Дэлхий дээр мөнх амьдрах боломж танд бий
ЯМАР ГАЙХАЛТАЙ ИРЭЭДҮЙ ВЭ! Бүтээгч маань биднийг энэ дэлхий дээр мөнх амьдруулна гэж амладаг. Гэхдээ энэ нь олон хүнд итгэмээргүй санагддаг. «Хүн эрт орой хэзээ нэгэн цагт үхнэ. Үхэл бол хорвоогийн жам» гэж тэд хэлдэг. Зарим хүн «Мөнх амьдрах боломжтой. Гэхдээ энэ дэлхий дээр амьдрахгүй» гэж боддог. «Үхсэнийхээ дараа хүн тэнгэрийн оронд очдог» гэж хэлэх нь ч бий. Та юу гэж боддог вэ?
Юуны өмнө дараах гурван асуултад Библи юу гэж хариулдгийг мэдье. Хүн хэр удаан амьдрахаар бүтээгдсэн бэ? Дэлхий болон хүн төрөлхтний талаар Бурхан анх ямар санаа зорилготой байсан бэ? Хүн яагаад үхдэг болсон бэ?
ХҮНИЙ ХОСГҮЙ ЧАДВАР
Бурхны бүтээсэн амьд бүтээл дотроос хүн л ганцаархнаа хосгүй чадвартай. Яагаад? Бурхан хүнийг л ганцхан өөрийнхөө «дүр төрхөөр» бүтээсэн гэж Библид байдаг (Эхлэл 1:26, 27). Энэ нь юу гэсэн үг вэ? Хайр, шударга ёс гээд Бурхны олон зан чанарыг хүн л ганцаараа илэрхийлэх чадвартай гэсэн үг.
Түүнээс гадна хүн сэтгэн бодох, зөв бурууг ялгаж таних чадвартай. Тийм болохоор бид хязгааргүй уудам орчлон ертөнц, байгалийн сайхныг биширч, уран зураг, дуу хөгжим, яруу найргийг баясан таашаадаг. Хамгийн гол нь хүн Бурхныг таньж мэдэн, дотносон нөхөрлөх чадвартай. Хүн эдгээр зан чанар, авьяас чадвараараа амьтнаас эрс ялгардаг.
Бодоод үз дээ. Бурхан хүнд хязгааргүй хөгжүүлж чадах авьяас чадвар, зан чанарыг өгчихөөд хэдхэн арван жил амьдраасай гэж хүснэ гэж үү? Үнэндээ бол Бурхан хүнийг дэлхий дээрээ мөнх амьдраасай гэж хүсээд гайхалтай олон чадвар, зан чанарыг заяасан.
БУРХНЫ АНХНЫ САНАА ЗОРИЛГО
Зарим хүн «Бурхан хүнийг дэлхий дээр мөнх амьдруулахаар бүтээгээгүй» гэж хэлдэг. Тэднийхээр бол, дэлхий хүнийг Бурхантай хамт тэнгэрт амьдрах уу, үгүй юу гэдгийг нь шийддэг сорилтын талбар, түр зуурын гэр юм. Хэрвээ үнэхээр тийм байсан бол дэлхий дээр болж байгаа энэ бүх муу муухай явдлыг Бурхан учруулсан болж таарна. Гэвч Бурхан хэзээ ч ийм юм хийхгүй. Түүний тухай Библид «Түүний бүх зам мөр нь шударга. Итгэмжит Бурханд худал хуурмаг үгүй. Тэр бол зөвт бөгөөд шударга» гэсэн байдаг (Дэд хууль 32:4).
Бурхан анх дэлхийг ямар зорилготой бүтээсэн бэ? Библид «Тэнгэрүүд бол ЭЗЭНий тэнгэрүүд билээ, харин газар дэлхийг Тэрээр хүний хөвгүүдэд өгсөн» гэж тодорхой бичсэн байдаг (Дуулал 115:16). Бурхан энэ үзэсгэлэнтэй сайхан газар дэлхийг хүн төрөлхтөнд үүрдийн гэр болгож өгсөн. Дэлхийд маань хүнийг утга учиртай, мөнх амьдруулахад хэрэгтэй бүхэн элбэг дэлбэг бий (Эхлэл 2:8, 9).
«Тэнгэрүүд бол ЭЗЭНий тэнгэрүүд билээ, харин газар дэлхийг Тэрээр хүний хөвгүүдэд өгсөн» (Дуулал 115:16).
Хүн төрөлхтний талаарх Бурхны санаа зорилгыг ч гэсэн Библид тодорхой бичсэн байдаг. Тэрбээр анхны хүмүүн хосод «Газар дэлхийг дүүргэн, газрыг эзэмш! ... Газар дэлхий дээр хөдөлдөг бүх амьтдыг захир» гэж айлдсан (Эхлэл 1:28). Тэд дэлхийгээ арчлан тордож, диваажинг өргөжүүлэн тэлэх ямар сайхан даалгавар аваа вэ! Адам, Ева хоёр, тэдний үр удам тэнгэрт биш, энэ дэлхий дээрээ үүрд жаргалтай амьдрах сайхан ирээдүйтэй байжээ.
ХҮН ЯАГААД ҮХДЭГ ВЭ?
Тэгвэл хүн яагаад үхдэг вэ? Библид бичсэнээр хожим нь Сатан Диавол гэгдэх болсон нэгэн тэнгэрийн элч Бурхны санаа зорилгод саад хийхийг оролдсон. Яаж тэр вэ?
Сатан бидний өвөг дээдэс Адам Ева хоёрыг Бурхны эсрэг турхирч өөрийнхөө талд оруулсан. Сатан: «Бурхан та нараас сайн юмыг нууж байна. Та нар зөв бурууг өөрсдөө шийдэх эрхтэй» гэсэн утгатай үг хэлэхэд тэд итгэж Бурханд тэрсэлжээ. Тэгээд юу болсон бэ? Бурхны анхааруулж байснаар тэд диваажин дэлхийд мөнх амьдрах боломжоо алдаж, нас барсан юм (Эхлэл 2:17; 3:1–6; 5:5).
Адам Ева хоёрын тарьсан балгийг хүн төрөлхтөн одоо хүртэл амсаж байна. Бурхны Үгэнд «Нэг хүнээс [Адамаас] болж бүх хүн нүгэлтэй болсон. Нүгэлтэйн улмаас үхдэг болсон. Ийнхүү үхэл бүх хүнд тархжээ» гэж байдаг (Ром 5:12). Бидний өвөг дээдэс Адам Ева хоёр нүгэл, үхлийг өвлүүлсэн учраас л хүн үхдэг болсон. Бурхан хүнийг үхэх тавилантайгаар бүтээгээгүй.
ДЭЛХИЙ ДЭЭР МӨНХ АМЬДРАХ БОЛОМЖ ТАНД БИЙ
Еден цэцэрлэгт гарсан тэрс явдал хүн төрөлхтөн болон дэлхийн талаарх Бурхны санаа зорилгод саад болж чадаагүй. Хайр халамжтай, шударга Бурхан хүн төрөлхтнийг нүгэл үхлийн боолчлолоос чөлөөлөх арга хэмжээ авчээ. Энэ талаар элч Паул: «Нүглийн хөлс бол үхэл. Харин Бурхны бэлэг бол Эзэн Христ Есүсээр дамжуулан өгөх мөнх амь мөн» гэж хэлсэн (Ром 6:23). «Бурхан хүн төрөлхтнийг үнэхээр их хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн. Энэ нь Хүүд итгэдэг хүн бүрийг бүү мөхөөсэй, харин мөнх амьдраасай гэснийх юм» (Ёохан 3:16). Есүс бидний төлөө амиа золиосолж Адамын алдсан бүхнийг эргүүлэн авчирч бидэнд мөнх амьдрах үүд хаалгыг нээж өгсөн юм.a
Дэлхийг диваажин болгоно гэсэн Бурхны амлалт удахгүй биелнэ. Та энэ сайхан ирээдүйг үзье гэвэл Есүсийн хэлсэн үгийг анхаараарай.
Тэрбээр: «Жижиг хаалгаар ор. Яагаад гэвэл сүйрэлд хүргэдэг хаалга нь том, зам нь өргөн. Олон хүн энэ хаалгаар ордог. Харин амь руу хүргэдэг хаалга нь жижиг, зам нь нарийн бөгөөд цөөхөн хүн үүнийг олдог» гэж хэлсэн (Матай 7:13, 14). Таны ирээдүй танаас л шалтгаална. Та яах вэ?
a Золиосны ач тусын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл Еховагийн Гэрчүүдийн хэвлэн гаргасан «Үүрд жаргалтай амьдраарай!» номын 27-р хичээлийг үзнэ үү. Энэ номыг www.jw.org сайтаас үнэгүй татаж авах боломжтой.