Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц12 5/15 х. 13-16
  • Ухаант буурлуудтай нөхөрлөсөн минь

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Ухаант буурлуудтай нөхөрлөсөн минь
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • АЛИЙГ НЬ СОНГОХ ВЭ?
  • ӨӨРЧЛӨГДӨХ ХЭРЭГТЭЙ БОЛСОН МИНЬ
  • ГЭНЭТИЙН ЦОХИЛТ
  • БАС НЭГ ГАЙ ДАЙРСАН НЬ
  • ХАМГИЙН ТОМ ТУСЛАМЖ
  • Далан жил нэг иудей хүний хувцаснаас зуурч явна
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
  • Ехова өндөр настай үйлчлэгчдээ хайрлан халамжилдаг
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2008
  • Би сураад л байна
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
хц12 5/15 х. 13-16

Намтар

Ухаант буурлуудтай нөхөрлөсөн минь

Элва Жердийн яриа

70-аад жилийн өмнө манайд нэг зочин ирсэн юм. Аавд хэлсэн тэр хүний үг амьдралыг минь эрс өөрчилж билээ. Тэр дурсамжтай өдрөөс хойш би өдий хүртэл олон хүний дэмээр амьдарч явна. Бас бүхнээс эрхэм найзтай болсон. Одоо энэ тухайгаа ярья.

БИ 1932 онд Австралийн Сидней хотод төрсөн. Эцэг эх минь Бурханд итгэдэг ч сүмд явдаггүй байв. Ээж надад, Бурхан чамайг байнга харж байдаг, дүрсгүйтвэл чинь шийтгэнэ шүү гэж хэлдэг байсан болохоор би Бурхнаас эмээдэг болсон. Библи надад их сонирхолтой санагддаг байв. Нагац эгч минь хагас, бүтэн сайнд манайд ирэхлээрээ Библийн олон сайхан түүхийг ярьж өгнө. Эгчийнхээ ирэхийг хүлээж яддагсан.

Намайг арван хэдтэй байхад аав маань хэдэн ном уншсан юм. Тэр номуудыг ээжид нэгэн настай Еховагийн Гэрч эмэгтэй өгч л дээ. Уншсан юм нь аятайхан санагдаад, аав Еховагийн Гэрчүүдээр Библи заалгахаар болов. Нэг орой аав хичээлээ заалгаж байхдаа намайг сэм чагнаж байгааг мэдчихээд, орондоо орж унт гэв. Тэгтэл манайд ирсэн хүн: «Элваг хичээлдээ суулгаж болно шүү дээ» гэлээ. Энэ үг миний амьдралыг өөрчилж, жинхэнэ Бурхан Еховатай анд нөхөр болохын эхлэлийг тавьсан юм.

Нэг их удалгүй аав бид хоёр цуглаанд очдог болов. Аав маань мэдсэн юмаа амьдралдаа хэрэгжүүлж, өөрчлөгдөж эхэлсэн. Уураа ч барьдаг болсон. Үүнийг хараад ээж Фрэнк ах хоёр цуглаанд очиж эхэлсэн.a Бид дөрөв сүнслэгээр өсөж, баптисм хүртээд Еховагийн Гэрч болцгоосон. Тэр цагаас хойш би олон сайхан буурлуудтай найзалж нөхөрлөх болсон. Тэд маань ямар ч үед надад тусалж байсан.

АЛИЙГ НЬ СОНГОХ ВЭ?

Би арван хэдтэй байхдаа хурлынхаа настай Гэрчүүдтэй дотно болсон юм. Тэдний нэг нь манайд анх ирсэн Алис Плейс байлаа. Эмээ минь юм шиг л байж билээ. Намайг дэлгэрүүлэх ажилд сургаж, баптисм хүртэхийг зөвлөсөн хүн дээ. Би 15-тайдаа энэ зорилгодоо хүрсэн.

Би бас Перси Данам, Маж (Маргарет) Данам гэдэг настай ах эгч хоёртой найзууд болсон юм. Тэдэнтэй нөхөрлөсөн маань миний ирээдүйд ихээхэн нөлөөлсөн. Би математикт дуртай, математикийн багш болохыг маш их хүсдэг байлаа. Перси Маж хоёр 1930-аад оны үед Латвид миссионерээр үйлчилж байсан юм билээ. Европт дэлхийн II дайн дэгдэхэд тэд Австралийн Бетелд үйлчлэх урилга авчээ. Перси Маж хоёр надад чин сэтгэлээсээ санаа тавьдаг байв. Миссионерээр үйлчилж байхад тохиолдсон сэтгэл хөдөлгөм явдлуудаа ярьж өгдөгсөн. Библи заах нь математик заахаас хамаагүй илүү жаргалтай ажил юм байна гэдгийг би ойлгосон. Тэгээд миссионер болохоор шийдлээ.

Миссионер болъё гэвэл эхлээд эхлэгчээр үйлчлэх хэрэгтэй гэж Перси Маж хоёр надад зөвлөв. Тэдний зөвлөснөөр би 1948 онд 16 настайдаа эхлэгч болж, хурлынхаа 10 залуу эхлэгчтэй мөр зэрэгцэн үйлчилж билээ. Манай хурал Сиднейн Харствилл гэдэг жижиг хотод байдаг байв.

Дараагийн дөрвөн жилд нь Шинэ Өмнөд Уэльс болон Куинсландад байдаг өөр дөрвөн хотод эхлэгчээр үйлчлэв. Библи анх заалгасан хүмүүсийн нэг нь Бэтти Ло (одоогийн овог нь Ремнант) байлаа. Бэтти надаас хоёр эгч, их халамжтай охин байж билээ. Хожим нь бид хоёр Сиднейгээс баруун зүгт 230 километрт байдаг Каура гэдэг хотод эхлэгчээр үйлчилсэн. Бид хоёр богинохон хугацаанд хамт байсан ч одоо болтол дотны найзууд хэвээрээ.

Би тусгай эхлэгчээр томилогдоод Каурагаас баруун өмнө зүгт 220 километрт байдаг Наррандера хотод нүүж очсон. Надаас бас хоёр эгч, Жой Леннокс (одоогийн овог нь Хантер) гэдэг идэвх зүтгэлтэй эхлэгчтэй хамт тэнд амьдрах болов. Тэр хотод бид хоёроос өөр Гэрч байхгүй. Жой бид хоёр зочломтгой айлын нэг өрөөг түрээслэв. Нөхрийг нь Рей Айронс, гэргийг нь Эстер Айронс гэнэ. Тэднийх нэг хүү, гурван охинтой. Бүгдээрээ үнэнийг сонирхоно. Рей хүүтэйгээ хамт долоо хоногоор хөдөө явж, хонины ферм дээр ажиллаж, улаан буудай тариална. Эстер охидтойгоо дэн буудал ажиллуулна. Ням гариг болгон Жой бид хоёр Айронсын гэр бүлийнхэн болон тэдний дэн буудалд суудаг 10 гаруй хүнд зориулан маш их хоол хийдэг байлаа. Төмөр замд ажилладаг тэр хүмүүс их өлсчихсөн байдагсан. Ийм маягаар бид хоёр түрээсийнхээ заримыг нь төлчихнө. Дараа нь бүх юмаа угааж цэвэрлэчихээд Айронсынхантай хамт сайхан амттай сүнслэг хоол иднэ дээ. Өөрөөр хэлбэл, долоо хоног бүр «Харуулын цамхаг» сэтгүүл судалдаг байлаа. Рей, Эстер, дөрвөн хүүхэд нь бүгдээрээ үнэнийг хүлээн авч Наррандера хурлын анхны гишүүд болцгоосон.

Би 1951 онд Сидней хотод болсон Еховагийн Гэрчүүдийн чуулганд очсон юм. Тэгээд миссионер болох хүсэлтэй эхлэгчдэд зориулсан тусгай уулзалтад суув. Том асарт болсон тэр уулзалтад 300 гаруй хүн оролцлоо. Бруклины Бетелээс ирсэн Нейтан Норр бидэнтэй ярилцаж, дэлхийн өнцөг булан бүрд сайн мэдээ түгээх шаардлага их байгааг маш тодорхой ойлгуулсан. Бид түүний хэлсэн үг бүрийг анхаарч байлаа. Тэнд суусан олон эхлэгч Номхон далайн өмнөд хэсэг болон бусад газар дэлгэрүүлэх ажлын эхлэлийг тавьсан. 1952 онд 17 Гэрч «Гилеад» сургуулийн 19-р ангид суралцах урилга авсан юм. Тэдний нэг болсондоо сэтгэл их хөдөлж билээ. Миссионер болох мөрөөдөл минь 20-хон настай байхад биелсэн юм даа!

ӨӨРЧЛӨГДӨХ ХЭРЭГТЭЙ БОЛСОН МИНЬ

«Гилеад» сургуульд суралцсаны ачаар Библийн мэдлэг минь нэмэгдэж, итгэл бэхэжсэн. Бас миний зан чанар ч өөрчлөгдсөн. Залуу ч байж дээ. Юманд хэтэрхий өрөөсгөл хандаж, өөрөөсөө ч, өрөөлөөс ч төгс байхыг шаарддаг байв. Зарим юман дээр би хэтэрхий хатуу бодолтой байсан. Жишээ нь, Норр ахыг Бетелийн залуустай бөмбөг тоглож байхыг харчихаад эвэртэй туулай үзсэн мэт гайхаж билээ.

«Гилеад» сургуулийн багш нар олон жилийн туршлагатай, хэрсүү хүмүүс учраас намайг анзаарчихаж. Тэгээд надад санаа тавьж, бодлоо өөрчлөхөд минь тусалсан. Яваандаа би Еховаг хэтэрхий ихийг шаарддаг хатуу Бурхан биш, харин хайр халамжтай, талархах сэтгэлтэй Бурхан гэдгийг ойлгож эхэлсэн. Ангийнхан маань ч надад тусалсан. Нэг нь надад «Элва, Ехова ташуур хэрэглэдэггүй шүү дээ. Битгий ийм хатуу бай л даа!» гэж хэлснийг санаж байна. Шуудхан хэлсэн энэ үг сэтгэлд минь хүрч билээ.

«Гилеад» сургуулиа төгсөхөд надтай нийлээд таван хүн Африкийн Намиби улсад томилогдсон. Удалгүй бид нийт 80 Библийн хичээлтэй болсон. Намибид амьдарч, миссионерээр үйлчлэх сайхан байсан ч «Гилеад» сургуульд хамт суралцаад Швейцарьт томилогдсон нэг залууд би сэтгэлтэй болсон юм. Намибид нэг жил үйлчлээд Швейцарь луу явж, сүйт залуу дээрээ очив. Гэрлэснийхээ дараа нөхөртэйгөө хамт явуулын үйлчлэлд оролцох болсон.

ГЭНЭТИЙН ЦОХИЛТ

Дүүргийн харгалзагч нөхрөө даган таван жил сайхан үйлчилсний дараа Швейцарийн Бетелд үйлчлэх урилга авав. Бетелийн гэр бүлийн гишүүн болж, сүнслэгээр төлөвшсөн, өндөр настай ах эгч нарын дунд ороод үнэхээр сэтгэл хөдөлж билээ.

Гэвч удалгүй миний амьдралд аймшигтай юм тохиолдов. Нөхөр маань надад ч, Еховад ч үнэнч бус болж, намайг хаяад явчихлаа. Тэнгэр ниргэх шиг л болсон! Бетелийн гэр бүлийн өндөр настай найзууд маань намайг хайрлаж, дэмжээгүйсэн бол би тэр хэцүү үеийг яаж давах байсан юм, бүү мэд. Юм яримаар санагдсан үед минь намайг сонсож, амрах хэрэгтэй үед амраадаг байв. Хэлэхийн аргагүй тийм зовлонтой үед тайвшруулах үг хэлж, сайхан сэтгэлээр тусалж дэмжиж байсны ачаар би Еховатай улам дотно болсон.

Зовлон үзэж хатуужсан, өндөр настай найзуудын маань олон жилийн өмнө хэлсэн үг бас санагддаг байв. Тэдний нэг Маж Данам надад «Элва, Еховад үйлчлэх хугацаанд хэцүү юм их үзнэ шүү. Хамгийн хэцүү сорилт ойр дотны хүмүүстэй холбоотой байдаг юм. Гэхдээ чи төгс бус хүмүүст биш, харин Еховад үйлчилж байгаагаа битгий мартаарай!» гэж захисан юм. Маж эгчийн захиас хүнд хэцүү олон сорилтыг давахад тус болсон. Би алдаж эндсэн нөхрөөсөө болж Еховагаас холдохгүй юм шүү гэж бат шийдсэн.

Дараа нь би гэрийнхэнтэйгээ ойр байж, эхлэгчээр үйлчлэхээр Австралийг зорилоо. Олон хоног далайгаар аялахдаа хамт яваа зорчигчидтой Библийн сэдвээр сонирхолтой яриа өрнүүлж явлаа. Тэр хүмүүсийн дунд байсан Арне Жерди гэдэг дуу цөөтэй норвег залуу яриаг маань их л дуртай сонсож байв. Сиднейд очсон хойноо тэр надтай уулзах гэж манайд ирсэн. Арне сүнслэгээр хурдан өсөж, Гэрч болсон. 1963 онд Арне бид хоёр гэрлэж, хоёр жилийн дараа хүүтэй болсон. Хүүг маань Гари гэдэг.

БАС НЭГ ГАЙ ДАЙРСАН НЬ

Арне Гари бид гурав сэтгэл дүүрэн, жаргалтай амьдарч байлаа. Удалгүй Арне байшингаа томсгож, нас өндөр болсон аав ээж хоёрыг минь гэртээ авчрав. Бид хоёрыг гэрлээд зургаан жил өнгөрсний дараа дахин нэг гай дайрав. Арне тархины хорт хавдартай болох нь тогтоогдлоо. Тэгээд туяа эмчилгээ хийлгэж, удаан хугацаагаар эмнэлэгт хэвтсэн учир би өдөр бүр эргэж очдог байв. Арне маань хэсэг сайжирснаа дараа нь бүр дордож цус харвасан. Эмч нар түүнийг хэдхэн долоо хоногийн настай гэж хэлэв. Гэвч тэссэн. Тэгээд сүүлдээ эмнэлгээс гарч, би түүнийг гэртээ асрах болов. Яваандаа Арне хөл дээрээ босож, хурлын ахлагчаар дахин үйлчилсэн дээ. Их баяр баясгалантай, алиа хошин зантай хүн байсан учраас бие нь овоо дээрдсэн, асрахад ч надад амар байсан.

Олон жилийн дараа, 1986 онд Арнегийн бие дахиад муудлаа. Тэр үед эцэг эх маань нас барсан байв. Бид найз нөхдөө бараадаж Сиднейн ойролцоо байдаг үзэсгэлэнт Хөх Уулс руу нүүж очсон. Хожим нь Гари маань Карин гэдэг аятайхан сүнслэг охинтой гэрлээд өвгөн бид хоёртой дөрвүүлээ нэг байшинд амьдаръя гэлээ. Ингээд Арне бид хоёрын амьдарч байсан газраас хэдхэн гудамжны цаана байдаг байшинд бүгдээрээ нүүж оров.

Арне маань амьдралынхаа сүүлийн 18 сар хэвтэрт байж, байнга асруулсан. Би тэр үед ихэнхдээ гэрээс гарч чадахгүй болохоор өдөр бүр хоёр цаг Библи болон Библид үндэслэсэн ном хэвлэл судалдаг байлаа. Тэгээд өөртөө тохиолдоод байгаа зовлонг яаж давах тухай олон сайхан зөвлөгөө мэдэж авсан. Хурлын маань настангууд манайд ирж, үнэхээр их урам хайрладаг байсан. Зарим нь минийх шиг зовлон амсаж байсан хүмүүс. Арне маань дахин амилна гэдэгтээ огтхон ч эргэлзэхгүйгээр 2003 оны дөрөвдүгээр сард нас барсан.

ХАМГИЙН ТОМ ТУСЛАМЖ

Би залуудаа юманд их өрөөсгөл ханддаг байв. Гэвч амьдрал дандаа санаснаар болдоггүйг ойлгосон. Бишгүй их ивээл ч хүртсэн, хоёр ч том гарз хохирол амссан. Нэг хань маань үнэнч бус загнаад намайг орхиод явчихсан. Нөгөө ханиа өвчин, үхэлд алдсан. Энэ бүх хугацаанд янз бүрийн аргаар зөвлөгөө авч, тайвширч байлаа. Хамгийн том тусламж «Эртний Нэгэн» болох Ехова Бурхнаас ирдэг (Дан. 7:9). Ехова зөвлөөгүй бол зангаа засаж, миссионерийн ажлаа баяр хөөртэй хийж чадахгүй байх байсан. Сорилт тулгарахад Еховагийн «хайр энэрэл намайг түшиж», түүний «тайтгарлууд миний сэтгэлийг баясгадаг» байсан (Дуу. 94:18, 19). Бас гэрийнхэн, найз нөхөд минь намайг хайрлан халамжилж, тусалж дэмждэг байсан. Тэд бол үнэхээр «хэцүү цагт дэм болохын төлөө төрсөн» хүмүүс юм (Сур. 17:17). Тэдний ихэнх нь ухаант буурлууд байсан.

«Мэргэн ухаан ахмад настангуудтай байдаг бөгөөд урт удаан амьдрал бол ухаарал» гэж Иов хэлсэн (Иов 12:12). Амьдралаа эргээд бодохлоор Иовын хэлсэн үг яг үнэн. Настан буурлуудтай нөхөрлөж явсны ачаар ухаалаг зөвлөгөө сонсож, сэтгэлийн дэм авч, амьдрал минь баян болсон. Би тэдэнтэй ойр дотно явсандаа их баярладаг юм.

Би одоо 80 хүрч байна. Өөрөө хөгшин болохоор настай хүнд юу хэрэгтэйг илүү сайн ойлгож мэдэрдэг болсон. Одоо ч тэдэн дээр очиж тус дэм болох дуртай. Бас залуу хүмүүстэй нөхөрлөх сайхан шүү. Тэдний эрч хүчтэй, урам зоригтойг харахад сэтгэл сэргэдэг. Зөвлөгөө авах гээд ирж байгаа залуучуудад туслахад сайхан байдаг.

[Зүүлт]

a Элвагийн ах Фрэнк Ламберт Австралид хүн цөөтэй нутагт эхлэгчээр идэвхтэй үйлчилсэн.

[14-р хуудасны зураг]

Наррандера хотод Жой Леннокстой хамт эхлэгчээр үйлчилж байхдаа

[15-р хуудасны зураг]

Элва Швейцарийн бетелчдийн хамт, 1960 он

[16-р хуудасны зураг]

Арнег асарч байхдаа

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах