НАМТАР
Зүрх алдаагүй
«ААВ», «АХ». Бетелийн залуучууд намайг ийнхүү дотночлон дууддаг юм. Ингэж дуудуулах нь 89-тэй надад сайхан байдаг. 72 жил бүрэн цагаар үйлчилсэн намайг Ехова шагнаж байна гэж боддог. Бурханд үйлчилсэн олон жилийн туршлагадаа үндэслэн залуучуудад «Хэрэв та нар зүрх алдахгүй бол “та нарын ажил шагналтай” гэдэг үнэн шүү» гэж хэлье (Ш.дэд 15:7).
ЭЦЭГ ЭХ, АХ ЭГЧ ДҮҮ НАР
Аав ээж хоёр маань Канадад цагаачилж очсон украин хүмүүс. Тэд Манитоба мужийн Россбурн хотод суурьшжээ. Миний ээж 8 хүү, 8 охин төрүүлсэн. Би 14 дэх нь. Аав минь Библи унших их дуртай хүн байж билээ. Ням гаргийн өглөө бүр бидэнд уншиж өгнө. Харин шашныг хүнээс мөнгө салгах хэрэгсэл гэж үздэг учраас «Сургаал зааж, дэлгэрүүллээ гэж Есүст мөнгө өгч байсан юм уу?» гэж хошигнодог байв.
Бидний найм нь буюу 4 эрэгтэй, 4 эмэгтэй үнэнийг хүлээж авсан. Миний эгч Роуз үхэн үхтэлээ эхлэгчээр үйлчилсэн. Тэрээр нас барахаасаа өмнө хүн бүрд «Чамтай шинэ ертөнцөд уулзмаар байна» гэж хэлэн Бурхны Үгэнд анхаарлыг нь хандуулдаг байсан сан. Тед ах маань эхлээд тамын тухай дэлгэрүүлдэг байв. Ням гаргийн өглөө бүр радиогоор номлож, нүгэлтнүүд галт тамд мөнхөд тарчилна шүү гэж байнга анхааруулна. Харин хожим нь Еховагийн үнэнч, идэвх зүтгэлтэй үйлчлэгч болсон.
БҮРЭН ЦАГААР ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛСЭН МИНЬ
1944 оны 6 дугаар сарын нэгэн өдөр хичээл тараад гэртээ иртэл «Айсуй ертөнцийн сэргэн мандалт»a гэдэг товхимол хоолны ширээн дээр байж байлаа. Эхний хуудас, дараагийн хуудас гэсээр товхимлоо бүгдийг нь уншиж дуусгав. Тэгээд Есүсийг дуурайн Еховад үйлчилье гэж бат шийдлээ.
Энэ товхимол хаанаас гараад ирэв? Ном, товхимол зарж явсан хоёр эрэгтэй манайд ирсэн гэж Стив ах хэлэв. «Наадхыг чинь 5-хан цент болохоор нь авсан юм» гэлээ. Нөгөө хоёр хүн бүтэн сайнд дахин ирэв. Өөрсдийгөө Еховагийн Гэрчүүд гэж танилцуулаад, асуулт байвал Библид үндэслэн хариулдаг юм гэж хэллээ. Бид эцэг эхийнхээ ачаар Бурхны Үгийг үнэлж хүндэлдэг болсон учраас надад таатай санагдав. Бас Еховагийн Гэрчүүдийн чуулган Элси эгчийн амьдардаг Виннипег хотод удахгүй болохыг тэднээс дуулаад би чуулганд очихоор шийдлээ.
Манай хотоос Виннипег хүртэл 320 километр зайтай. Би дугуйгаа унаад гарав. Харин замдаа, манайд ирсэн хоёр Гэрчийн амьдардаг Кэлвүүд гэдэг газар хоносон юм. Тэнд байхдаа цуглаанд сууж, хурал гэж юу байдгийг мэдэж авлаа. Бас эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу гэлтгүй бүх хүн Есүсийг дуурайн айлаар дэлгэрүүлэх ёстой байдгийг ойлгов.
Хойд Онтариогоос чуулганыг зорьж ирсэн Жек ахтайгаа Виннипегт тааралдав. Чуулганы эхний өдөр баптисмын тухай зарлал хэллээ. Жек ах бид хоёр энэ чуулган дээр баптисм хүртэхээр болов. Тэгээд даруйхан эхлэгч болно гэж хоёулаа шийдсэн юм. Чуулганы дараагаас л Жек ах эхлэгчээр үйлчилж эхэлсэн. Тэр үед би 16-тай, сургуулийн сурагч байлаа. Тиймд сургуульдаа явах хэрэгтэй байв. Харин хойтон жил нь эхлэгч болсон.
ИХ ЮМ СУРСАН МИНЬ
Манитоба мужийн Сурис гэдэг газар Стэн Николсонтой хамт эхлэгчээр үйлчилдэг боллоо. Эхлэгчээр үйлчлэх нь тийм ч амархан биш гэдгийг удалгүй мэдэв. Мөнгө маань дуусаж байсан ч дэлгэрүүлсээр л байлаа. Нэг удаа бид хоёр, өдөржингөө дэлгэрүүлээд үхтэлээ өлсчихсөн, халаасандаа сохор зоос ч үгүй, гэртээ ирэв. Гэтэл үүдэнд шуудай дүүрэн идэх юм байлаа! Ямар их баярласан гэж санана! Хэн тавьсныг одоо ч мэдэхгүй. Хаан шиг л идэж билээ. Зүрх алдалгүй яваад л байсны маань шагнал байв. Сонирхолтой нь, тэр сард миний жин анх удаа нэмэгдсэн.
Хэдэн сарын дараа бид хоёрыг Сурисаас хойш 240 километрт байдаг Гилбэрт Плэйнс гэдэг газар томилов. Тэр үед хурал бүр тайзан дээрээ том хүснэгттэй байлаа. Тухайн хурлын дэлгэрүүлэх ажлын тоон үзүүлэлтийг сар сараар нь бичсэн байдаг. Нэг удаа манай хурлынхны идэвх эрс буурсан юм. Тийм учраас би илтгэл тавьж, илүү их хичээх хэрэгтэйг онцолж ярив. Цуглааны дараа Гэрч биш нөхөртэй эхлэгч эгч над дээр ирээд уйлж «Уг нь би их хичээсэн. Даанч илүү юм хийж чадсангүй» гэж билээ. Тэгэхээр нь би уйлж, тэр эгчээс уучлал гуйсан юм.
Залуу эрчүүд эрч хүчтэй, эрс шийдэмгий болохоор алдахдаа ч амархан, үүнээсээ болоод гуньж гутрах нь ч их байдаг юм билээ. Гэхдээ зүрх алдаж гараа унжуулахын оронд алдаанаасаа сургамж авч урагш давших хэрэгтэйг би туршлагаасаа ойлгосон. Үнэнч үйлчилсээр байвал шагнал хүртэх нь гарцаагүй.
«КЭБЭКИЙН ТУЛААН»
Гилеад сургуулийн 14 дэх ангид суралцах завшаан 21 настай надад тохиолоо. Би 1950 оны 2 дугаар сард сургуулиа дүүргэв. Манай ангийнхны дөрөвний нэг нь Канадын Кэбэк мужид томилогдсон. Хүн амын ихэнх нь францаар ярьдаг энэ мужийн Гэрчүүд шашны харгис хавчлагад өртөөд байсан үе. Намайг Вальдор гэдэг алтны уурхайтай жижиг хотод томилов. Нэг өдөр бидний хэдэн Гэрч Валь-Сенневилл гэдэг зэргэлдээх тосгонд дэлгэрүүлэхээр очсон юм. Тосгоноос нэн даруй явахгүй бол хүч хэрэглэнэ гэж нутгийн санваартан сүрдүүлэв. Үүнээс болоод би шүүхэд зарга мэдүүлэхэд хүрсэн юм. Нөгөө санваартныг торгож, шийтгэсэн.
Энэ явдал болон үүнтэй төстэй олон хэрэг «Кэбэкийн тулаан»-ы нэгээхэн хэсэг байсан. Кэбэк муж Ромын католик шашны эрхшээлд 300 гаруй жил байжээ. Католикийн санваартнууд улс төрийн холбоотнуудтайгаа нийлж Еховагийн Гэрчүүдийг хавчдаг байв. Тэр хэцүү цагт бид цөөхүүлээ байсан ч зүрх алдаагүй. Чин сэтгэлтэй кэбэкчүүд үнэнийг хүлээж авсан. Би нэлээн хэдэн Библийн хичээлтэй байв. Бүр арван ам бүлтэй айлд очиж хичээл заадаг байлаа. Арвуулаа Еховад үйлчилдэг болсон. Зоригтой, тууштай байгаа тэднийг харсан зарим хүн католик сүмээсээ гарч билээ. Бид дэлгэрүүлсээр байгаад ялалт байгуулсан!
АХ ДҮҮ НАРТ ӨӨРИЙНХ НЬ ХЭЛЭЭР ЗААСАН НЬ
Би 1956 онд Гайтид томилогдов. Шинэ миссионеруудын ихэнх нь франц хэлийг чадан ядан сурч байсан ч хүмүүс тэднийг сонсдог байв. Стэнли Боггус гэдэг миссионер: «Санаагаа илэрхийлэх гээд зүдэрч байхад маань нутгийн ардууд чадлаараа тусалдаг нь гайхалтай санагдсан» гэж хэлжээ. Би Кэбэкт байхдаа франц хэл сурсан болохоор эхэндээ ч маадгар байлаа. Гэтэл ихэнх итгэл нэгтэн гайтийн креолоос өөр хэл мэддэггүй болж таарав. Тиймд үр дүнтэй дэлгэрүүлэхийн тулд гайтийн креол хэл сурахаас өөр аргагүй боллоо. Бид зүрх алдалгүй хэл ч сурсан, ивээл ч хүртсэн.
Ах дүү нарт туслахын тулд «Харуулын цамхаг» сэтгүүл тэргүүтэй ном хэвлэлийг гайтийн креолоор орчуулах зөвшөөрлийг Удирдах Зөвлөлөөс авав. Цуглаанд ирдэг хүмүүсийн тоо маш хурдан нэмэгдлээ. 1950 онд 99 дэлгэрүүлэгчтэй байсан бол 1960 он гэхэд 800 гаруй дэлгэрүүлэгчтэй болсон байв! Тэр үед би Бетелд үйлчлэх томилолт авсан юм. Ахлагч, туслах үйлчлэгчийн сургуульд багшлах завшаан 1961 онд олдсон. 40 ахлагч болон тусгай эхлэгчдийг сургасан. 1962 оны 1 дүгээр сард чуулган болсон бөгөөд шаардлага хангасан нутгийн ах дүү нарт үйлчлэлээ өргөжүүлэхийг уриалав. Тэдний зарим нь тусгай эхлэгчээр томилогдсон. Энэ нь цагаа олсон явдал байлаа. Удалгүй эсэргүүцэл хавчлага өрнөсөн юм.
1962 оны 1 дүгээр сарын 23-нд буюу чуулганы дараахан намайг Эндрю Дамико гэдэг миссионертой хамт Бетелд байхад баривчлав. Бас франц хэлээрх «Сэрцгээ!» сэтгүүлийн 1962 оны 1 дүгээр сарын 8-ны дугаарыг бүгдийг нь хураагаад авчихлаа. Учир нь уг сэтгүүлд Францын сониноос эш татан, Гайти улс вүүдүү шашинтай гэж бичсэн байв. Үүнд дургүйцсэн зарим хүн уг өгүүллийг манай байгууллага бичсэн мэтээр ярьж байлаа. Хэдхэн 7 хоногийн дараа миссионеруудыг тус улсаас албадан гаргав. Гэлээ ч нутгийн Гэрч эрчүүд ажлаа амжилттай үргэлжлүүлсэн. Их тэвчээр гаргаж, итгэлээ батжуулж байсанд нь би их баярладаг. Тэр үед мөрөөдөл төдий байсан «Ариун Судрын Шинэ ертөнц орчуулга» одоо гайтийн креол хэлээр гарчихаад байна.
ТӨВ АФРИК ДАХЬ БАРИЛГЫН АЖИЛ
Дараа нь би Төв Африкийн Бүгд найрамдах улсад миссионероор томилогдсон. Хожим нь явуулын ахлагчаар үйлчлэв. Эцэст нь салбар хариуцагч болсон.
Тэр үеийн цуглааны танхимууд маш энгийн. Би сүрэл түүж, дээвэр хийж сурсан. Шинээр сурсан юмаа чадан ядан хийж байгааг маань хажуугаар өнгөрсөн хүмүүс зогтусан хардаг байв. Түүнээс хойш итгэл нэгтнүүд урамшиж цуглааны танхим барих, засах ажилд түлхүү оролцдог боллоо. Шашны удирдагчид биднийг их шоолно. Яагаад гэвэл манай танхимууд тэдний сүмийнх шиг төмөр дээвэртэй биш болохоор тэр л дээ. Бид тоогоо ч үгүй. Сүрлэн дээвэртэй танхимаа барьсаар байсан. Харин нийслэл Бангүйд хүчтэй шуурга дэгдэхэд л тэд элэг доог хийхээ больж билээ. Шуурганаар тэдний сүмийн төмөр дээвэр хуу татагдан хотын гол гудамжинд унасан юм. Харин манай танхимуудын сүрлэн дээвэр яагаа ч үгүй. Бид Хаант төрийн ажлыг илүү сайн дэмжихийн тулд салбарын болон миссионерын байрыг 5-хан сарын дотор барьж дуусгасан.
ИДЭВХ ЗҮТГЭЛТЭЙ ХАНЬТАЙ БОЛСОН МИНЬ
Хуримын өдөр
Төв Африкийн Бүгд Найрамдах Улс дахь манай үйл ажиллагааг 1976 онд хориглов. Би хөрш зэргэлдээх Чад улсын нийслэл Нжамэнад томилогдлоо. Нэг сайн юм нь, камерун гаралтай, идэвх зүтгэлтэй тусгай эхлэгч Хаппи гэдэг бүсгүйтэй танилцав. Бид хоёр 1978 оны 4 дүгээр сарын 1-нд гэрлэсэн. Тэр сард иргэний дайн дэгдэж, бид бусдын адил нутгийн өмнө зүг рүү дүрвэлээ. Дайн дуусмагц гэртээ буцаад иртэл зэвсэгт бүлэглэл манай гэрийг төв байраа болгосон байв. Ном хэвлэл төдийгүй бидний хуримын бэлэг, Хаппигийн хуримын даашинз алга болжээ. Гэсэн ч бид зүрх алдаагүй. Хоёулаа амьд мэнд үлдсэн юм чинь учир нь олдоно гэж бодож байлаа.
Хоёр жил орчмын дараа хорио тавигдсан учир бид Төв Африкт буцаж ирээд явуулын ажил хийх болсон. Фургон машиндаа амьдардаг байлаа. Эвхдэг ортой, 200 литрийн багтаамжтай усны торхтой, хийгээр цэнэглэдэг хөргөгчтэй, газан плиткатай. Явуулын ажил амаргүй. Нэг удаа аялахад л цагдаагийн шалган нэвтрүүлэх 117 цэг дээр зогсох шаардлагатай.
Агаарын температур голдуу 50 хэм хүрч хална. Чуулганы үед баптисм хүртээх ус олох заримдаа тун бэрх. Тиймд ах нар голын голдрил ухаж жаахан ус гарахаар нь бага багаар утгаж торхонд хийсээр баптисм хүртээж болохуйц хэмжээнд хүргэдэг байлаа.
АФРИКИЙН БУСАД ОРОНД ҮЙЛЧИЛСЭН НЬ
Бид хоёр 1980 онд Нигери лүү шилжлээ. Тэнд 2,5 жил байхдаа салбарын барилгын бэлтгэл ажилд тусалсан. Агуулахын 2 давхар барилгыг худалдан авч, барих газраа зөөж авчраад босгох хэрэгтэй болсон юм. Буулгаж байх үед би нэг өглөө орой дээр нь гарч ажиллачихаад үдийн алдад буцаад бууж явлаа. Тэгтэл барилга дээр зарим нэг юм өөрчлөгдсөнөөс болоод хий гишгэж байшин дээрээс унаад хүнд бэртэв. Харин рентгенд харуулж, шинжилгээ өгсний дараа эмч: «Санаа зовсны хэрэггүй. Зарим шөрмөс нь тасарсан байна. 7 хоногийн дараа зүгээр болно» гэж Хаппид хэлжээ.
«Нийтийн унаагаар» чуулганд явж байна
1986 онд Кот Дивуарт томилогдож явуулын ажил хийж эхэллээ. Дараа нь хөрш зэргэлдээх Буркина Фасод томилогдсон. Харин олон жилийн дараа Буркинад дахиад ирж хэдэн жил амьдрах юм гэж төсөөлөөгүй.
Явуулын ажил хийж байхдаа, фургон гэрийнхээ хажууд
Би 1956 онд Канадаас гараад 47 жилийн дараа 2003 онд Канадын Бетелд буцаж ирэв. Харин энэ удаа Хаппитайгаа хамт ирсэн. Бичиг баримт маань Канадынх ч бид өөрсдийгөө Африкийнх гэж боддог байлаа.
Библийн хичээл зааж байна, Буркина Фасо
Дараа нь 2007 онд, 79-тэйдөө дахиад л Африк руу нүүлээ! Буркина Фасод томилогдож, Орон нутгийн хорооны гишүүн болсон. Манай оффис хожим нь Бенин салбарын харьяа орчуулгын алслагдсан оффис болсон учраас бид Бениний Бетелд 2013 оны 8 дугаар сард очлоо.
Хаппи бид хоёр Бенин салбарт байхдаа
Чадал тэнхээ муудсан ч дэлгэрүүлэх ажил зүрх сэтгэлд уяатай байдаг юм. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд сайхан сэтгэлтэй ахлагчид, хайртай эхнэрийнхээ тус дэмээр Жедеон, Фрэжис гэдэг хоёр суралцагчийнхаа баптисм хүртэхийг харлаа. Тэд маань одоо Еховад идэвхтэй үйлчилж байна.
Дараа нь эхнэр бид хоёр Өмнөд Африкийн салбарт шилжиж ирсэн. Эндхийн бетелчид эрүүл мэндэд минь их санаа тавьдаг. Би Африкийн долоон улсад үйлчилж ирсэн. Өмнөд Африк 7 дахь нь юм. Бид хоёр 2017 оны 10 дугаар сард гайхамшигтай ивээл хүртсэн. Нью-Йоркийн Уорвикт байдаг байгууллагын төвийн зориулах ёслолд уригдсан. Мартагдашгүй үйл явдал байлаа!
1994 оны «Жил тутмын ном»-ны 255-р хуудсанд «Энэ ажлыг олон жил тэвчээртэй хийж буй бүх хүнд “Тууштай байж, бүү зүрх алд” гэж уриалъя. “Та нарын ажил шагналтай” (Ш.дэд 15:7)» хэмээн бичсэн байдаг. Хаппи бид хоёр энэ уриалгыг дэмждэг. Бас бусдад ийнхүү уриалж байна.
a Еховагийн Гэрчүүдийн 1944 оны хэвлэл. Хэвлэгдэхээ больсон.