Үйлс
27 Ингээд биднийг Итали руу усан онгоцоор явуулахаар болсон бөгөөд Паулыг хэдэн хоригдолтой хамт Августын ангийн зуутын дарга Юлийд хариуцуулав. 2 Бид Ази мужийн боомтууд руу явах Адрамутын онгоцонд сууж явав. Тесалоникийн македон хүн Аристарх бидэнтэй хамт явсан юм. 3 Маргааш нь Сидонд хүрэхэд Юлий, Паулд хүнлэг сэтгэл гаргаж, найз нөхдийндөө очин тусламж дэмжлэг авахыг зөвшөөрч билээ.
4 Тэндээс далайд гарч, салхи сөрж явсан тул Кипр арлын нөмөр бараадан хөвсөөр 5 задгай далайд гарч Килик, Памфулын эрэг дагуу явж Лукийн Мура дахь боомтод хүрлээ. 6 Тэгээд зуутын дарга Итали руу явж байсан Александриагийн усан онгоцыг олоод биднийг суулгасан юм. 7 Олон хоног хөвж байж Книдэд арай гэж хүрлээ. Салхины улмаас урагш явах аргагүй байсан тул Салмоныг өнгөрөөд Крит арлын нөмөр бараадан хөвөв. 8 Эрэг дагуу арайхийн хөвж явсаар Ласай хотын ойролцоох Үзэсгэлэнт боомт гэдэг газар очлоо.
9 Ийнхүү нэлээд хугацаа өнгөрсөн бөгөөд мацаг барьдаг Эвлэрүүллийн өдөр ч өнгөрсөн байлаа. Иймээс далайгаар явах нь аюултай болсон тул Паул нэг санал дэвшүүлж 10 «Хүмүүс ээ, хэрэв бид цаашаа аялбал сүйрнэ гэдгийг би мэдэж байна. Ачаа бараагаа алдаж, онгоц сүйрээд зогсохгүй амь насанд маань ч аюул учирна» хэмээлээ. 11 Гэсэн ч зуутын дарга Паулын хэлснийг тоолгүй, залуурчин болон онгоцны эзний үгэнд итгэсэн юм. 12 Уг боомтод өвөлжих тохиромжгүй байсан учир хүмүүсийн олонх нь тэндээс хөдөлж, яаж ийж байгаад Фойникст хүрч өвөлжих саналтай байв. Фойникс нь Крит аралд байх бөгөөд зүүн өмнөд болон зүүн хойд талаараа далайгаар хүрээлэгдсэн боомт юм.
13 Өмнө зүгээс зөөлөн салхи салхилж эхэлсэн учир тэд зорьсон газраа хүрэх нь гэж бодон зангуугаа татаж, Критийн эрэг дагаж хөвөв. 14 Гэсэн ч удалгүй Еуракулон* гэдэг хүчтэй салхи салхилахад 15 онгоц маань дайвалзаж салхи сөрж чадалгүй салхинд туугдлаа. 16 Тиймээс бид Кауда гэдэг жижиг арлын нөмөр бараадан хөвөхдөө усан онгоцны хитэгт байсан жижиг завийг* чадан ядан барьж байв. 17 Тэгээд тэр завийг усан онгоцны тавцан дээр гаргаад эвдрэхээс нь хамгаалж олсоор бэхэлж ороов. Суртад хайргадах вий гэж айсандаа дарвуулын олсыг суллаж, урсгал даган хөвж эхлэв. 18 Давалгаанд хүчтэй шидэгдэж байсан учир маргааш нь онгоцыг хөнгөн болгохын тулд ачаанаасаа хаяж эхэллээ. 19 Гурав дахь өдөр нь онгоцны хэрэгслийг өөрсдөө хаяв.
20 Догшин шуурганд нүдүүлж, нар, од үзэлгүй олон хоног явсан бидний амьд үлдэх горьдлого тасарч эхлэв. 21 Хүмүүс олон хоног хоолгүй явсан бөгөөд Паул тэдний голд зогсож «Эрчүүд ээ, миний үгийг дагаж, Крит арлаас хөдлөөгүй бол ингэж их зовж, гарз хохирол үзэхгүй байх байсан. 22 Та бүхэн зоригтой бай. Та нарын нэг нь ч үхэхгүй. Онгоц л сүйрнэ. 23 Өнгөрсөн шөнө миний шүтэж үйлчилдэг Бурхны тэнгэрийн элч дэргэд минь зогсоод 24 “Паул аа, айх хэрэггүй. Чи Цезарийн өмнө зогсох ёстой. Бурхан чамтай хамт яваа хүмүүсийн амийг аварна” гэж хэлсэн юм. 25 Тиймээс та бүхэн эр зоригтой байгтун. Надад хэлүүлсэн нь биелнэ гэж би Бурханд итгэж байна. 26 Харин онгоц ямар нэг арлын орчим сүйрнэ» гэж хэлэв.
27 Арван дөрөв дэх шөнө болоход давалгаанд туугдсаар Адриатын тэнгист хөвж явлаа. Шөнө дундын үед эх газар луу ойртож байгааг далайчид анзаараад 28 усны гүнийг хэмжихэд 20 алд* байв. Тэгээд жаахан яваад дахин хэмжиж үзэхэд 15 алд* байлаа. 29 Усан доторх хад мөргөх вий гэж айсандаа онгоцны хитэгт байх дөрвөн зангууг хаяад өглөө болохыг хүлээв. 30 Гэтэл далайчид усан онгоцноос зугтахыг оролдож, онгоцны хошуунаас зангуу буулгаж буй дүр үзүүлэн жижиг завийг буулгаж эхлэв. 31 Паул зуутын дарга болон цэргүүдэд «Энэ хүмүүс онгоцон дээр үлдэхгүй бол та нар амьд гарахгүй» гэж хэлэхэд 32 цэргүүд жижиг завины олсыг тасалж, завийг унагав.
33 Үүр цайх дөхөхөд Паул бүх хүнд хандан «Та нар 14 хоног шаналж, хоол ундгүй явлаа. 34 Тиймээс та нар юм ид л дээ. Энэ нь та нарын л сайн сайхны төлөө юм шүү дээ. Та бүхний толгойноос ширхэг үс ч унахгүй» гэж хэлээд 35 өөрөө талх авч Бурханд талархал өргөөд идэж эхлэв. 36 Хүмүүс ч гэсэн зориг орж, юм идэж эхэлцгээв. 37 Онгоцонд нийтдээ 276 хүн байсан юм. 38 Цадталаа идчихээд онгоцоо хөнгөн болгохын тулд ачиж явсан буудайгаа тэнгист хаяж эхлэв.
39 Гэгээ ороход тэд эх газрыг таньж чадаагүй ч элсэрхэг эрэгтэй тохойг харлаа. Тэгээд чадвал онгоцоо тийш нь дөхүүлэхээр шийдэв. 40 Тиймээс зангуугаа тасдаж хаяв. Бас залуурын бэхэлгээг суллаж, урд талын дарвуулыг дэлгээд салхины аясаар эрэг чиглэн хөвлөө. 41 Гэвч онгоц усан доторх бөөн элсэнд хошуугаараа зоогдож хөдлөх аргагүй болов. Онгоцны хитэг хүчтэй давалгаанд хэмх цохигджээ. 42 Хоригдлуудыг сэлээд зугтчихна гэж бодоод цэргүүд бүх хоригдлыг алахаар шийдэв. 43 Харин зуутын дарга Паулыг аврах санаатай байсан учир тэднийг болиулжээ. Сэлж чаддаг хүмүүсийг тэнгис рүү үсрээд эрэгт түрүүлж хүрэхийг, 44 харин бусдыг нь банз, онгоцны хэлтэрхий зэргийг хэрэглэн хөвж эрэгт хүрэхийг тушаав. Ийнхүү бүх хүн эх газарт эсэн мэнд хүрсэн юм.