгэх үү? Эсвэл буруу гэж бодоод бүдрэх үү? Өнөөдөр Еховад итгэх итгэлээ батжуулбал ирээдүйд бүрэн дүүрэн итгэх нь лавтай.
17. Еховагийн шүүх шийдвэр хэрэгжсэний дараа Бурхны шинэ ертөнцөд амьдрал ямар байх вэ?
17 Еховагийн шүүх шийдвэр хэрэгжсэний дараа Бурхны шинэ ертөнцөд амьдрал ямар байхыг төсөөлөөрэй. Хуурамч шашин устгагдаж, хүмүүсийг дарамталж зовоодог байсан улс төрийн болон худалдааны тогтолцоо үгүй болно. Өвдөх, хөгшрөх, дотнын хүнээ үхэлд алдах зэрэг бэрхшээл байхгүй. Сатан болон чөтгөрүүд 1 000 жилийн турш хүмүүст нөлөөлж чадахгүй. Бурхны эсрэг боссон тэдний учруулдаг гай зовлон ур мөргүй болно (Илч. 20:2, 3). Еховад итгэсэндээ бид хэчнээн их баярлаж талархах бол оо!
18. Тооллого 11:4–6; 21:5-д бичсэн израйлчуудын жишээнээс юу мэдэж авах вэ?
18 Еховад итгэх итгэл маань Бурхны шинэ ертөнцөд ч шалгагдах болов уу? Египетийн боолчлолоос чөлөөлөгдсөний дараа израйлчууд яасныг бодоорой. Зарим нь Египетэд идэж байсан шинэхэн жимс ногоо, загас байхгүй гэж гомдоллосон. Бас Еховагийн өгсөн маннаг жигшиж дургүйцсэн (Тооллого 11:4–6; 21:5-ыг уншина). Агуу их гамшиг дууссаны дараа бидэнд ч ийм бодол төрөх болов уу? Дэлхийг цэвэрлэж диваажин болгох нь хэр их ажил болохыг бид мэдэхгүй. Эхэндээ ажил ихтэй, амьдрал тийм ч тав тухтай байхгүй байх. Тухайн үед Еховагийн өгч байгаа юмыг голж гомдоллох болов уу? Нэг зүйл тодорхой. Еховагийн өгч байгаа бүхэнд одоо талархдаг бол ирээдүйд бүр ч их талархана.
19. Энэ өгүүллийн гол санаануудыг та юу гэж дүгнэх вэ?
19 Ехова үргэлж зөв юм хийдэг. Бид үүнд итгэх хэрэгтэй. Мөн Еховагийн итгэлийг хүлээсэн, томилсон хүмүүст нь ч итгэх ёстой. Ехова зөнч Исаиагаар «Үнэнч итгэл ба чимээгүй [«тайван», ШЕ] байх нь та нарын хүч мөн» гэж хэлүүлсэн. Үүнийг үргэлж санаж явцгаая (Ис. 30:15).
ДУУ 37 Бурхны бичүүлсэн ном
a Энэ өгүүллээр, Ехова болон түүний томилсон хүмүүст итгэх итгэлээ батжуулах нь яагаад чухал болохыг үзнэ. Мөн ингэж бат итгэх нь бидэнд өнөөдөр ч, ирээдүйд ч тустайг ярилцана.
b Зарим дэлгэрүүлэгч хүндэтгэх шалтгааны улмаас өөр хуралд шилжихгүй байхаар шийдэж болох юм. «Христиан үйлчлэл»-ийн 2002 оны 11-р сарын дугаарт гарсан «Асуултын хайрцаг»-ийг үзнэ үү (англи).