Ёохан
9 Есүс замаар явж байхдаа төрөлхийн сохор хүнийг харжээ. 2 Шавь нар Есүсээс «Рабби, хэн нүгэл үйлдсэнээс болж энэ хүн сохор төрсөн юм бэ? Өөрөө юү, эцэг эх нь үү?» гэж асуув. 3 Есүс: «Энэ хүн ч, эцэг эх нь ч нүгэл үйлдсэнээс болоогүй юм. Харин ийм байгаа нь Бурхны үйлсийг харуулах боломж бүрдүүлж байна. 4 Намайг илгээсэн Нэгний ажлыг өдөр дуусахаас өмнө бид хийх ёстой. Хэн ч ажил хийх аргагүй болох шөнө болно. 5 Би ертөнцөд байхдаа ертөнцийн гэрэл» гэж хэллээ. 6 Ийн хэлээд газар нулимж, шүлсээрээ шавар зуурч өнөөх хүний нүдэнд түрхээд 7 «Явж, Силоам (орчуулбал, «Илгээгдсэн» гэсэн утгатай) цөөрөмд угаа» гэжээ. Өнөөх эр явж угаагаад хардаг болоод буцаж иржээ.
8 Хөршүүд болон гуйлга гуйдгийг нь мэддэг хүмүүс: «Энэ чинь гуйлга гуйж суудаг нөгөө хүн биш үү?» гэхэд 9 зарим нь: «Мөн байна» гэж, бусад нь: «Биш ээ. Гэхдээ их адилхан юм» гэж байлаа. Харин өнөөх хүн: «Тэр хүн чинь би байна» гэж байв. 10 Тиймээс тэд: «Тэгвэл чи яаж хардаг болов?» гэж асуухад 11 өнөөх хүн: «Есүс гэдэг хүн шавар зуурч, нүдэнд минь түрхээд “Силоамд очоод угаа” гэсэн юм. Тэгэхээр нь би явж, угаагаад хардаг боллоо» хэмээн хариулав. 12 Тэгэхэд тэд: «Тэр хүн хаана байна вэ?» гэхэд өнөөх эр: «Мэдэхгүй» гэж өчжээ.
13 Тэд сохор байсан өнөөх хүнийг фарисайчууд руу дагуулж явжээ. 14 Есүс шавар зуурч, хараа оруулсан тэр өдөр Амралтын өдөр байж таарчээ. 15 Тиймээс фарисайчууд яаж хардаг болсныг нь асууж гарав. Өнөөх эр: «Тэр хүн нүдэнд минь шавар түрхсэн. Би угаасан. Тэгээд хардаг болсон» гэжээ. 16 Тэгэхэд зарим фарисай: «Тэр хүн Амралтын өдрийн хуулийг зөрчдөг тул Бурхны илгээсэн хүн биш» гэхэд бусад хүн: «Нүгэлтэй хүн яаж ийм гайхамшиг үйлдэж чадах билээ?» гэцгээв. Ингээд олны дунд хагарал гарчээ. 17 Тэд сохор байсан хүнээс «Чамд хараа оруулж өгсөн хүний талаар чи өөрөө юу хэлэх вэ?» гэж асуухад өнөөх эр: «Тэр бол зөнч» гэжээ.
18 Гэхдээ иудейн шашны удирдагчид түүнийг сохор байснаа хардаг болсон гэдэгт итгэхгүй байв. Тиймээс эцэг эхийг нь дуудуулж 19 «Сохор төрсөн гэж та нарын ярьдаг хүү чинь энэ мөн үү? Тэгвэл яаж хардаг болсон юм бэ?» гэж асуужээ. 20 Эцэг эх нь: «Энэ манай хүү мөн. Сохор төрсөн нь үнэн. 21 Гэхдээ яаж хардаг болсныг нь, хэн хараа оруулсныг ч бид мэдэхгүй. Өөрөөс нь асууцгаа. Тэр насанд хүрсэн хүн шүү дээ. Өөрөө яриг» гэлээ. 22 Тэд иудейн шашны удирдагчдаас айсандаа ингэж хэлжээ. Учир нь Есүсийг Христ гэж хүлээн зөвшөөрсөн хэнийг ч синагогоос хөөнө гэж удирдагчид шийдсэн байв. 23 Тийм учраас өнөөх хүний эцэг эх: «Тэр насанд хүрсэн хүн шүү дээ. Өөрөөс нь асуу» гэж хэлсэн ажээ.
24 Сохор байсан хүнийг тэд дахин дуудаж ирүүлээд «Үнэнээ хэлж, Бурхныг алдаршуул. Тэр бол нүгэлтэн гэдгийг бид мэднэ» гэхэд 25 тэрээр: «Нүгэлтэн мөн бишийг нь би мэдэхгүй. Харин би сохор байснаа, одоо харж байгаагаа сайн мэдэж байна» гэлээ. 26 Тэд түүнээс «Тэр хүн чамайг яасан бэ? Яаж хараа оруулсан бэ?» гэж асуухад 27 «Би аль хэдийн ярьсан шүү дээ. Гэхдээ та нар сонсоогүй. Яагаад дахиж сонсох гээд байгаа юм бэ? Та нар бас дагалдагч нь болох гээ юү?» хэмээжээ. 28 Үүнийг сонсоод тэд доромжилсон янзаар «Чи өөрөө дагалдагч нь юм байна. Харин бид Мосегийн дагалдагч. 29 Бурхан Мосетой ярьдаг байсныг бид мэднэ. Харин түүний хаанаас ирснийг мэдэхгүй» гэж хэлэв. 30 Тэгэхэд өнөөх эр: «Тэр хүн надад хараа оруулсан байхад та нар хаанаас ирснийг нь мэддэггүй гэдэг чинь ямар жигтэй юм бэ! 31 Бурхан нүгэлт хүний залбирлыг сонсдоггүй шүү дээ. Харин өөрөөс нь эмээдэг, хүсэл таалалд нь нийцүүлдэг хүнийхийг сонсдог. 32 Төрөлхийн сохор хүнд хараа оруулсан хүн байдаг гэж өнөөг хүртэл дуулдаагүй юм байна. 33 Хэрэв энэ хүнийг Бурхан илгээгээгүй бол юу ч хийж чадахгүй байх байсан» гэж өчив. 34 Тэд түүнд: «Чи нүгэлтэй төрсөн юм байж бас бидэнд заах нь уу?» гээд хөөж гаргажээ.
35 Өнөөх хүнийг хөөж гаргасныг Есүс дуулаад түүнийг олж уулзан «Та хүний Хүүд итгэж байна уу?» гэж асуулаа. 36 Өнөөх хүн: «Тэр чинь хэн юм бэ? Надад хэлээч. Би итгэе» гэхэд 37 Есүс: «Та түүнийг харсан. Тантай ярьж байгаа хүн бол тэр мөн» гэлээ. 38 Өнөөх эр: «Эзэн, би танд итгэж байна» гэж хэлээд хүндэтгэн мэхийв. 39 Тэгэхэд Есүс: «Би шүүх үндэс тавихаар ирсэн. Хараагүй нь хардаг, хардаг нь хараагүй болно» гэж хэлэв. 40 Тэнд байсан фарисайчууд үүнийг сонсоод «Та биднийг сохор гэх гээд байна уу?» гэхэд 41 Есүс: «Та нар сохор байсан бол нүгэлгүй байх байсан. Харин та нар: “Бид хардаг” гэж байгаа учир та нарын нүглийг уучлахгүй» гэжээ.