Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • бх бүлэг 4 х. 36-49
  • Эрх мэдлийг хүндэтгэхийн учир

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Эрх мэдлийг хүндэтгэхийн учир
  • «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь»
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ХЭЦҮҮ БАЙДГИЙН УЧИР
  • ЭРХ МЭДЛИЙГ ХҮНДЭТГЭХИЙН УЧИР
  • ГЭР БҮЛ ДЭХ ЭРХ МЭДЛИЙГ ХҮНДЭТГЭХ НЬ
  • ХУРАЛ ДАХЬ ЭРХ МЭДЛИЙГ ХҮНДЭТГЭХ НЬ
  • ТӨР ЗАСГИЙН ЭРХ МЭДЛИЙГ ХҮНДЭТГЭХ НЬ
  • Эрх мэдэлд яагаад захирагдах хэрэгтэй вэ?
    Бурхнаараа хайрлуулж явъя
  • Өөрөөсөө дээш эрх мэдэлтэй хүмүүсийг хүндлэгтүн
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2000
  • Еховагийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрөгтүн
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2008
  • Та хэний эрх мэдэлд захирагдах ёстой вэ?
    Мөнхийн амь уруу хөтлөх мэдлэг
Илүү дэлгэрэнгүй харах
«Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь»
бх бүлэг 4 х. 36-49
[40-р хуудасны зураг]

БҮЛЭГ 4

Эрх мэдлийг хүндэтгэхийн учир

«Бүх хүнийг хүндэл» (1 ПЕТР 2:17).

1, 2. а) Эрх мэдлийг хүндэтгэх амархан уу? б) Ямар ямар асуултыг авч үзэх вэ?

ЖААХАН хүүхэд дургүй юмаа хийх болоход царай нь хэрхэн хувирахыг та анзаарч байсан уу? Дурамжхан байгаа нь нүүрэн дээр нь бичээстэй байсан биз ээ. Уг нь, аавынхаа хэлэхийг ч сонссон, үгэнд нь орох ёстойгоо ч мэдэж байгаа. Гэтэл хэлснийг нь хиймээргүй санагдаад, нэг л болж өгдөггүй. Үнэндээ, иймэрхүү явдал бидний хэнд маань ч тохиолддог шүү дээ.

2 Ер нь, эрх мэдлийг хүндэтгэх гэдэг амар хэрэг биш ээ. Заримдаа танд өөрөөсөө илүү эрх мэдэлтэй хүнд захирагдах амаргүй санагддаг уу? Тийм бол, ганцхан танд тэгж санагддаг юм биш ээ. Эрх мэдлийг хүндэтгэдэг хүн өнөө үед их ховор болжээ. Гэтэл эрх мэдэлтэй хүмүүсийг хүндэтгэ гэж Библид байдаг (Сургаалт үгс 24:21). Тэгээд ч Бурхны хайран дотор өөрсдийгөө сахья гэвэл энэ тушаалыг биелүүлэх нь амин чухал юм. Үүнээс үүдээд, дараах асуултууд гарч ирж байна. Эрх мэдлийг хүндэтгэх нь яагаад хэцүү байдаг вэ? Ямар учраас Ехова бидэнд тийм тушаал өгсөн бэ? Тушаалыг нь биелүүлэхэд юу туслах вэ? Эрх мэдлийг хүндэтгэдгээ хэрхэн харуулах вэ?

ХЭЦҮҮ БАЙДГИЙН УЧИР

3, 4. Хүн яаж нүгэлтэй, төгс бус болсон бэ? Төрөлхийн нүгэлтэй бидэнд эрх мэдлийг хүндэтгэх нь яагаад хэцүү байдаг вэ?

3 Эрх мэдэлтэй хүнийг хүндэтгэх амаргүй байдгийн хоёр шалтгааныг товчхон ярилцъя. Нэгдүгээрт, бид өөрсдөө төгс бус, хоёрдугаарт, эрх мэдэлтэй хүмүүс бас төгс бус. Хүний түүхийн эхэнд, Адам Ева хоёр Еден цэцэрлэгт Бурхны эрх мэдлийг эсэргүүцсэн тэр үеэс хүн нүгэлтэй, төгс бус болсон. Тэгэхлээр, нүгэл нь эрх мэдлийг эсэргүүцсэнээс үүдсэн аж. Тэр цагаас хойш хүн эрх мэдэлд үл захирагдах төрөлхийн хандлагатай болжээ (Эхлэл 2:15–17; 3:1–7; Дуулал 51:5; Ром 5:12).

4 Төрөлхийн нүгэлтэй хүнд хэцүү байдаг юмны нэг бол даруу зан хөгжүүлж, үргэлж даруу байх явдал юм. Гэтэл бардам болох тун ч амархан. Бурханд олон жил үнэнч үйлчилсэн хүн ч зөрүүд гөжүүд, бардам ихэмсэг болж мэднэ. Израиль ахан дүүстэйгээ хамт олон саадыг амжилттай давсан Кораг санацгаая. Тэрбээр Бурханд үнэнч байсан боловч өндөр дээд эрх мэдэлд шунаж, тухайн үеийн «ямар ч хүнээс илүү... даруу» Мосег ичгүүр сонжуургүйгээр эсэргүүцсэн (Тооллого 12:3; 16:1–3). Бас Уззиа хааныг сана даа. Тэрбээр тахилч биш атлаа Еховагийн сүмд орж, утлага уугиулсан нь бардам занд дийлдсэн хэрэг байв (Шастирын дэд 26:16–21). Эрх мэдлийг хүндэтгээгүй энэ мэтийн хүмүүс эцэстээ хатуу шийтгэл хүртжээ. Тэдний гашуун түүхээс сургамж авч, эрх мэдлийг хүндэтгэхэд саад болдог бардам зантайгаа тэмцэх хэрэгтэй.

5. Төгс бус хүн эрх мэдлийг хэрхэн урвуулан ашигладаг вэ?

5 Нөгөө талаас, хүмүүс эрх мэдлээ урвуулан ашигладаг учир энгийн хүмүүс тэднийг хүндэтгэхээ больдог ажээ. Эрх мэдлээрээ далайлган харгис хэрцгий, зэрлэг догшин, эзэрхэг түрэмгий авирласан, эсвэл эрх мэдлээ урвуулан ашигласан олон хүний бодит жишээ түүхэнд бий (Номлогчийн үгс 8:9). Жишээлбэл, Саул Еховагийн сонгосон хаан болохдоо даруу, сайн хүн байв. Гэтэл бардам занд дийлдэн, атаа хорсолд автаж, Бурханд үнэнч Давидыг хавчиж хяхдаг болсон (1 Самуел 9:20, 21; 10:20–22; 18:7–11). Израилийн түүхэн дэх хамгийн сайн хаадын нэг болсон Давид ч бас эрх мэдлээ урвуулан ашиглаж, хит хүн Уриагийн эхнэрийг булаан авснаа нуун дарагдуулах гэж ямар ч гэм зэмгүй Уриаг галын шугамын тэргүүн эгнээнд явуулж, амийг нь хөнөөлгөдөг (2 Самуел 11:1–17). Ингээд бодохлоор, эрх мэдлийг зөв эдлэх гэдэг төгс бус хүний хувьд үнэхээр амаргүй аж. Тэр тусмаа, Еховаг хүндэтгэдэггүй хүмүүс эрх мэдэлтэй болохлоороо бүр ч их балаг тарьдаг. Британийн нэгэн төрийн зүтгэлтэн харгис хавчлага өдөөсөн католик шашны өндөр цол хэргэмтэй лам хуврагуудыг шүүмжлэн: «Эрх мэдэл завхралд хүргэдэг. Эрх мэдэл хэмжээгүй байх тусам завхрал хязгааргүй байдаг» гэж хэлжээ. Ийм байтал эрх мэдэлтэй хүмүүсийг яагаад хүндэтгэх ёстой вэ? Одоо энэ тухай ярилцъя.

ЭРХ МЭДЛИЙГ ХҮНДЭТГЭХИЙН УЧИР

6, 7. а) Еховаг хайрладаг хүнд ямар хүсэл төрдөг вэ? Яагаад? б) Еховад захирагдах гэж яахыг хэлэх вэ?

6 Эрх мэдлийг хүндэтгэх гол шалтгаан бол Ехова Бурхныг, бусад хүнийг, бас өөрийгөө хайрлах явдал юм. Бид Ехова Бурхнаа бүхнээс илүү хайрладаг учир баярлуулахыг хүсдэг (Сургаалт үгс 27:11; Марк 12:29, 30). Еден цэцэрлэгт самуун дэгдсэнээр Еховагийн хэмжээгүй эрх мэдэл буюу орчлонт ертөнцийг захирах эрхэнд халдсан маргаантай асуудал гарсан бөгөөд эдүгээ ихэнх хүн Сатантай эвсэн нэгдэж, Бурхны эрх мэдлийг эсэргүүцдэг болжээ. Харин бид тэднээс өөр байр суурь баримталж, Еховагийн эрх мэдлийг дуртайяа дэмждэг. Илчлэлт 4:11-ийг уншихлаар өөрийн эрхгүй догдолж, Ехова бол орчлонт ертөнцийн зүй ёсны Захирагч мөн гэдгийг ухааран ойлгодог. Хэмжээгүй эрх мэдлийг нь хүлээн зөвшөөрч, өдөр бүр дуулгавартай байдаг.

7 Еховагийн эрх мэдлийг хүндэтгэх гэдэг нь дуулгавартай байхаас илүү өргөн хүрээтэй ойлголт юм. Бид Бурхандаа хайртай учир дуулгавартай байдаг. Гэхдээ дуртайяа дуулгавартай байхад амаргүй үе ч бас гардаг. Тийм үед Бурханд захирагдах ёстой. Өөрөөр хэлбэл, аавынхаа үгэнд орсон өнөөх жаал хүүгийн адилаар дургүй ч байсан Бурхны тушаалыг биелүүлбэл жинхэнэ утгаар захирагдаж байгаа нь тэр. Есүс ямар ч хэцүү үед Эцэгтээ захирагдан, хүсэл тааллыг нь биелүүлдэг байсныг санацгаая. Тэрбээр Эцэгтээ: «Миний хүсэл бус, харин Таны хүсэл биелэгдэг» гэж хэлсэн байдаг (Лук 22:42).

8. а) Еховад захирагддагаа харуулах ямар ямар арга байдаг вэ? Еховагийн үзэл бодлыг ойлгоход ямар жишээ туслах вэ? б) «Зөвлөгөөг сонсож, сахилгыг хүлээж авахад» юу туслах вэ? (46, 47-р хуудасны хавсралтыг үзнэ үү).

8 Өнөөдөр Ехова бидэнтэй нэгбүрчлэн бус, харин Үгээрээ, дэлхий дэх төлөөлөгчдөөрөө дамжуулан харьцдаг. Тиймээс, христиан хуралд хариуцлагатай үүрэг хүлээн, биднийг удирдах хүмүүсийг Ехова зөвшөөрөн томилдог тул тэднийг хүндэтгэх нь Бурханд захирагдаж буй хэрэг юм. Тэгэхлээр, бидэнд Библийн үндэстэй заавар зөвлөгөө өгч, засаж залруулах гэхэд нь дургүйцэх гэх зэргээр тэднийг эсэргүүцвэл Бурхнаа гомдооно. Израильчуудыг Мосегийн эсрэг гомдол гаргахад нь Ехова үүнийг өөрийг нь эсэргүүцэж байна гэж үзсэн билээ (Тооллого 14:26, 27).

9. Бусдыг хайрладаг хүн эрх мэдлийг хүндэтгэдгийн учрыг жишээгээр тайлбарлана уу.

9 Бид бусдыг хайрладаг учир эрх мэдлийг хүндэтгэдэг. Үүнийг ойлгоход дараах жишээ тусална. Цэргийн хүн бүр дор дороо дээд тушаалын даргаа хүндэтгэн, дуулгавартай байж, тушаалыг нь биелүүлэх эсэхээс амжилт гаргах, амьд мэнд явах эсэх нь шалтгаалдаг. Хэрэв нэг цэрэг дуулгаваргүй загнавал бусад нь аюулд өртөж болох юм. Хүн төрөлхтөнд цэрэг арми нь асар их хохирол учруулдаг. Харин Еховагийн арми үргэлж сайн сайхны төлөө тэмцдэг. Библид Еховаг «түмэн цэргийн ЭЗЭН» гэж олон удаа бичжээ (1 Самуел 1:3). Еховагийн захирдаг армид маш олон тооны сүнсэн бүтээл хүчин зүтгэдэг. Бас дэлхий дэх үйлчлэгчдийг нь цэрэгтэй зүйрлэсэн байдаг (Езекиел 37:1–10). Хэрэв бид Еховагийн томилсон хүмүүсийг эсэргүүцвэл итгэл нэгт сүнслэг дайчдаа аюулд оруулж болзошгүй. Хурлын нэг гишүүн ахлагчдыг эсэргүүцсэнээс болж бусад нь хохирч мэднэ (1 Коринт 12:14, 25, 26). Эцэг эхдээ дуулгаваргүй ганц хүүхдээс болж тэр айл бүхэлдээ зовлон үзэж болох юм. Тэгэхлээр, бусдыг хайрладгаа харуулъя гэвэл эрх мэдэлтэй хүмүүсийг хүндэтгэж, тэдэнд дуулгавартай байх хэрэгтэй.

10, 11. Эрх мэдэлтэй хүнийг хүндэтгэдэг маань юутай холбоотой вэ?

10 Түүнчлэн, бид өөрсдийнхөө тусын тулд эрх мэдлийг хүндэтгэдэг. Ехова бидэнд эрх мэдлийг хүндэтгэхийг тушаагаад зогсохгүй, учир холбогдлыг нь хэлж өгдөг. Тухайлбал, хүүхэд эцэг эхдээ дуулгавартай байвал урт насалж, сайхан амьдарна (Дэд хууль 5:16; Ефес 6:2, 3). Христиан ахлагчдыг үл хүндэтгэвэл Бурхантай тогтоосон харьцаанд маань сэв суух аюултай (Еврей 13:7, 17). Бас төр засгийн эрх мэдэлтнүүдэд захирагддаг хүн тодорхой хэмжээгээр амар тайван амьдардаг (Ром 13:4).

11 Ехова биднийг дуулгавартай байгаасай гэж хүсдэгийн учрыг нэгэнт мэдсэн болохлоор эрх мэдлийг хүндэтгэхэд дөхөм болж байгаа биз. Одоо, эрх мэдлийг хүндэтгэдгээ амьдралын гурван хүрээнд хэрхэн харуулахыг ярилцъя.

ГЭР БҮЛ ДЭХ ЭРХ МЭДЛИЙГ ХҮНДЭТГЭХ НЬ

12. Ехова нөхөр буюу эцэг хүнд ямар үүрэг оноосон бэ? Үүргээ хэрхэн биелүүлэх хэрэгтэй вэ?

12 Ехова гэр бүлийг санаачилсан билээ. Тэрбээр эмх журмын Бурхан учраас гэр бүлд ч гэсэн зохих журам тогтоожээ (1 Коринт 14:33, 40). Ехова нөхөр буюу эцэгт өрхийн тэргүүний үүрэг оноосон. Нөхөр хүн Тэргүүн Христ Есүсээ хүндэтгэж, «чуулган» буюу христиан хурлыг хэрхэн захирдгийг нь дуурайх учиртай (Ефес 5:23). Тиймээс, өрхийн тэргүүн хүн хариуцлагаа ухамсарлан, үүргээ Бурхны тушаасан ёсоор биелүүлж, харгис түрэмгий бус, халамжтай, ухаалаг, сайхан сэтгэлтэй байх ёстой. Бас эрх мэдэл нь хязгаартай буюу Еховагийн эрх мэдлээс давуу биш гэдгийг ямагт санаж явдаг.

Эцэг хүн Христийг дуурайн өрхийн тэргүүний үүргээ биелүүлдэг

13. Эхнэр буюу эх хүн ямар байвал гэр бүлд хүлээсэн үүргээ Еховагийн тушаасан ёсоор биелүүлэх вэ?

13 Эхнэр буюу эх хүн нөхөртөө туслах үүрэгтэй. Библид «эхийн заавар» гэж байдаг нь эмэгтэй хүн гэр бүлд зохих хэмжээний эрх мэдэлтэйг харуулдаг (Сургаалт үгс 1:8). Гэхдээ нөхөртөө захирагдах учиртай. Христиан эмэгтэй нөхрийнхөө эрх мэдлийг хүндэтгэдгээ харуулж өрхийн тэргүүний үүргээ гүйцэтгэхэд нь нөхөртөө тусалдаг. Тийм эмэгтэй нөхрөө дорд үздэггүй, зальжин аргаар өөртөө ашигтай шийдвэр гаргуулах юм уу эрх мэдэлд нь санаархдаггүй бөгөөд нөхрөө дэмждэг. Нөхрийнх нь гаргасан шийдвэр сэтгэлд нь нийцэхгүй бол санал бодлоо эвтэйхэн хэлж болох боловч нөхөртөө захирагдах учиртай. Итгэгч бус ханьдаа захирагдах нь христиан эмэгтэйд тэр бүр амаргүй байдаг ч нөхөртөө захирагддаг бол нөхөр нь Еховаг шүтдэг болж болох юм (1 Петр 3:1).

14. Ямар хүүхэд эцэг эхээ болон Ехова Бурхнаа баярлуулах вэ?

14 Хүүхдийг дуулгавартай байвал эцэг эх нь ч, Ехова Бурхан ч баярладаг. Бас эцэг эх нь олны хүндэтгэлийг хүлээдэг (Сургаалт үгс 10:1). Ганц бие эцэг эхийн хүүхдүүд ч энэ зарчмыг хэрэгжүүлэх ёстой бөгөөд эцэг эхэд нь тэдний тусламж дэмжлэг илүү их хэрэгтэй байдаг. Эцэг эх болон хүүхдүүдийн хэн хэн нь Бурхны оноосон үүргийг биелүүлдэг бол тэр айл амар тайван, аз жаргалтай амьдарч, гэр бүлийг санаачилсан Ехова Бурхныг алдаршуулдаг.

ХУРАЛ ДАХЬ ЭРХ МЭДЛИЙГ ХҮНДЭТГЭХ НЬ

15. а) Еховагийн эрх мэдлийг хүндэтгэдгээ хэрхэн харуулах вэ? б) Хуралд хариуцлагатай үүрэг хүлээдэг хүмүүст дуулгавартай байхад Библийн ямар зарчмууд туслах вэ? (48, 49-р хуудасны хавсралтыг үзнэ үү).

15 Ехова Хүүгээ христиан хурлын Тэргүүнээр томилсон (Колоссай 1:13). Есүс эрх мэдлийнхээ хүрээнд «итгэмжит, ухаалаг боолыг» томилж, Бурхны ард түмний сүнслэг хэрэгцээг хангах үүрэг оноожээ (Матай 24:45–47). Энэхүү боолын ангийг Еховагийн Гэрчүүдийн Удирдах зөвлөл төлөөлдөг. Удирдах зөвлөл І зууны адилаар өнөөдөр ч христиан хурлын ахлагчдад шууд юм уу явуулын харгалзагч гэх мэтийн төлөөлөгчдөөрөө уламжлуулан заавар зөвлөгөө өгдөг. Тэгэхлээр, ахлагчдын эрх мэдлийг хүндэтгэх нь Еховад дуулгавартай байгаа хэрэг юм (Еврей 13:17).

16. Ахлагчдыг ариун сүнсээр томилогддог гэж үзэхийн учир юу вэ?

16 Ахлагчид, туслах үйлчлэгчид бол бидэнтэй л адил, алдаа гаргадаг, төгс бус хүмүүс. Гэхдээ тэд христиан хурлын гишүүдийг сүнслэгээр бат бэх байхад нь туслах үүрэгтэй «хүн бэлгүүд» юм (Ефес 4:8, ШЕ). Ахлагчид ариун сүнсээр томилогддог (Үйлс 20:28). Ингэж үзэх ямар үндэс байна вэ? Нэгдүгээрт, ахлагч болох хүн Бурхны ариун сүнсний удирдлагаар Библид бичигдсэн шаардлагыг хангасан байдаг (1 Тимот 3:1–7, 12; Тит 1:5–9). Хоёрдугаарт, христиан эрэгтэйг ахлагчаар үйлчлэх шаардлага хангасан эсэхийг нь тодорхойлохын тулд ахлагчдын зөвлөл Еховагаас ариун сүнсний удирдлага гуйж залбирдаг.

17. Христиан эмэгтэй баптисм хүртсэн эрэгтэйд оногддог үүрэг гүйцэтгэхдээ толгойдоо юм өмсөх ёстойн учир юу вэ?

17 Хурлын үйл ажиллагааг, тухайлбал, дэлгэрүүлэх ажлын цуглаан удирдан явуулах ахлагч юм уу туслах үйлчлэгч байхгүй байж болох юм. Тийм үед, баптисм хүртсэн эрэгтэй цуглаан явуулж болдог. Гэтэл баптисм хүртсэн эрэгтэй ч байхгүй бол төлөвшсөн христиан эмэгтэй дэлгэрүүлэх ажлын цуглааныг хөтөлж болно. Ийнхүү, баптисм хүртсэн эрэгтэй хүнд оногддог үүрэг гүйцэтгэх болбол христиан эмэгтэй «толгойгоо бүтээх» буюу толгойдоо юм өмсөх ёстойa (1 Коринт 11:3–10). Энэ нь Еховагийн тогтоосон тэргүүллийн зарчмыг гэр бүлдээ ч, хуралд ч хэрэгжүүлдгээ харуулж байгаа хэрэг юм.

ТӨР ЗАСГИЙН ЭРХ МЭДЛИЙГ ХҮНДЭТГЭХ НЬ

18, 19. а) Ром 13:1–7-д бичсэн зарчмыг тайлбарлана уу. б) Төр засгийн эрх мэдлийг хүндэтгэдгээ хэрхэн харуулах вэ?

18 Жинхэнэ христианууд Ром 13:1–7-д бичсэн зарчмыг чин сэтгэлээсээ хэрэгжүүлдэг. Энд байгаа «дээд эрх мэдлүүд» гэдэг үгээр төр засгийн эрх мэдлийг хэлсэн нь тодорхой харагддаг. Ехова дээд эрх мэдэл буюу хүний төр засгийг одоохондоо байлгаж байгаа бөгөөд төр засаг нийгэмд эмх журам тогтоож, олон нийтэд шаардлагатай үйлчилгээ үзүүлэх чухал үүрэг гүйцэтгэдэг. Христиан хүн дээд эрх мэдлийг хүндэтгэдгээ харуулж, хууль дүрмийг биелүүлдэг. Татвар хураамжийг хуулийн дагуу төлж, төр засгийн байгууллагад өгөх бичиг баримтыг үнэн зөв бичиж бөглөн, иргэний, гэр бүлийн гэх мэтийн хуулийг сахиж, ажил алба явуулахдаа ч, эд хөрөнгө эзэмшихдээ ч хууль ёсыг мөрддөг. Гэхдээ төр засгийн байгууллагаас Бурхны хуультай зөрчилдсөн шаардлага тавивал бид І зууны элч нарыг дуурайн, «хүнийг дагахаасаа илүү Бурхныг дагах ёстой» (Үйлс 5:28, 29; 42-р хуудасны «Хэнд дуулгавартай байх ёстой вэ?» гэдэг хавсралтыг үзнэ үү).

ХЭНД ДУУЛГАВАРТАЙ БАЙХ ЁСТОЙ ВЭ?

Библийн зарчим: «ЭЗЭН [Ехова] бол бидний шүүгч, ЭЗЭН [Ехова] бол бидний хууль тогтоогч, ЭЗЭН [Ехова] бол бидний хаан мөн» (Исаиа 33:22).

Дараах асуултыг бодож үзнэ үү

  • Еховагийн тогтоосон хэм хэмжээг зөрчихийг шаардвал би яах вэ? (Матай 22:37–39; 26:52; Иохан 18:36).

  • Еховагийн хууль тушаалыг биелүүлэхийг хоригловол би яах вэ? (Үйлс 5:27–29; Еврей 10:24, 25).

  • Эрх мэдэлтэй хүмүүст чин сэтгэлээсээ дуулгавартай байхад юу туслах вэ? (Ром 13:1–4; 1 Коринт 11:3; Ефес 6:1–3).

19 Төр засгийн эрх мэдлийг хүндэтгэдгээ харуулах бас нэг арга бол биеэ зөв авч явах явдал юм. Заримдаа төр засгийн өндөр албаны хүмүүстэй нүүр тулан уулзах хэрэг гардаг. Тухайлбал, элч Паул Херод Агрийп хаан болон амбан захирагч Фест нарын төрийн түшмэлтэй уулзаж байсан. Тэрбээр тэдний хийсэн буруу хэргийг мэдэж байсан ч тэдэнд хүндэтгэлтэй хандсан (Үйлс 26:2, 25). Бид Паулыг дуурайн, өндөр албан тушаалтныг ч, хэсгийнхээ цагдааг ч хүндэтгэн харьцах хэрэгтэй. Христиан хүүхэд залуус сургуулийнхаа багш нар болон бусад ажилчдыг хүндэтгэх ёстой. Итгэл үнэмшлийг маань сайшаадаг хүмүүст төдийгүй биднийг эсэргүүцдэг хүмүүст ч хүндэтгэлтэй хандах учиртай. Тэгвэл итгэгч бус хүн ч бидний биеэ зөв авч явдгийг анзаарах биз ээ (Ром 12:17, 18; 1 Петр 3:15).

20, 21. Бусдыг хүндэтгэхийн ач тус юу вэ?

20 «Бүх хүнийг хүндэл» гэж элч Петр бичжээ (1 Петр 2:17). Тиймээс, бусдыг чин сэтгэлээсээ хүндэтгэж байцгаая. Чин сэтгэлийн хүндэтгэл хэнд ч сайхан санагдах нь дамжиггүй. Өнөөгийн нийгэмд бусдыг хүндэтгэдэг хүн ховор болсон ч христианууд бид бусдыг хүндэтгэж байх учиртай. Тэгсэн цагт, «Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцгийг тань алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг» хэмээсэн Есүсийн тушаалыг биелүүлнэ (Матай 5:16).

21 Өнөөгийн түнэр харанхуй ертөнцөд ч сүнслэг гэрэл рүү ирэх чин сэтгэлтэй хүмүүс байгаа. Тиймээс, бид гэр бүлийнхэн, итгэл нэгтнүүд болон бусад хүнд хүндэтгэлтэй ханддаг бол чин сэтгэлтэй хүмүүс бидэнд татагдаж, бидэнтэй хамт гэрэлд алхахыг хүсэж болох юм. Тэгвэл мөн ч сайхан даа! Гэхдээ хүмүүс бидэнтэй нэгдэхгүй байлаа ч, баярлах шалтгаан бас бий. Бусдыг хүндэтгэдэг маань Ехова Бурханд таалагддаг бөгөөд хайран дотор нь өөрсдийгөө сахихад тустай. Үүнээс илүү шагнал байна гэж үү?

a Энэ зарчмыг хэрхэн хэрэгжүүлэхийг 209–212-р хуудасны хавсралтаас дэлгэрэнгүй үзнэ үү.

«ЗӨВЛӨГӨӨГ СОНСОЖ, САХИЛГЫГ ХҮЛЭЭЖ АВ»

Сатаны сүнс буюу эрх мэдлийг эсэргүүцэх, дур зоргоороо авирлах хандлага өнөөгийн нийгмийг бүхэлд нь эзэлжээ. Тийм ч учраас, Библид Сатаныг «агаарын хүчний ноёрхогч» хэмээгээд түүнээс үүдэлтэй хандлага нь «эдүгээ дуулгаваргүй хөвгүүд дотор ажиллаж буй» гэж бичсэн байдаг (Ефес 2:2). Хэнд ч захирагдахгүй, хараат бус байхыг хүсдэг хүн өнөөдөр олон болжээ. Ийм хандлагад автсан хүн христиануудын дунд ч мэр сэр байдаг нь харамсалтай. Тухайлбал, садар самуун юм уу хүчирхийллийг сурталчилсан кино, нэвтрүүлэг зэргийг үзэхийн аюулаас сэрэмжлүүлсэн ахлагчийн зөвлөгөөг зарим христиан үл тоомсорлож, зарим нь бүр эгдүүцэн зэвүүцдэг. Христиан хүн бүр Сургаалт үгс 19:20-д бичсэнээр, «зөвлөгөөг сонсож, сахилгыг хүлээж авах» нь зүйтэй. «Тэгвээс амьдралынхаа бүх өдөр мэргэн байх болно».

Энэ зөвлөгөөг хэрэгжүүлэхэд юу туслах вэ? Хүмүүс «зөвлөгөө» болон «сахилга»-д дургүй байдгийн гурван шалтгааныг ярилцъя. Дараа нь Библид ямар сануулга байдгийг авч үзье.

  • «Надад тохирохгүй зөвлөгөө өгсөн» гэж бодогдвол ... Ер нь, хүн бусдын зөвлөгөөг амьдрал ахуйдаа нийцэхгүй гэж үзэх юм уу зөвлөгөө өгсөн хүн өөрийг нь нэг л ойлгохгүй байна гэж бодвол зааж зөвлөснийг нь ойшоож үзэхгүй (Еврей 12:5). Гэтэл бүх хүн төгс бус учраас бид буруу зөрүү бодож байж болох шүү дээ (Сургаалт үгс 19:3). Тиймээс танд тэр зөвлөгөөг өгөх ямар нэг шалтгаан байсан л байж таарна. Тэгэхлээр, ямар учраас тийм зөвлөгөө өгснийг нь нухацтай бодож үзэх хэрэгтэй. Бурхны Үгэнд: «Сургамжийг зууран барь. Алдаж үл болно. Мэргэн ухааныг хамгаал, учир нь тэр бол чиний амь мөн» гэж байдаг (Сургаалт үгс 4:13).

  • «Зөвлөгөө өгсөн арга нь буруу байсан» гэж бодогдвол ... Зөвлөгөө өгөх аргыг Бурхны Үгэнд тодорхой заасан байдаг (Галат 6:1). Гэхдээ «Бүгд нүгэл үйлдсэнээр Бурхны алдарт хүрдэггүй» гэж Библид бас байдаг (Ром 3:23). Төгс зөвлөгөөг төгс хүн л өгч чадна (Иаков 3:2). Ехова бидэнд төгс бус хүмүүсээр зөвлөгөө өгүүлдэг учраас зөвлөгөөг хэрхэн өгч байгааг нь бус, юу зөвлөснийг нь анхаарч, яаж хэрэгжүүлэхээ залбирч байгаад эргэцүүлэн бодох нь ухаалаг хэрэг болно.

  • «Тэр надад зөвлөгөө өгөөд байхдаа яах вэ дээ!» гэж бодогдвол ... Зөвлөгөө өгсөн хүний сул талыг нь бодоод, зөвлөгөөг нь үл тоомсорлодог бол дээр ярилцсан хоёр зүйлийг дахин бодох нь зүйтэй. Насаар ах, зохих хэмжээний туршлага суусан, хуралд хариуцлагатай үүрэг хүлээдэг хүн бусдын зөвлөгөөг хэрэгсдэггүй бол энэ үзлээ засах хэрэгтэй. Эртний Израильд хаан хүн хэдийгээр хамгийн их эрх мэдэлтэй байсан боловч зөнч, тахилч нар болон харьяат албатуудынхаа зөвлөгөөг хүлээн авах ёстой байсан (2 Самуел 12:1–13; Шастирын дэд 26:16–20). Өнөөдөр ч мөн адил Еховагийн байгууллагад төгс бус хүмүүс бусдадаа заавар зөвлөгөө өгөх үүрэг хүлээдэг бөгөөд төлөвшсөн христианууд тэдний үгийг дуртайяа хүлээн авч, хэрэгжүүлдэг. Христиан хүн хуралд хариуцлагатай үүрэг хүлээдэг юм уу бусдаасаа илүү туршлагатай байх тусмаа зөвлөгөөг хүлээн аваад хэрэгжүүлэн, итгэл нэгтнүүддээ дөлгөөн, даруу зангийн жишээ үзүүлдэг байх ёстой (1 Тимот 3:2, 3; Тит 3:2).

Хүн болгонд зөвлөгөө хэрэгтэй. Тиймээс, бидний тусын тулд үнэт зөвлөгөө өгдөг Еховад талархаж, зөвлөгөөг нь дуртайяа хүлээн авч, чин сэтгэлээсээ хэрэгжүүлж байцгаая. Ехова биднийг хайрладаг учраас зааж зөвлөдөг, бид ч Бурхныхаа хайран дотор өөрсдийгөө сахихыг хүсдэг (Еврей 12:6–11).

«УДИРДАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ХҮМҮҮСТ ДУУЛГАВАРТАЙ БАЙЖ, ТЭДЭНД ЗАХИРАГДАГТУН»

Эртний Израилийн ард түмний дунд зохион байгуулалтын арга хэмжээг нэн даруй авах шаардлага гарчээ. Аюул осол ихтэй цөлөөр явж байсан олон сая хүнийг удирдахад Мосегийн хүч хүрэхгүй байв. Тэгээд «Мосе бүх Израилиас чадварлаг хүмүүсийг сонгож, мянгатын дарга, зуутын дарга, тавьтын дарга, аравтын даргаар тавьж, тэднийг ард түмний тэргүүлэгчид болгов» (Египетээс гарсан нь 18:25).

Орчин үеийн христиан хурлын дотор ч мөн адил зохион байгуулалтын арга хэмжээ авдаг. Тухайлбал, ном судлалын хэсэг хариуцах харгалзагч, хурлыг хариуцах ахлагчид, тодорхой тооны хурал хариуцах дүүргийн харгалзагч, хэд хэдэн дүүргийг нийтэд нь хариуцах мужийн харгалзагчийг тус тус томилохоос гадна тухайн улсыг хариуцах хороо юм уу Салбарын хороог байгуулдаг. Ийм зохион байгуулалтын ачаар, хоньчны үүрэг хүлээдэг христиан эрчүүд өөрсдөд нь хариуцуулсан Бурхны хонин сүргийг сайн хариулах боломжтой болдог. Христиан хоньчид Ехова Бурхан болон Есүс Христийн өмнө хариуцлага хүлээдэг (Үйлс 20:28).

Христиан хүн бүр зохион байгуулалтын арга хэмжээг дуулгавартай дагаж, захирагдах ёстой. Хариуцлагатай үүрэг хүлээдэг хүмүүсийг хүндэтгээгүй Диотреф шиг болохыг бид хэзээ ч хүсэхгүй (3 Иохан 9, 10). Харин элч Паулын: «Удирдагчдаа дагаж [«Удирдах үүрэг хүлээсэн хүмүүст дуулгавартай байж», ШЕ] тэдэнд захирагдагтун. Учир нь тэд тооцоо хийгчид адил та нарын сэтгэлийг сэрэмжлэн харгалзаж байдаг. Тэд үүнийг санаа алдалгүйгээр, баяртайгаар хийг. Эс бөгөөс та нарт ямар ч ашиг болохгүй» хэмээн тушаасныг биелүүлэхийг хичээдэг (Еврей 13:17). Зарим христиан хариуцлагатай үүрэг хүлээдэг хүмүүсийн удирдлага заавартай санал нийлбэл дуулгавартай байдаг боловч санал нийлэхгүй юм уу өгсөн зааврынх нь нарийн учрыг ойлгохгүй бол захирагддаггүй. Гэхдээ дуулгавартай байхад амаргүй санагдсан ч тэр удирдлага зааврыг дагаж байвал жинхэнэ ёсоор захирагдаж байгаа хэрэг юм. Тиймээс, «Би хариуцлагатай үүрэг хүлээдэг хүмүүст дуулгавартай байж, захирагддаг бил үү?» гэж дор бүрнээ бодож үзэх хэрэгтэй.

Библид хурлын үйл ажиллагаа явуулах нарийн зааврыг бүгдийг нь тоочин бичээгүй боловч «бүх юм зохистой, эмх журмынхаа дагуу байг» гэж байдаг (1 Коринт 14:40). Удирдах зөвлөл Библийн энэ зөвлөгөөний дагуу, хурлын үйл ажиллагааг эмх журамтай явуулах зорилгоор олон янзын арга хэмжээ авч, удирдлага заавар өгдөг. Хариуцлагатай үүрэг хүлээдэг христиан эрчүүд ч тэр удирдлага зааврыг нь тус тусынхаа хуралд хэрэгжүүлэн, өөрсдийг нь захирдаг хүмүүст «дуулгавартай» байдгаа харуулж, бусдадаа ч сайхан жишээ болдог (Иаков 3:17, ШГ). Ийнхүү христианууд ном судлалын хэсэг, хурал, дүүрэг, муж болон улс орныхоо хэмжээнд эмх журамтай, эв нэгдэлтэй байж, «жаргалтай Бурхныг» алдаршуулдаг (1 Коринт 14:33; 1 Тимот 1:11, ШЕ).

Нөгөө талаас, дуулгаваргүй байх нь ямар хор хөнөөлтэйг Еврей 13:17-д бичсэн Паулын үгнээс ойлгож болно. Хурлын гишүүд дуулгаваргүй байдаг бол хариуцлагатай үүрэг хүлээдэг хүмүүс «санаа алддаг». Уг нь, христиан хуралд хариуцлагатай үүрэг хүлээх нь завшаантай хэрэг боловч эрх мэдлийг хүндэтгэдэггүй, дуулгаваргүй хүмүүсээс болоод ийм үүрэг нь дарамт болж болох юм. Ингэвэл Паулын бичсэнээр «та нарт» буюу хуралд бүхэлд нь хохирол учирдаг. Түүнээс гадна, Бурхны тогтоосон хэм хэмжээнд захирагддаггүй бардам хүн өөрөө ч хохирол амсдаг. Өөрөөр хэлбэл, тэнгэрийн Эцгээсээ холдож хөндийрөн, дотно харьцаагаа алддаг (Дуулал 138:6). Тиймээс, Бурхны тогтоосон журмыг дуулгавартай сахиж, захирагдаж байцгаая.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах