БҮЛЭГ 10
Үйлчлэлээ өргөжүүлэх арга
ЕСҮС Хаант төрийн тухай сайн мэдээ тунхаглуулахаар шавь нараа илгээхдээ «Ургац арвин боловч ажилчид цөөн байна» гэжээ. Хийх ажил маш их байсан тул «ургацын Эзнээс ажилчид явуулахыг гуйцгаа» хэмээн цааш нь хэлсэн байдаг (Мат. 9:37, 38). Бас сайн мэдээг хэрхэн тунхаглахыг шавь нартаа хэлж өгсөн. Яарах сэтгэлээр хийх ёстойг онцлон «Хүний Хүүг ирэхээс өмнө та нар Израйлын бүх хот тосгонд сайн мэдээ хүргэж амжихгүй» гэжээ (Мат. 10:23).
2 Өнөөдөр ч «ургац арвин» байна. Төгсгөл ирэхээс өмнө Хаант төрийн тухай сайн мэдээг тунхагласан байх ёстой бөгөөд төгсгөл хаяанд ирчихээд байна! (Марк 13:10). Ургацын талбай нь дэлхий гэж бодохлоор бид Есүс болон шавь нартай нь төстэй нөхцөлд байдаг. Гэхдээ тэдэнтэй харьцуулбал илүү том талбайд, өргөн цар хүрээтэй дэлгэрүүлэх болсон. Дэлхий дээр амьдардаг хэдэн тэрбум хүнтэй харьцуулбал бид цөөхүүлээ ч Еховаг тусална гэдэгт огт эргэлздэггүй. Хаант төрийн тухай сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдана. Мөн төгсгөл Еховагийн товлосон цагт ирнэ. Та Бурханд хамаг чадлаараа үйлчлэхийн тулд Хаант төрийн үйл хэргийг амьдралынхаа эн тэргүүнд тавьдаг уу? Үүний тулд ямар зорилго тавьж болох вэ?
3 Ехова үйлчлэгчдээсээ юу хүсдэгийг Есүс хэлэхдээ «Бүхий л зүрх, бүхий л амь амьдрал, бүхий л оюун ухаан, бүхий л хүчээрээ Ехова Бурхнаа хайрла» гэжээ (Марк 12:30). Бид Ехова Бурхандаа үйлчлэхийн тулд амь амьдралаа тэр чигээр нь зориулах учиртай. Өөрөөр хэлбэл Еховагийн төлөө чадах бүхнээ хийн, түүнд чин үнэнч байж, өөрийгөө зориулсныхаа дагуу амьдардгаа батлан харуулна гэсэн үг (2 Тим. 2:15). Хүн бүрийн боломж бололцоо, нөхцөл байдлаас хамаарч үйлчлэлээ өргөжүүлэх янз бүрийн арга байдаг. Ямар ямар арга байдгийг энэ бүлгээр авч үзье. Еховад бүрэн дүүрэн үйлчлэхийн тулд ямар зорилго тавьж болохыг тунгаан бодоорой.
ДЭЛГЭРҮҮЛЭГЧ
4 Үнэнийг хүлээж авсан бүх хүн сайн мэдээ тунхаглах хосгүй завшаан эдэлдэг. Энэ бол Есүсийн шавь нартаа даалгасан гол ажил юм (Мат. 24:14; 28:19, 20). Ер нь Есүс Христийн шавь нар сайн мэдээг хүлээж авмагцаа шууд бусдад ярьж эхэлдэг. Жишээлбэл Андрей, Филип, Корнел болон бусад шавь сонссон зүйлээ хүмүүст шууд хэлж ярьсан байдаг (Ёох. 1:40, 41, 43–45; Үйлс 10:1, 2, 24; 16:14, 15, 25–34). Тэгэхээр баптисм хүртэхээсээ өмнө ч сайн мэдээг бусадтай хуваалцана гэсэн үг үү? Тэгэлгүй яах вэ! Еховаг таньж мэдсэн хүн баптисм хүртээгүй дэлгэрүүлэгч болох шаардлага хангасан цагаасаа эхлэн айлаар дэлгэрүүлэх боломжтой болдог. Бас нөхцөл байдал, боломж бололцоондоо тохируулан янз бүрээр дэлгэрүүлэх үүд хаалга нээгддэг.
5 Баптисм хүртсэн хүн үнэнийг таньж мэдэхэд нь бусдад туслахын тулд чадах бүхнээ хийх нь дамжиггүй. Эрэгтэй эмэгтэй гээд бүх хүн дэлгэрүүлэх ажилд оролцох хүндтэй үүрэг хүлээдэг. Бид бүгдээрээ Бурхны Хаант төрийн үйл хэргийг урагшлуулахын тулд бага ч гэсэн хувь нэмэр оруулах завшаан эдэлдэг. Еховад янз бүрээр үйлчлэх боломжийг алдалгүй ашиглаж, үйлчлэлээ өргөжүүлдэг хүн үнэхээр аз жаргалтай байдаг.
ХЭРЭГЦЭЭТЭЙ ГАЗАР ҮЙЛЧЛЭХ НЬ
6 Танай хурлынхан нэг хэсгээрээ ойр ойрхон явдаг, хэсгээ сайн боловсруулсан байж болох юм. Тийм бол та дэлгэрүүлэгч хэрэгцээтэй газарт нүүж очин, үйлчлэлээ өргөжүүлэхийг бодож байгаа байх (Үйлс 16:9). Та ахлагч юм уу туслах үйлчлэгч бол өөр хуралд таны тус дэм хэрэгтэй байж мэднэ. Эсвэл дүүргийнхээ өөр хуралд яаж тусалж болохыг дүүрэг хариуцагч танд зөвлөж болох юм. Хэрэв та амьдарч буй улсынхаа аль нэг газар үйлчлэхийг хүсвэл салбар танд шаардлагатай мэдээллийг өгнө.
7 Та гадаадад үйлчлэхийг хүсдэг үү? Тийм бол энэ талаар нухацтай бодох хэрэгтэй. Гадаад улсад үйлчлэх тухайгаа ахлагчидтай ярьж болохгүй нь юу билээ? Энэ бол том шийдвэр бөгөөд танд төдийгүй тантай хамт амьдрах хүнд ч нөлөөлөх асуудал шүү дээ (Лук 14:28). Хэрэв та гадаадад удаан хугацаагаар үйлчлэх бодолгүй бол улсынхаа хэрэгцээ ихтэй газар үйлчлэх нь дээр байж болох юм.
8 Зарим улсад, баптисм хүртээд удаагүй эрчүүд хариуцлагатай үүрэг хүлээх нь бий. Ийм даруу эрчүүд хуралд нь нүүж ирсэн туршлагатай ахлагчдад үүрэг даалгавраа өгөх гээд байдаг талтай. Та хэрэгцээ ихтэй улс руу нүүхээр шийдсэн ахлагч бол дараах зүйлийг битгий мартаарай. Таны зорилго бол тухайн нутгийн туршлага багатай ахлагчдыг орлох бус, тэдэнтэй хамтран ажиллах юм. Тэднийг хуралд хариуцлагатай үүрэг хүлээх хүсэл эрмэлзэлтэй болгож, халшрахгүй байхад нь тус дэм болох хэрэгтэй (1 Тим. 3:1). Тухайн нутгийн ахлагчид зарим зүйлийг хийхдээ нутагт тань хийдэг байснаас өөр аргаар хийлээ гэхэд тэвчээртэй байгаарай. Ахлагчаар үйлчлээд хуримтлуулсан туршлагаа ашиглан шинэ хурлынхаа эрчүүдэд тусалж байгаарай. Ингэвэл таныг нутаг руугаа буцах боллоо гэхэд нутгийн эрчүүд хурлынхныгаа анхаарч халамжлах чадвартай болсон байна.
9 Аль хуралд таны тусламж хэрэгтэй байгааг салбар танд мэдэгдэж, хурлуудын жагсаалтыг явуулна. Гэхдээ эхлээд танай хурлын үйлчлэлийн хороо таны талаар бичсэн захиаг салбар луу явуулах хэрэгтэй. Таныг ахлагч, туслах үйлчлэгч, эхлэгч эсвэл дэлгэрүүлэгчийн аль нь ч байсан уг захиаг явуулах хэрэгтэй. Үйлчлэлийн хороо энэ захиаг, таны хүсэлт гаргасан захиатай хамт тухайн орныг хариуцдаг салбар луу илгээдэг.
ГАДААД ХЭЛЭЭР ДЭЛГЭРҮҮЛЭХ НЬ
10 Та үйлчлэлээ өргөжүүлэхийн тулд гадаад хэл, түүний дотор дохионы хэл сурахаар шийдэж болох юм. Хэрвээ тийм бол энэ тухайгаа хурлынхаа ахлагчид болон дүүрэг хариуцагчид хэлээрэй. Тэд танд шаардлагатай зөвлөгөө өгч, урам зориг хайрлана. Гадаад хэлээр дэлгэрүүлэх боломжтой дэлгэрүүлэгч, эхлэгчдэд зориулсан хэлний дамжааг салбарын удирдлага дор зарим дүүрэгт зохион байгуулдаг.
ЭХЛЭГЧ
11 Туслах, байнгын, тусгай эхлэгч болон бусад бүрэн цагаар үйлчилдэг хүмүүст тавигддаг үндсэн шаардлагыг бүх дэлгэрүүлэгч мэддэг байх ёстой. Эхлэгчээр үйлчлэх хүн баптисм хүртсэн, биеэ үлгэр жишээ авч явдаг байхаас гадна сайн мэдээг дэлгэрүүлэх тогтсон цагийн нормыг гүйцэтгэх боломжтой байх хэрэгтэй. Хурлын үйлчлэлийн хороо туслах болон байнгын эхлэгчийн анкетыг хүлээн авч, зөвшөөрөх эсэхийг шийддэг. Харин тусгай эхлэгчийг салбар томилдог.
12 Туслах эхлэгчээр нэг сар эсвэл хэд хэдэн сарын турш үйлчилж болдог. Бас нөхцөл байдалдаа тохируулан тасралтгүй үйлчилж болдог. Дурсах цуглааны улирал, дүүрэг хариуцагчийн эргэлт гэх зэрэг онцгой саруудад туслах эхлэгчээр үйлчлэхийн баяр хөөрийг эдэлдэг хүмүүс олон бий. Зарим маань амралтаараа үйлчилдэг. Баптисм хүртсэн зарим хүүхэд сургуулийнхаа амралтаар туслах эхлэгчийн анкет бөглөх хүсэлтэй байдаг. 3, 4-р сар болон дүүрэг хариуцагчийн эргэлтийн үеэр багасгасан цагийн үндсэн нормтой туслах эхлэгчээр үйлчлэх боломжтой. Юутай ч, та ёс суртахууны өндөр хэм хэмжээ баримталдаг, буруу зуршилгүй, туслах эхлэгчийн цагийн нормыг биелүүлэх боломжтой, нэг юм уу түүнээс олон сар үйлчилж чадна гэж бодож байвал ахлагчид таны анкетыг дуртайяа хүлээж авна.
13 Байнгын эхлэгчээр үйлчлэх шаардлага хангахын тулд жилд гүйцэтгэх ёстой цагийн нормыг биелүүлэх боломжтой байх хэрэгтэй. Байнгын эхлэгч хурлынхантайгаа нягт хамтран ажилладаг байх учиртай. Идэвх зүтгэлтэй эхлэгчид хуралд түшиг тулгуур болж, бусдад цог золбоотой дэлгэрүүлэхэд тусалж, тэр байтугай бусдын эхлэгч болох урам зоригийг бадраадаг. Байнгын эхлэгчээр үйлчлэхийн тулд яах хэрэгтэй вэ? Баптисм хүртээд 6 сар болсон, үлгэр дуурайл үзүүлдэг хүн байх ёстой.
14 Ер нь тусгай эхлэгчийг үр өгөөжтэй дэлгэрүүлдэг байнгын эхлэгчдээс сонгодог. Тийм хүн салбарын томилсон ямар ч газар үйлчлэх боломжтой байх ёстой. Тэднийг ихэнхдээ сонирхсон хүмүүсийг олж, шинээр хурал байгуулах боломжтой алслагдсан хэсгүүд рүү томилдог. Заримдаа хэсгээ боловсруулахад хүн хүч хэрэгтэй хуралд тусгай эхлэгчийг илгээдэг. Дэлгэрүүлэгч хэрэгцээтэй биш байлаа ч жижиг хурлуудад туслуулахын тулд ахлагчаар үйлчилдэг тусгай эхлэгчийг томилох нь бий. Тусгай эхлэгчдэд тодорхой хэмжээний тэтгэмж өгдөг. Түр хугацаагаар томилогддог тусгай эхлэгчид гэж бас бий.
МИССИОНЕР
15 Удирдах Зөвлөлийн Үйлчлэлийн хороо миссионерыг томилдог. Томилогдсон улсынх нь Салбарын хороо тухайн миссионерыг хүн ам ихтэй газар луу илгээдэг. Дэлгэрүүлэх ажлыг урагшлуулж, хурлыг бат бэх болгоход миссионерын оруулдаг хувь нэмэр маш их. Ихэнх миссионер Сайн мэдээ тунхаглагчийн сургуульд сурч бэлтгэгдсэн байдаг. Тэднийг орон байраар хангахаас гадна бусад зардлаа нөхөхөд нь туслах тодорхой хэмжээний тэтгэмж өгдөг.
ДҮҮРЭГ ХАРИУЦАГЧ
16 Удирдах Зөвлөл дүүрэг хариуцагчийг томилдог. Эхлээд дүүрэг хариуцагчийн орлогч болж, туршлага хуримтлуулдаг. Дүүрэг хариуцагчаар үйлчилдэг эрчүүд дэлгэрүүлэх ажилд дуртай, итгэл нэгтнүүдээ хайрладаг хүмүүс байдаг. Бас эхлэгчээр идэвх зүтгэлтэй үйлчилдэг, Библийг нямбай судалдаг, үнэнийг үр дүнтэй заадаг, илтгэл сайн тавьдаг. Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанарыг илэрхийлдэг, аливаад дүн нуруутай, ухаалаг, хэрсүү ханддаг. Гэрлэсэн бол эхнэр нь эхлэгчээр үйлчилдэг, биеэ зөв авч явдаг, бусадтай сайхан харьцдаг байх ёстой. Бас үр өгөөжтэй дэлгэрүүлдэг байхаас гадна нөхөртөө захирагдаж эхнэр хүний үүргээ сайн ойлгодог байх учиртай. Ер нь нөхрийнхөө өмнүүр орж ярих юм уу, бусдын анхаарлыг өөртөө татах ёсгүй. Дүүрэг хариуцагч болон эхнэр нь их шахуу хуваарьтай байдаг тул дүүрэг хариуцагч болох хүсэлтэй хүн бие сайтай байх ёстой. Эхлэгчид дүүрэг хариуцагч болох хүсэлтийг албан ёсоор гаргадаггүй. Харин дүүрэг хариуцагчдад хэлж, хэрэгтэй зөвлөгөөг авч болдог.
СУРГУУЛИУД
17 Сайн мэдээ тунхаглагчийн сургууль: Хараахан яваагүй хэсгээр дэлгэрүүлэх, хурлыг батжуулах дэлгэрүүлэгчид их хэрэгтэй байна. Тиймээс ганц бие эрчүүд, эмэгтэйчүүд болон хосууд тусгай сургалтад суухын тулд Сайн мэдээ тунхаглагчийн сургуульд сурах анкетыг бөглөж болдог. Энэ сургуулийг төгсөгчид улсынхаа хэрэгцээ ихтэй газар байнгын эхлэгчээр томилогддог. Гэхдээ боломжтой хүнд өөр даалгавар өгч, нутагт нь эсвэл гадаад улсад томилдог. Түр хугацаагаар эсвэл байнгын тусгай эхлэгчээр үйлчлэхээр томилогддог хүн ч бий. Сайн мэдээ тунхаглагчийн сургуульд сурах хүсэлтэй эхлэгчид ямар шаардлага хангах ёстойгоо бүсийн чуулган дээр зохион байгуулдаг уулзалтад суугаад мэдэж авдаг.
18 Харуулын Цамхаг Нийгэмлэгийн «Гилеад» Библийн сургууль: Англиар ярьдаг ганц бие эрэгтэй, эмэгтэй болон хосуудыг уг сургуульд урьдаг. Тэд тусгай бүрэн цагийн үйлчлэгчид байх ёстой. Гилеадад уригдсан хүмүүс дэлгэрүүлэх ажлыг урагшлуулж, салбарыг бат бэх болгох чадвартай хүмүүс байх учиртай. Бас итгэл нэгтнүүдтэйгээ баяр хөөртэй үйлчилдэг, Библийн зарчим болон байгууллагын удирдлага зааврыг ойлгож, баримталж сурахад нь бусдад эелдгээр тусалдаг. Энэ сургуульд сурах анкетыг хэн бөглөхийг тухайн улсын Салбарын хороо шийддэг. Гилеадыг төгсөгчид миссионероор эсвэл нутгийнхаа юм уу өөр улсын салбарт үйлчлэх томилолт авдаг.
БЕТЕЛ
19 Бетелд үйлчлэх нь хосгүй завшаан юм. Бетел гэдэг нь «Бурхны өргөө» гэсэн утгатай бөгөөд Еховаг шүтэх шүтлэгийн төв болсон уг газрыг ийн нэрлэсэн нь тун оносон ажээ. Бетелд үйлчилдэг Гэрчүүд Библид үндэслэсэн ном хэвлэл орчуулах, хэвлэх, илгээхтэй хамаатай чухал ажил хийдэг. Дэлхий дахинд буй хурлуудыг удирдан чиглүүлж, анхаарч халамжилдаг Удирдах Зөвлөл бетелчдийн ажлыг маш чухалд үздэг. Бетелд үйлчилдэг орчуулагчид орчуулж буй хэлнийхээ өлгий нутагт ажиллаж амьдардаг. Ингэснээр нутгийн хүмүүсийн өдөр тутмын ярианы хэлээр орчуулах боломжтой юм. Бас орчуулсан ном хэвлэлийг нь ойлгож байгаа эсэхийг шууд мэдэж чаддаг.
20 Бетелд биеийн хүч шаардсан ажил их байдаг. Тийм учраас Бурханд өөрийгөө зориулж, баптисм хүртсэн, бие сайтай, эрүүл чийрэг, залуу эрчүүдийг ихэвчлэн урьдаг. Танай улсыг хариуцдаг салбарт хүн хүч хэрэгтэй, мөн та Бетелийн ажил хийх хүсэлтэй бол ямар шаардлага хангах ёстойгоо хурлын ахлагчдаас мэдэж аваарай.
БАРИЛГЫН АЖИЛ
21 Бурхны эртний ард түмэн Соломоны сүмийг барих ажилд оролцсоны адилаар өнөөдөр ч бид байгууллагынхаа барилга барих ажилд оролцох нь Бурхандаа үйлчлэх нэг арга юм (Х.дээд 8:13–18). Барилгын ажилд сайн дураараа оролцож, цаг зав, хөрөнгө мөнгөө харамгүй зориулдаг идэвх зүтгэлтэй итгэл нэгтнүүд маань олон бий.
22 Та барилгын ажилд хувь нэмэр оруулах боломжтой юу? Хэрэв баптисм хүртсэн, барилгын ажилд оролцох чин хүсэлтэй бол барилгын ажил хариуцдаг эрчүүд танд дуртайяа тусална. Тэр байтугай барилгын ажлын мэдлэг, туршлага багатай байлаа ч тэд таныг сургана. Барилгын ажилд оролцох боломжтойгоо ахлагчдад хэлээрэй. Шаардлага хангасан зарим Гэрч гадаадад очиж, барилгын ажилд сайн дураараа оролцдог.
23 Барилгын ажилд оролцох янз бүрийн боломж бий. Биеэ үлгэр жишээ авч явдаг, тодорхой хэмжээний ур чадвартай, нутагтаа баригдаж буй барилгын ажилд оролцдог Орон нутгийн барилга төлөвлөлтийнхөн гэж бий. Түүнээс гадна сайн дурын барилгачид гэж бий. Тэднийг салбараас томилдог бөгөөд амьдарч буй газраасаа хол газар очиж хоёр долоо хоногоос гурван сар хүртэлх хугацаанд барилгын ажилд оролцдог. Харин урт хугацаагаар томилогддог хүмүүсийг байнгын барилгачид гэдэг. Гадаадад үйлчлэх томилолт авсан байнгын барилгачдыг олон улсын барилгачид гэж нэрлэдэг. Байнгын барилгачид болон сайн дурын барилгачдаас бүрдсэн барилгын багийнхан барилгын ажлыг хариуцдаг. Бас тэдэнд Орон нутгийн барилга төлөвлөлтийнхөн болон тухайн нутгийн хурлынхан тусалдаг. Барилгын багийнхан салбарынхаа нутаг дэвсгэрт ажилладаг бөгөөд нэг барилгыг барьж дуусгаад дараагийнхаа барилгыг барихаар явдаг.
ТА ЯМАР ЗОРИЛГО ТАВЬЖ БАЙНА ВЭ?
24 Хэрэв та Еховад амь амьдралаа зориулсан бол түүнд үүрд мөнх үйлчлэх оргилуун хүсэлтэй биз ээ. Тэр хүслээ биелүүлэхийн тулд ямар зорилго тавьж байна вэ? Зорилго тавих нь хүч чадал, боломж бололцоогоо зөв ашиглахад тустай (1 Кор. 9:26). Бас янз бүрийн завшаантай үүрэг хүлээхийн тулд өөрийгөө бүрэн дайчлахын хэрээр ахиц дэвшил гаргаж, илүү чухал юмыг анхаарна (Флп. 1:10; 1 Тим. 4:15, 16).
25 Элч Паул Еховад үйлчлэх талаар бидэнд дуурайвал зохих сайхан жишээ үлдээсэн (1 Кор. 11:1). Тэрээр Бурханд үйлчлэхийн тулд өөрийгөө бүрэн дайчилдаг байсан. Өөрт нь үйлчлэх олон үүд хаалгыг Ехова нээж өгснийг ойлгодог байв. Паул Коринт хотын итгэл нэгтнүүддээ «Бурхан миний өмнө үлэмж том хаалга нээсэн» хэмээн бичжээ. Бидний өмнө ч «үлэмж том хаалга» нээлттэй байгаа. Итгэл нэгтнүүдтэйгээ мөр зэрэгцэн Ехова Бурхандаа янз бүрээр үйлчлэх, ялангуяа Хаант төрийн тухай сайн мэдээ тунхаглах боломжтой шүү дээ. Гэхдээ бид Паулын адилаар, «үлэмж том хаалгаар» ороход олон эсэргүүцэгчтэй нүүр тулдаг (1 Кор. 16:9). Паул биеэ сайн захирч чаддаг байсан. «Өөрийгөө зовоож, боолчлон захирдаг» хэмээн хэлснийг нь анхаарууштай (1 Кор. 9:24–27). Харин та яадаг вэ?
Зорилго тавих нь хүч чадал, боломж бололцоогоо зөв ашиглахад тустай
26 Боломж бололцоо, нөхцөл байдалдаа тохируулан тавьсан зорилгодоо хүрэхийн тулд хичээж мэрийх хэрэгтэй. Бага залуугаасаа зорилго тавьсны үрээр одоо бүрэн цагаар үйлчилдэг Гэрчүүд олон. Тэднийг бүр хүүхэд байхаас нь эцэг эх нь болон бусад хүн зорилго тавихыг уриалдаг байжээ. Үүний ачаар тэд Еховад үйлчлэн асар их ивээл хүртэж, харамсах зүйлгүйгээр амьдарч байна (Сур. 10:22). Өөр ямар ач тустай зорилго тавьж болох вэ? Долоо хоног бүр дэлгэрүүлэх ажилд оролцох, Библийн хичээлтэй болж хичээлээ үр өгөөжтэй хийх, цуглаандаа илүү сайн бэлдэх зэргийг зорилгоо болгоорой. Үргэлж тууштай байж, үйлчлэлээ гүйцээх нь амин чухал. Ингэдэг бол Ехова Бурхнаа алдаршуулж, түүнд үүрд мөнх үйлчлэх хамгийн гол зорилгодоо хүрнэ (Лук 13:24; 1 Тим. 4:7б, 8).