НАМТАР
Үнэлж баршгүй өвтэй учраас би «цэцэглэсэн»
ШӨНӨ дундын үе. 1,6 километр өргөн, ширүүн урсгалт Нигер мөрөн бидний өмнө хөндөлсөж байлаа. Нигери улсад иргэний дайны гал ид дүрэлзэж байсан цаг. Ийм үед Нигер мөрнийг гатална гэдэг үхэл рүүгээ явж байгаатай адил байв. Гэхдээ л бид нэг бус удаа амь өрсөх шаардлагатай болсон юм. Яагаад ийм юм болов гэж үү? Эхлээд, төрөхөөс минь өмнө юу болсныг ярья.
Миний аав Жон Миллс 1913 онд 25-тайдаа Нью-Йорк хотод баптисм хүртжээ. Рассел ах баптисмын илтгэл тавьсан гэдэг. Удалгүй аав маань Тринидад руу явж, тэндээ Констанс Фармер гэдэг идэвх зүтгэлтэй Библи Судлаач бүсгүйтэй гэрлэжээ. Аавын найз Виллиам Браун «Бүтээлийн тухай фото драм»-ыг хүмүүст үзүүлдэг, аав тусалдаг байж л дээ. Браун ахыг 1923 онд Баруун Африкт томилогдох хүртэл тусалсан гэнэ лээ. Аав ээж хоёр маань Тринидадад үлдсэн. Хоёулаа тэнгэрт амьдрах найдвартай хүмүүс байв.
ААВ ЭЭЖ ХОЁР МААНЬ БИДЭНД ХАЙРТАЙ
Аав ээж хоёр маань 9 хүүхэд төрүүлж өсгөсөн. Ууган хүүдээ тухайн үед Библи ба танилцуулгын Харуулын цамхаг нийгэмлэгийн ерөнхийлөгч байсан Рүтэрфорд ахын нэрийг хайрлажээ. Дараа нь 1922 оны 12 дугаар сарын 30-нд намайг төрөхөд «Алтан үе» (одоогийн «Сэрцгээ!») сэтгүүлийн редактор Клэйтон Вүүдворт ахын нэрийг надад өгсөн юм. Эцэг эх маань бүх хүүхдэдээ ерөнхий боловсрол эзэмшүүлсэн. Гэхдээ Бурханд үйлчилдэг хүн болгохыг онцгой анхаардаг байв. Ээж маань Судрыг эргэцүүлэн бодуулж зөв дүгнэлтэд хүргэх гайхалтай чадвартай хүн байлаа. Аав маань Библид гардаг үйл явдлыг ярьж өгөх дуртай, түүнийгээ жүжиглэн үзүүлдэг байж билээ.
Тэдний хүчин чармайлт талаар болоогүй. Таван хүүгийн гурав нь Гилеад сургуулийг дүүргэсэн. Гурван эмэгтэй дүү маань Тринидад ба Тобаго улсад олон жил эхлэгчээр үйлчилсэн. Аав ээж хоёр маань зааж сургахын зэрэгцээ үлгэр дуурайл болдог байсан учраас хүүхдүүд бид «ЭЗЭНий өргөөнд суулгагдаж», урмаар тэтгэдэг байсных нь ачаар Еховагийн өргөөнөөс гаралгүй, «Бурханы хашаануудад цэцэглэсэн» юм (Дуу. 92:13).
Дэлгэрүүлэх ажлын цуглаан манай гэрт болдог байв. Эхлэгчид манайд цуглахаараа Тринидадад ирж байсан канад миссионер Жорж Янг ахын тухай голдуу ярилцана. Харин аав ээж хоёр маань Баруун Африкт томилогдохоос нь өмнө хамт үйлчилж байсан Браун ахынхны тухай баяр хөөр болон ярьдаг сан. Энэ бүхний ачаар би 10-тайгаасаа дэлгэрүүлж эхэлсэн.
ЭХЭН ҮЕИЙН ҮЙЛЧЛЭЛ
Тэр үед манай сэтгүүлд хуурамч шашин, шунахай худалдаа, бохир улс төрийг хайр найргүй шүүмжилсэн өгүүллүүд гардаг байв. Үүнээс болоод санваартнууд Тринидадын амбан захирагчийг ятгаснаар Харуулын цамхаг нийгэмлэгийн бүх ном хэвлэлийг тараахыг 1936 онд хориглосон юм. Бид хэвлэлээ нууж байгаад бүгдийг нь тарааж дуусгасан. Урилга, уриа лоозон бариад мэдээллийн марш, дугуйтай парад зохиож байлаа. Чанга яригчтай машинтай бүлгийнхэнтэй хамт Тунапуна хотоос гарч Тринидадын алс хязгаар нутаг хүртэл дэлгэрүүлсэн. Сэтгэл хөдөлгөм энэ бүх үйл явдлыг нүдээр үзсэн би 16-тайдаа баптисм хүртсэн.
Тунапуна дахь чанга яригчтай машинтай бүлэг
Эцэг эхийн минь өвлүүлсэн үнэт өв болон багаасаа үзсэн бүхэн миссионер болох хүсэл төрүүлсэн юм. 1944 онд Арубад очиж Эдмунд Камминз ахтай хамт үйлчилсэн ч хүсэл минь унтраагүй. 1945 оны Дурсах цуглаанд 10 хүн цуглахад бид бөөн баяр болж билээ. Хойтон жил нь Аруба аралд анхны хурал бий болсон.
Ористой учирсны дараа ч миний амьдрал «цэцэглэсэн»
Дараахан нь би хамт ажилладаг Орис Виллиамс гэдэг бүсгүйд дэлгэрүүлэв. Орис өөрийнхөө сүмийн сургаалыг хамгаалах гэж улайран зүтгэж байлаа. Гэвч Библи судлах явцдаа Бурхны Үгэнд юу гэж байдгийг мэдээд 1947 оны 1 дүгээр сарын 5-нд баптисм хүртэв. Яваандаа бид хоёр сэтгэлтэй болоод гэрлэсэн. Орис маань 1950 оны 11 дүгээр сард эхлэгчийн эгнээнд элсэв. Ористой гэрлэсний дараа ч миний амьдрал «цэцэглэсэн».
НИГЕРИД БАЯР ХӨӨРТЭЙ ҮЙЛЧИЛСЭН
1955 онд бид хоёр Гилеад сургуульд суралцах урилга авав. Тийшээ явах бэлтгэлээ базааж байхдаа хоёулаа ажлаасаа гарах өргөдлөө өгч, байшин болон бас бус эд хогшлоо зараад Аруба арлынхантай салах ёс хийж билээ. Бид хоёр 1956 оны 7 дугаар сарын 29-нд Гилеадын 27 дахь ангийг дүүргээд Нигерид томилогдлоо.
Нигеригийн Лагос дахь Бетелийн гэр бүлийнхэн, 1957 он
Орис: «Миссионерын амьдралд дасахад Еховагийн агуу хүч тусалдаг. Нөхөр маань миссионер болох дуртай байхад, би гэр орон, үр хүүхэдтэй болохыг л хүсдэг байв. Харин сайн мэдээ дэлгэрүүлэх нь хойшлуулшгүй чухал гэдгийг ойлгоод бодлоо өөрчилсөн. Гилеад төгсөх үедээ би миссионероор үйлчлэхээр сэтгэл шулуудсан байлаа. Биднийг “Хатан хаан Мэри” гэдэг нэртэй усан онгоцонд суух үед Норр ахтай хамт ажилладаг Ворт Торнтон гаргаж өгөхдөө “Та хоёр Бетелд үйлчилнэ” гэлээ. Тэгэхэд нь би: “Арай ч дээ!” хэмээн дуу алдсан юм. Гэхдээ би хурдан дасаж, Бетелд ажиллах дуртай болсон. Энд янз бүрийн ажил хийж үзсэн. Би хүмүүст хайртай болохоор угтагчаар үйлчлэх нь миний хамгийн дуртай ажил байлаа. Нигери дэх ах дүүс маань шороо тоосонд дарагдаад эцэж ядарчихсан, өлсөж цангачихсан ирнэ. Тэдэнд хоол унд өгч, тайвшруулж, амраана гэдэг нэр төрийн хэрэг. Энэ бүхэн ариун үйлчлэл болохоор би сэтгэл хангалуун, баяр хөөртэй болдог байсан» гэж ярьсан юм. Үнэхээр ч, бид даалгавар биелүүлэх болгондоо «цэцэглэдэг» байсан.
1961 онд Тринидадад манайхан цуглаж үдэшлэг зохиоход Браун ах Африкт үзэж туулсан сонирхолтой явдлуудаа хуучилсан юм. Харин би Нигери дэх Гэрчүүдийн өсөлтийн тухай ярив. Браун ах намайг дотночлон тэврэнгээ аавд хандан «Жонни, чи Африкт очиж үзээгүй байхад, Вүүдворт маань тэнд зөндөө юм хийчихэж!» гэв. Тэгэхэд нь аав: «Миний хүү, хийгээд бай! Бүү зогсоорой!» гэж надад хэллээ. Ахмад туршлагатай тэднийхээ үгэнд урамшиж бүр ч сайн үйлчилье гэсэн бодол төрж билээ.
«Библи» хочтой Виллиам Браун болон түүний эхнэр Антониа биднийг зоригжуулдаг байв
1962 онд Гилеад сургуулийн 37 дахь ангид 10 сар суралцах завшаан надад тохиов. Тэр үед Нигери дэх манай байгууллагын салбарыг хариуцаж байсан Вилфред Гүч ах 38 дахь ангид суралцаж, Англид томилогдсон юм. Нигери дэх салбарыг хариуцан ажиллах үүрэг надад оногдлоо. Би Браун ахын жишээгээр, хайртай итгэл нэгтнүүдтэйгээ танилцах зорилгоор Нигери даяар аялсан. Хөгжингүй улс орны хүмүүсийн өргөн хэрэглэдэг зүйлс тэдэнд маань байхгүй ч баяр баясгалантай, сэтгэл хангалуун байгааг нь хараад утга учиртай амьдрахад мөнгө төгрөг, эд хөрөнгө тийм ч чухал биш гэдгийг тодорхой ойлгож билээ. Ахуй нөхцөл нь тааруухан ч цэвэр цэмцгэр, хүндэтгэлтэй хувцаслаад цуглаандаа ирдэг нь үнэхээр гайхалтай. Чуулганд ачааны машинаар, болэкажас (дотооддоо үйлдвэрлэдэг автобус)-аар ирдэг хүн олон. Автобус болгон сонирхолтой бичигтэй. Жишээ нь: «Дуслыг хураавал далай» гэх мэт.
Энэ үг хэчнээн үнэн бэ! Хүн бүрийн хүчин чармайлт үнэ цэнтэй гэсэн үг. Орис бид хоёр ч хувь нэмрээ оруулсан. 1974 он гэхэд Нигери улс дахь дэлгэрүүлэгчдийн дээд тоо 100 000-д хүрсэн. Энэ үзүүлэлтээрээ АНУ-аас хойших анхны улс гэсэн үг. Ажил ч буцалсан даа!
Энэ үед Нигерид иргэний дайн дэгдэж 1967–1970 он хүртэл үргэлжлэв. Нигер мөрний нөгөө эргийн Биафран дахь ах дүү нартай холбоо барьж чадалгүй хэдэн сар боллоо. Ном хэвлэлээр хангаж, удирдамж заавар өгөх нь салбарынхан бидний үүрэг байв. Намтрын эхэнд ярьсанчлан, бид Еховад залбирч, хамаг бүхнээ даатгаад мөрнийг нэлээд хэдэн удаа гаталсан.
Бууныхаа гохыг дарахад бэлэн цэргүүд, халдварт өвчин гээд янз бүрийн аюулыг сөрөн Нигер мөрнийг гаталж байсан тэр түгшүүртэй аялал миний санаанаас одоо ч гардаггүй. Улсын зэвсэгт хүчнийхний дундуур нэвтэрч гарах нэг хэрэг. Харин Биафранд байгаа босогчдын талд очно гэдэг бүр ч ярвигтай байлаа. Нэг удаа би Асабагаас Онича хүрэх зорчигчийн завиар Нигер мөрнийг шөнө дундын үед гаталж очоод Энүгү дэх ахлагчдыг зоригжуулсан. Бас нэг удаа Аба хот руу явж тэндхийн ахлагчдыг зоригжуулах хэрэг гарав. Тэр хотод оройн цагаар гэрэл асаахыг хориглосон байв. Порт Харкорт хотын гаднах Биафраны хамгаалалтыг зэвсэгт хүчнийхэн сэтлэн ороход бид хурдхан залбираад цуглаанаа дуусгаж билээ.
Бид эдгээр цуглааныг зохион байгуулснаар ах дүү нарт Еховагийн хайр халамжийг мэдрүүлж, төвийг сахих, эвтэй байх талаар цаг үеэ олсон зөвлөгөө өгч чадсан. Овог аймгууд бие биеэ үзэн ядаж байсан энэ үеийг Нигеригийн итгэл нэгтнүүд маань амжилттай давсан юм. Хайр үзэн ядалтаас илүү хүчтэй гэдгийг тэд батлан харуулж, Христийн дагалдагчийн ёсоор эв эеийг сахисан. Яг ийм мөчид тэдэнтэйгээ хамт байх нь нэр төрийн хэрэг байлаа!
Нью-Йоркийн Яанки стадионд 1969 онд зохиогдсон «Дэлхий дээрх амар тайван» сэдэвтэй олон улсын чуулганыг Милтон Хеншел ах хариуцан зохион байгуулж, би туслахаар нь ажиллав. Сурах юм ч их, цагаа ч олсон явдал байлаа. Учир нь 1970 онд Нигери улсад иргэний дайн дуусмагц бид Лагос хотод «Бурхны тааллыг олсон хүмүүс» сэдэвтэй олон улсын чуулганыг зохиосон юм. Ехова ивээсэн учраас л чуулган амжилттай болсон. Нийт 121 128 хүн хүрэлцэн ирж 17 хэлээр хөтөлбөр сонссон нь үнэхээр сэтгэл хөдөлгөм явдал байлаа. Норр, Хеншел болон АНУ, Англиас онгоцоор ирсэн төлөөлөгчид 3 775 хүн баптисм хүртэхийг харсан! МЭ I зууны Тавь дахь өдрийн баяраас хойш анх удаа ийм олон шавь төрсөн. Уг чуулганыг зохион байгуулалцсан тэр үе амьдралын минь хамгийн завгүй үе байсан ч байж магадгүй. Дэлгэрүүлэгчдийн тоо ийнхүү өссөн нь үнэндээ тэсрэлт байсан юм!
«Бурхны тааллыг олсон хүмүүс» олон улсын чуулганд 121 128 хүн ирж, ибо зэрэг 17 хэлээр хөтөлбөр сонссон
Би Нигерид 30 гаруй жил үйлчлэхдээ Баруун Африкт байдаг дүүрэг, бүсийг үе үе эргэж очдог байв. Миссионеруудтай хувьчлан уулзаж, урамшуулан зоригжуулж байсныгаа завшаан гэж боддог. Та нарыг мартаагүй, үргэлж анхаардаг шүү гэж хэлэхэд тэд ямар их баярладаг гээч! Хүн нэг бүрд санаа тавивал тэд «цэцэглэж», үргэлж эрч хүчтэй, итгэл нэгтнүүдтэйгээ эвтэй байдгийг би энэ ажлыг хийгээд ойлгосон.
Иргэний дайны хор уршиг, өвчин зовлонг бид Еховагийн хүчээр л давсан. Еховагийн ивээл дандаа тодорхой байдаг. Орис маань дараах үгийг хэлсэн юм.
«Бид хоёр нэлээн хэдэн удаа хумхаа туссан. Нэг удаа нөхөр маань Лагосын эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн юм. Эмч нар Вортыг үхэх байх гэж хэлсэн ч азаар эдгэрсэн! Ухаан ормогцоо өөрийг нь асарч байсан эрэгтэйд Бурхны Хаант төрийн тухай ярьж л дээ. Дараа нь Ворт бид хоёр Нуамбивэ гэдэг тэр асрагчтай Библийн тухай үргэлжлүүлэн ярилцахаар очсон. Тэрээр үнэнийг хүлээж аваад, хожим нь Аба дахь хурлын ахлагч болж билээ. Би ч бас олон хүнд, бүр мусульман шашны үнэнч сүсэгтэнд Еховагийн үйлчлэгч болоход нь тусалж явлаа. Гол нь, Нигеригийн ард түмнийг хайрлаж, хэл соёлыг нь сурч, ёс заншлыг нь мэддэг болсондоо маш их баярладаг».
Гадаадад үйлчилж байхдаа өөр соёлтой итгэл нэгтнүүдээ хайрлахгүй бол «цэцэглэх» аргагүй гэдгийг бид ойлгосон.
ШИНЭ ТОМИЛОЛТ
Нигеригийн Бетелд үйлчилж байхдаа 1987 онд Карибын Сент Люсиа гэдэг үзэсгэлэнт аралд миссионероор үйлчлэх шинэ томилолт авлаа. Их сайхан санагдсан ч шинэ бэрхшээл тулгарсан. Африкт бол эрчүүд олон эхнэртэй байдаг. Харин Сент Люсиад албан ёсоор гэрлэхгүйгээр хамт амьдрах явдал түгээмэл ажээ. Бурхны Үг хүчтэй нөлөөлснөөр олон суралцагч маань амьдралаа өөрчилсөн.
68 жил хамт амьдрахдаа би Орисыгоо хайрладаг байлаа
Насны эрхээр тамир тэнхээ муудахад Удирдах Зөвлөл эхнэр бид хоёрт санаа тавив. Ингээд бид 2005 онд АНУ-ын Нью-Йоркийн Брүүклин дэх байгууллагын төвд шилжиж ирлээ. Орисыг өгсөнд нь би Еховад өдөр бүр талархдаг. Миний эхнэр 2015 онд үхэл гэгч дайсанд ялагдсан. Хагацлын зовлонг үгээр илэрхийлэх аргагүй. Эхнэр минь гайхалтай хамтран зүтгэгч, хайр халамжтай, сайхан бүсгүй байсан даа. Би түүнийгээ 68 жил хайрласан. Гэр бүлдээ ч, хуралдаа ч жаргалтай байх гол нууц нь тэргүүллийн зарчмыг баримтлах, уучилж өршөөх, даруу байх, Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанарыг илэрхийлэх гэдгийг бид хоёр ойлгосон.
Сэтгэлээр унах, гуньж гутрах үедээ бид Еховад хандаж, тууштай үйлчлэхэд туслаач гэж залбирдаг байсан. Алдаагаа засаад явбал яваандаа сайжирдгийг үзсэн. Ирээдүйд бүр сайн болно! (Ис. 60:17; 2 Кор. 13:11).
Тринидад ба Тобаго дахь Гэрчүүдийн, түүний дотор аав ээжийн минь ажлыг Ехова ивээснийг сүүлийн үеийн тайлангаас харж болно. Одоо тэнд 9 892 Гэрч цэвэр шүтлэгийг дэмжиж байна. Намайг Арубад үйлчилж байхад бий болсон анхны хурал олон хүний хичээл зүтгэлийн үрээр батжин бэхэжсэн. Одоо энэ аралд 14 хурал байна. Нигеригийн тухайд гэвэл дэлгэрүүлэгчдийн тоо 381 398 болтлоо өссөн. Харин Сент Люсиа арал дээр 783 дэлгэрүүлэгч байна.
Одоо нас минь 90 хол давжээ. Еховагийн өргөөнд суулгагдсан хүмүүсийн талаар Дуулал 92:14-т «Тэд хөгширсөн ч жимс гаргана. Тэд шүүслэг ба ногоон байна» гэж бичсэн байдаг. Би Еховагийн төлөө хамаг амьдралаа зориулсандаа үнэхээр их баярлаж явдаг. Эцэг эх минь үнэлж баршгүй өв хөрөнгө үлдээсэн болохоор тэр шүү дээ. Ехова намайг үнэнчээр хайрлаж ирсэн. Тийм учраас би «Бурханы[хаа] хашаануудад цэцэглэдэг» (Дуу. 92:13).