-
Бурхны Хаант төр гэж юу вэ?Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
-
-
ХИЧЭЭЛ 31
Бурхны Хаант төр гэж юу вэ?
Библийн гол сэдэв бол Бурхны Хаант төр юм. Еховагийн байгуулсан Хаант төр анхны санаа зорилгыг нь биелүүлж дэлхийг диваажин болгоно. Тэгвэл Бурхны Хаант төр гэж юу вэ? Захирч эхэлснийг нь юу баталдаг вэ? Юу хийж бүтээсэн бэ? Ирээдүйд юу хийх вэ? Эдгээр асуултын хариуг энэ болон дараагийн хоёр хичээлээр үзнэ.
1. Бурхны Хаант төр гэж юу вэ? Хаан нь хэн бэ?
Ехова Бурхны байгуулсан засгийн газрыг Хаант төр гэдэг. Хаан нь Есүс Христ юм. Тэрбээр тэнгэрээс захирдаг (Матай 4:17; Ёохан 18:36). Библид Есүсийг «Хаан болж ... үүрд захирна» гэсэн байдаг (Лук 1:32, 33). Бурхны Хаант төрийн Хаан Есүс дэлхий дээрх бүх хүнийг захирна.
2. Есүстэй хамт хэн захирах вэ?
Есүс ганцаараа захирахгүй. «Бүх овог, бүх хэл, бүх ард түмэн, бүх үндэстнээс» сонгогдсон хүмүүс бас «хаан болж дэлхийг захирна» (Илчлэл 5:9, 10). Есүсийг дэлхий дээр ирснээс хойш олон сая хүн дагалдагч нь болсон. Тэгвэл тэд бүгдээрээ Есүстэй хамт захирах уу? Үгүй. Тэднээс 144 000 нь л Есүстэй хамт захирна (Илчлэл 14:1–4-ийг уншина уу). Бусад бүх дагалдагч нь Хаант төрийн иргэн болж дэлхий дээрээ амьдарна (Дуулал 37:29).
3. Бурхны Хаант төр бусад засгийн газраас юугаараа давуу вэ?
Иргэдийнхээ эрх ашгийг боддог удирдагчид ч гэсэн зорьсон бүхнээ биелүүлж чаддаггүй. Яваандаа амин хувиа хичээсэн, ард түмнээ гэсэн сэтгэлгүй хүмүүс засгийн эрхэнд гардаг. Харин Бурхан «хэзээ ч усташгүй» нэг Хаант төрийг байгуулсан (Даниел 2:44). Тийм учраас Бурхны Хаант төрийн Хаан Есүс хэзээ ч солигдохгүй. Есүс дэлхийг бүхэлд нь захирна. Бүх хүнд эрх тэгш хандана. Ард иргэд нь ч захирагч шигээ сайхан сэтгэлтэй, халамжтай, шударга байна (Исаиа 11:9-ийг уншина уу).
УХАЖ ОЙЛГОЁ
Бурхны Хаант төр бусад засгийн газраас юугаараа давуу болохыг мэдэж аваарай.
4. Бурхны Хаант төр дэлхийг бүхэлд нь захирна
Есүс Христ түүхэн дэх бүх удирдагчаас илүү эрх мэдэлтэй. Матай 28:18-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Есүсийн эрх мэдэл бусад удирдагчийнхаас юугаараа илүү вэ?
Төр засгууд байнга солигдож байдаг. Бас тодорхой хэмжээний газар нутгийг л захирдаг. Тэгвэл Бурхны Хаант төр ямар вэ? Даниел 7:14-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Бурхны Хаант төр үүрд захирах нь ямар давуу талтай вэ?
Бурхны Хаант төр дэлхийг бүхэлд нь захирах нь ямар давуу талтай вэ?
5. Хүний төр засгууд халагдах ёстой
Бурхны Хаант төр хүний засгийн газруудыг яагаад халах ёстой вэ? ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Хүн хүнээ захирсны үр дагавар юу байв?
Номлогчийн үгс 8:9-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Таны бодлоор, хүний төр засгууд халагдаж Бурхны Хаант төр захирах ёстой юу? Яагаад?
6. Хаант төрийн захирагчид ард иргэдээ ойлгодог
Бидний Хаан Есүс хүн байж үзсэн болохоор «мөхөс байдлыг маань ойлгож өрөвддөг» (Еврей 4:15). Тэгвэл Есүстэй хамт захирах 144 000 хүний тухайд юу хэлж болох вэ? Ехова үнэнч эрэгтэй эмэгтэй хүмүүсийг «бүх овог, бүх хэл, бүх ард түмэн, бүх үндэстнээс» сонгосон (Илчлэл 5:9).
Есүс болон хамт захирах хүмүүс нь бидний зовлонг ойлгодог гэж бодохоор танд сайхан санагдаж байна уу? Яагаад?
Ехова төрж өссөн орчин, ахуй амьдралаараа ялгаатай үндэстэн бүрийн хүнийг Есүстэй хамт захируулахаар сонгосон
7. Бурхны Хаант төр хамгийн сайн хуультай
Төр засгууд ард иргэдийнхээ сайн сайхны төлөө хууль гаргадаг. Бурхны Хаант төрийн иргэд бас дагаж мөрдөх хуультай. 1 Коринт 6:9–11-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Бүх хүн Бурхны хуулийг сахиж амьдарвал дэлхий ямар болох бол?a
Таны бодлоор Ехова ард түмнээрээ хуулиа мөрдүүлэх эрхтэй юү? Яагаад?
Бурхны хуулийг сахидаггүй хүмүүс ч засарч өөрчлөгдөх боломжтойг юу баталдаг вэ? (11-р зүйлийг үзнэ үү).
Төр засгууд ард иргэдийнхээ сайн сайхны төлөө хууль тогтоодог. Харин Бурхны Хаант төрийн хууль ямар ч улсын хуулиас илүү
ЗАРИМ ХҮН: «Бурхны Хаант төр гэж юу юм бэ?» гэж асууж болох юм.
Та юу гэж хариулах вэ?
ДҮГНЭЛТ
Бурхны Хаант төр бол тэнгэрээс дэлхийг бүхэлд нь захирах засгийн газар юм.
Давтах асуулт
Хаант төрийн захирагчид нь хэн бэ?
Хаант төр бусад засгийн газраас юугаараа давуу вэ?
Ехова Хаант төрийнхөө иргэдэд ямар ямар шаардлага тавьдаг вэ?
МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ
Бурхны Хаант төр хаана байдаг гэж Есүс хэлсэн бэ?
Еховагийн Гэрчүүд яагаад Бурхны Хаант төрийг хүний засгийн газраас илүү чухалд үздэг вэ?
Есүстэй хамт захируулахаар Еховагийн сонгосон 144 000 хүний талаар Библид юу гэж байдгийг дэлгэрэнгүй мэдэж аваарай.
a Бурхны тогтоосон ёс суртахууны зарим хэм хэмжээг 3-р хэсгээр үзнэ.
-
-
Бурхны Хаант төр захирч байна!Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
-
-
ХИЧЭЭЛ 32
Бурхны Хаант төр захирч байна!
Бурхны Хаант төр 1914 онд тэнгэрт байгуулагдсан. Тэр үеэс хүний засаглалын эцсийн өдрүүд эхэлсэн юм. Ингэж хэлэх ямар үндэс байна вэ? Библид энэ талаар юу гэж зөгнөсөн бэ? 1914 оноос дэлхийн нөхцөл байдал, хүмүүсийн зан араншин яаж өөрчлөгдсөн бэ? Эдгээрийг авч үзье.
1. Библид юу гэж зөгнөсөн байдаг вэ?
Библийн «Даниел» номд «долоон цаг үе» гэсэн тодорхой хугацааны тухай гардаг (Даниел 4:16, 17). Энэ хугацааг дуусахад Бурхны Хаант төр захирч эхэлнэ гэжээ. Хожим нь Есүс энэ хугацааг өөрөөр «үндэстнүүдэд олгосон цаг» гэсэн байдаг (Лук 21:24). Есүсийг дэлхий дээр амьдарч байх үед энэ хугацаа хараахан дуусаагүй байжээ. Харин 1914 онд дууссаныг бид энэ хичээлээр үзнэ.
2. 1914 оноос дэлхийн нөхцөл байдал, хүмүүсийн зан авир ямар болсон бэ?
Шавь нар нь Есүсээс «Таны ирчихээд байгаагийн болон энэ тогтолцооны төгсгөлийн үеийн шинж тэмдэг юу байх вэ?» гэж асуудаг (Матай 24:3). Тэгэхэд нь Есүс, Бурхны Хаант төрийн Хаан болж тэнгэрт захирч эхлэхэд нь юу юу болохыг хэлж өгчээ. Жишээлбэл дайн, өлсгөлөн, газар хөдлөлт болно гэжээ (Матай 24:7-г уншина уу). Мөн Библид «эцсийн өдрүүдэд» хүмүүсийн зан авир муудсанаас болж «хэцүү цаг ирнэ» гэж зөгнөсөн байдаг (2 Тимот 3:1–5). Есүсийн хэлсэн шинж тэмдэг 1914 оноос хойш илэрч байна. Бас хүмүүсийн зан авир илт муудаж байгаа.
3. Хаант төр байгуулагдсанаас хойш дэлхийн нөхцөл байдал яагаад гэнэт муудсан бэ?
Есүс Бурхны Хаант төрийн Хаан болмогцоо тэнгэрт Сатан болон чөтгөрүүдтэй дайтсан юм. Уг дайнд Сатаны талынхан ялагджээ. Энэ тухай Библид «Сатан ... дэлхий рүү хаягдлаа. Түүнтэй хамт тэнгэрийн элчүүд нь ч доош хаягдав» гэж байдаг (Илчлэл 12:9, 10, 12). Сатан удахгүй устгагдахаа мэдэж байгаа учраас уурлан хилэгнэж, хүмүүс бидэнд асар их гай зовлон учруулж байна. Харин Бурхны Хаант төр удахгүй бүх зовлон бэрхшээлийг арилгана.
УХАЖ ОЙЛГОЁ
Бурхны Хаант төр 1914 онд захирч эхэлснийг юу харуулдаг вэ? Хаант төр одоо захирч байгаа гэдэгт итгэдгээ яаж харуулах вэ?
4. 1914 он бол Библийн зөгнөлд үндэслэсэн он
Бурхан эртний Вавилоны хаан Небухаднезарт зүүд зүүдлүүлж, ирээдүйд юу болохыг үзүүлжээ. Энэ зүүд Небухаднезар хааны засаглал болон Бурхны Хаант төртэй хамаатайг Даниел тайлбарласан байдаг (Даниел 4:17-г уншина уу).a
Даниел 4:20–26-г уншина уу. Хүснэгтийг харангаа дараах асуултад хариулаарай.
А) Небухаднезар хаан юу зүүдэлсэн бэ? (20, 21-р зүйлийг үзнэ үү).
Б) Тэр модыг яасан бэ? (23-р зүйлийг үзнэ үү).
В) «Долоон цаг үеийг» дуусахад юу болно гэсэн байна вэ? (26-р зүйлийг үзнэ үү).
Небухаднезарын зүүдэлсэн мод Бурхны Хаант төртэй ямар холбоотой вэ?
ЗӨГНӨЛ (Даниел 4:20–36)
Засаглал
А) Асар өндөр мод
Засаглал завсарласан нь
Б) «Модыг цавч», «долоон цаг үеийг өнгөртөл байг»
Дахин захирсан нь
В) «Таны хаанчлал бат тогтох болно»
Энэ зөгнөл анх биелсэн нь:
Г) Мод хэнийг төлөөлдөг вэ? (22-р зүйлийг үзнэ үү).
Д) Засаглал нь завсарлахад юу болсон бэ? (Даниел 4:29–33-ыг уншина уу).
Е) «Долоон цаг үе» дуусахад юу болсон бэ? (Даниел 4:34–36-г уншина уу).
ЭХНИЙ БИЕЛЭЛ
Засаглал
Г) Вавилоны хаан Небухаднезар
Засаглал завсарласан нь
Д) МЭӨ 606 оноос хойш хэсэг хугацааны дараа Небухаднезар эрүүл ухаанаа алдаж, төр барьж чадалгүй 7 жил болсон
Дахин захирсан нь
Е) Небухаднезар эрүүл ухаантай болж дахин төр барив
Энэ зөгнөл хоёр дахиа биелсэн нь:
Ё) Мод хэнийг төлөөлдөг вэ? (Шастирын дээд 29:23-ыг уншина уу).
Ж) Тэдний засаглал яаж завсарласан бэ? Есүсийг дэлхий дээр байхад ч завсарласан хэвээрээ байсныг юу баталдаг вэ? (Лук 21:24-ийг уншина уу).
З) Энэ засаглал хэзээ, хаана сэргэсэн бэ?
ХОЁР ДАХЬ БИЕЛЭЛ
Засаглал
Ё) Бурхныг төлөөлөн захирч байсан Израйлын хаад
Засаглал завсарласан нь
Ж) Иерусалим устгагдаж, Израйлын хаадын засаглал 2520 жил завсарлав
Дахин захирсан нь
З) Есүс Бурхны Хаант төрийн Хаан болж тэнгэрт захирч эхлэв
Долоон цаг үе хэр удаан үргэлжилсэн бэ?
Библийн зүйлүүд өөр хоорондоо уялдаатай байдаг учраас харьцуулж үзэх хэрэгтэй. Жишээлбэл Библийн «Илчлэл» номд гурван үе ба хагас үеийг 1260 хоногтой тэнцэнэ гэж байдаг (Илчлэл 12:6, 14). Иймээс долоон цаг үе нь үүнийг хоёроор үржүүлээд 2520 хоногтой тэнцэнэ. Библид нэг хоногоор нэг жилийг хэлэх нь бий (Езекиел 4:6). «Даниел» номд гардаг долоон цаг үеийг энэ зарчмаар тооцдог. Тэгэхээр долоон цаг үе нь 2520 жил болно.
5. 1914 оноос дэлхийн нөхцөл байдал өөрчлөгдсөн
Хаан болсных нь дараа дэлхийн нөхцөл байдал яаж өөрчлөгдөхийг Есүс зөгнөсөн. Лук 21:9–11-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Та эдгээрийн аль нэгийг нь өөрийн биеэр үзэж байсан уу? Эсвэл хаа нэгтээгээс сонсож байсан уу?
Элч Паул хүний засаглалын эцсийн өдрүүдэд хүмүүсийн зан араншин ямар болохыг бичжээ. 2 Тимот 3:1–5-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Таны бодлоор өнөө үед хүмүүс ийм болсон уу?
6. Хаант төр захирч байгаа гэдэгт итгэдгээ батлаарай
Матай 24:3, 14-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Бурхны Хаант төр захирч байгааг батлах ямар чухал ажил одоо өрнөж байна вэ?
Та энэ ажилд яаж оролцож болох вэ?
Бурхны Хаант төр одоо захирч байна. Дэлхийг бүхэлд нь захирах өдөр ойрхон байна. Еврей 10:24, 25-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
«Тэр өдөр ойртож байгаа учир» бид яах хэрэгтэй вэ?
Та амьдралд хэрэгтэй, хүний амь аврах чадалтай мэдээллийг бусадтай хуваалцахгүй гэж үү?
ЗАРИМ ХҮН: «Еховагийн Гэрчүүд 1914 оныг яагаад онцгой он гэдэг юм бэ?» гэж асууж болох юм.
Та юу гэж хариулах вэ?
ДҮГНЭЛТ
Библийн зөгнөл болон дэлхийн нөхцөл байдал Бурхны Хаант төр байгуулагдсаныг баталдаг. Бид энэ тухай дэлгэрүүлж, цуглаанд суудаг бол Хаант төр захирч байгаа гэдэгт итгэдгээ батална.
Давтах асуулт
«Даниел» номд гардаг долоон цаг үе дуусахад юу болсон бэ?
Бурхны Хаант төр 1914 онд байгуулагдсан гэдэгт та яагаад итгэж байна вэ?
Хаант төр одоо захирч байгаа гэдэгт итгэдгээ та яаж харуулмаар байна вэ?
МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ
Матай 24:14-т байдаг зөгнөлийг мэдээд нэг хүний амьдрал яаж өөрчлөгдсөн бэ?
«Би бейсболд юунаас ч илүү дуртай байсан» («Харуулын цамхаг»-ийн түүвэр өгүүлэл, 2017 №3)
«Даниел» номын 4-р бүлэгт бичсэн зөгнөл Бурхны Хаант төртэй холбоотой нь юунаас харагддаг вэ?
«Бурхны Хаанчлал хэзээ захирч эхэлсэн бэ? (1-р хэсэг)» («Харуулын цамхаг», 2014 оны 10–12 сар)
«Даниел» номын 4-р бүлэгт гардаг «долоон цаг үе» 1914 онд дууссан гэж яагаад хэлж болох вэ?
«Бурхны Хаанчлал хэзээ захирч эхэлсэн бэ? (2-р хэсэг)» («Харуулын цамхаг», 2015 оны 1–3 сар)
a Энэ хичээлийн «Мэдлэгээ тэлье» булан дахь сүүлийн хоёр өгүүллийг үзнэ үү.
-
-
Бурхны Хаант төр удахгүй юу хийх вэ?Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
-
-
ХИЧЭЭЛ 33
Бурхны Хаант төр удахгүй юу хийх вэ?
Бурхны Хаант төр тэнгэрт хэдийнээ байгуулагдсан. Тун удахгүй дэлхийг бүхэлд нь захирч, тулгамдаад байгаа бүх асуудлыг шийдвэрлэнэ. Энэ хичээлээр Бурхны Хаант төр юу юу хийхийг авч үзнэ.
1. Хаант төр дэлхий дахинд амар тайван, шударга ёсыг яаж тогтоох вэ?
Бурхны Хаант төрийн Хаан Есүс хорон муу хүмүүс болон засгийн газруудыг Хармагедон гэдэг дайнаар устгана (Илчлэл 16:14, 16). «Тун удахгүй хорон санаатан үгүй болно» гэсэн зөгнөл ийнхүү биелнэ (Дуулал 37:10). Есүс дэлхий дахинд амар тайван, шударга ёсыг тогтооно (Исаиа 11:4-ийг уншина уу).
2. Бурхны хүсэл дэлхий дээр биелэхэд амьдрал ямар болох вэ?
Хаант төр дэлхийг захирахад «Зөв шударга хүн газар нутгийг өвлөж, түүнд мөнхөд оршин суух болно» (Дуулал 37:29). Бүх хүн зөв шударга, Еховаг болон бие биеэ хайрладаг болоход амьдрал ямар болохыг төсөөл дөө. Тэр үед хэн ч өвдөхгүй, бүгд үүрд мөнх амьдарна.
3. Хаант төр хорон муу хүмүүсийг устгасныхаа дараа юу хийх вэ?
Есүс хорон муу хүмүүсийг устгасныхаа дараа 1000 жил захирна. Тэр үед Есүс 144 000 хамтран захирагчтайгаа бүх хүнийг нүгэлгүй, төгс болгоно. 1000 жилийн төгсгөлд дэлхий маань тэр чигээрээ үзэсгэлэнт диваажин болж, Еховагийн хуулийг биелүүлдэг жаргалтай хүмүүсээр дүүрнэ. Тэгээд Есүс Хаант төрийг Эцэгтээ буцаан өгнө. Еховагийн нэр жинхэнэ утгаар ариусна (Матай 6:9, 10). Ехова бол ард түмэндээ санаа тавьдаг сайн захирагч гэдгийг бүгд хүлээн зөвшөөрнө. Эцэст нь Ехова Сатан болон чөтгөрүүдийг, өөрт нь тэрсэлсэн бүх хүнийг устгана (Илчлэл 20:7–10). Ингээд хүмүүс Хаант төрийн захиргаан доор төгс орчинд үүрд жаргалтай амьдарна.
УХАЖ ОЙЛГОЁ
Бурхан санаа зорилгоо Хаант төрөөрөө биелүүлнэ гэдэгт яагаад итгэж болохыг мэдэж аваарай.
4. Бурхны Хаант төр засгийн газруудыг устгана
Хүмүүс «бусдыг хорлох замаар эрх мэдлийг хэрэгжүүлдэг» (Номлогчийн үгс 8:9). Харин Ехова Хаант төрөөрөө шударга бус явдалд цэг тавина.
Даниел 2:44; 2 Тесалоник 1:6–8-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Ехова Есүс хоёр засгийн газруудыг болон дэмжигчдийг нь яах вэ?
Ехова Есүс хоёр шударга юм хийнэ гэдэгт та итгэж байна уу? Яагаад?
5. Есүс бол төгс Хаан
Бурхны Хаант төрийн Хаан Есүс ард иргэдийнхээ сайн сайхны төлөө ихийг хийж бүтээнэ. Тэрбээр хүнийг гэсэн сэтгэлтэйгээ, хүмүүст туслах хүчийг Бурхнаас авснаа дэлхий дээр байхдаа баталсан билээ. Энэ тухай ВИДЕОНООС хамт үзээрэй.
Есүс дэлхий дээр байхдаа Хаант төр ирээдүйд юу хийхийг харуулсан. Та дараах зүйлээс алийг нь биелээсэй гэж хамгийн их хүсэж байна вэ? Холбоотой Библийн зүйлийг нь уншаарай.
ЕСҮС ДЭЛХИЙ ДЭЭР БАЙХДАА:
ЕСҮС ТЭНГЭРЭЭС ЗАХИРАХДАА:
байгалийн хүчийг захирсан (Марк 4:36–41).
байгаль орчны асуудлыг шийднэ (Исаиа 35:1, 2).
олон мянган хүнийг гайхамшгаар хооллосон (Матай 14:17–21).
өлсгөлөнг зогсооно (Дуулал 72:16).
өвчтэй хүмүүсийг эдгээсэн (Лук 18:35–43).
бүх хүнийг цоо эрүүл болгоно (Исаиа 33:24).
хүмүүсийг амилуулсан (Лук 8:49–55).
үхлийг үгүй хийнэ (Илчлэл 21:3, 4).
6. Бурхны Хаант төр гайхалтай ирээдүйг бэлэглэнэ
Ехова хүмүүсийг дэлхий дээр үүрд жаргалтай амьдруулахыг анхнаасаа санаж зорьсон. Энэ зорилгыг нь Хаант төр биелүүлнэ. Ехова Хүү Есүсээрээ санаа зорилгоо хэрхэн биелүүлэхийг ВИДЕОНООС хамт үзээрэй.
Дуулал 145:16-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Ехова «бүх амьтны хүслийг хангана» гэдгийг мэдээд танд ямар санагдаж байна вэ?
ЗАРИМ ХҮН: «Хүн төрөлхтөн санаа нэгтэй байвал дэлхийн тулгамдсан асуудлуудыг шийдэж чадна» гэдэг.
Засгийн газруудын шийдвэрлэж чадахгүй ямар асуудлуудыг Бурхны Хаант төр шийдвэрлэх вэ?
ДҮГНЭЛТ
Хаант төр Бурхны санаа зорилгыг биелүүлнэ. Дэлхий тэр чигтээ диваажин болж, хүмүүс Еховаг мөнхөд шүтнэ.
Давтах асуулт
Хаант төр Еховагийн нэрийг хэрхэн ариусгах вэ?
Хаант төр Бурхны амлалтуудыг биелүүлнэ гэдэгт яагаад итгэж болох вэ?
Та Хаант төрийн хийх бүхнээс алийг нь тэсэн ядан хүлээж байна вэ?
МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ
Армагеддоны талаар дэлгэрэнгүй мэдэж аваарай.
Бурхны Хаант төрийн хүртээх ивээлийг яаж эргэцүүлэн бодож болохыг үзээрэй.
Улс орноо өөд нь татах гэж тэмцэж явсан хүн яагаад төвийг сахидаг болсныг «Есөн шидийн л юм боддог байв» гэдэг намтраас уншаарай.
«Библи хүнийг өөрчилдөг» («Харуулын цамхаг»-ийн түүвэр өгүүлэл, 2012 оны 1-р сарын 1)
-