Галат
1 Хүний томилолтоор бус, Есүс Христ болон түүнийг амилуулсан Эцэг Бурхны томилолтоор элч болсон Паул би 2 энд байгаа ах дүү нартайгаа хамт Галат* дахь хурлуудад бичиж байна.
3 Бидний Эцэг Бурхан, бас Эзэн Есүс Христ та нарыг нигүүлсэж, амар тайвныг соёрхох болтугай. 4 Бузар муу энэ нийгэмд* амьдардаг бидний нүглийг цайруулж, аврахын тулд Бурхан Эцгийн маань хүсэл тааллын дагуу Есүс Христ амиа өгсөн юм. 5 Бурхан үүрд мөнх алдаршиг гэж би залбирдаг. Амен.
6 Та нарыг Христээр дамжуулан нигүүлсэж дуудсан тэр Нэгнээс ийм түргэн холдож, огт өөр сайн мэдээг хүлээж авч байгаад би их гайхаж байна. 7 Үнэндээ өөр сайн мэдээ гэж байхгүй. Харин хэсэг хүн та нарт гай тарьж, Христийн тухай сайн мэдээг мушгин гуйвуулж байна. 8 Бид өөрсдөө ч, тэнгэрийн элч ч та нарт тунхагласнаас маань өөр сайн мэдээ тунхаглавал хараагдаг. 9 Бид урьд нь хэлж байсан. Одоо би дахиж хэлье. Та нарын хүлээж авснаас өөр сайн мэдээ тунхаглаж байгаа хэн боловч хараагдаг.
10 Би хүний таалалд багтахыг оролдож байна уу, Бурхны таалалд багтахыг оролдож байна уу? Эсвэл хүмүүсийн сэтгэлд нийцүүлэхийг оролдож байна уу? Хүмүүсийн сэтгэлд нийцүүлдэг байсан бол Христийн боол биш байх байсан. 11 Ах дүү нар аа, миний тунхагласан сайн мэдээ бол хүнээс эхтэй биш гэдгийг та нарт мэдүүлмээр байна. 12 Би энэ мэдээг хүнээс аваагүй, хүнээр заалгаагүй. Харин Есүс Христ надад илчилсэн юм.
13 Иудейн шашин шүтдэг байхдаа Бурхны хурлыг хайр найргүй хавчиж, сүйрүүлж байсныг минь та бүхэн дуулсан нь лавтай. 14 Би өвөг дээдсийнхээ уламжлалыг чанд баримтлан, шашин шүтлэгийн хувьд үе тэнгийн иудейчүүдээсээ илүү дэвшиж явсан юм. 15 Харин эхийн хэвлийгээс гаргасан Бурхан намайг нигүүлсэж, өөр лүүгээ дуудан, 16 Хүүгээ надаар илчлүүлэхийг сайн гэж үзжээ. Тиймээс би харь үндэстнүүдэд Хүүгийнх нь тухай сайн мэдээ тунхаглах учиртай байв. Би энэ талаар хэнтэй ч зөвлөж ярилцаагүй. 17 Надаас өмнө элч болсон хүмүүстэй уулзахаар Иерусалимд ч очоогүй. Харин Арабт очоод Дамаск руу буцсан билээ.
18 Тэгээд гурван жилийн дараа би Кефтэй* уулзахаар Иерусалимд очоод хамт 15 хоносон юм. 19 Гэхдээ бусад элчүүдээс зөвхөн Эзний дүү Яаковыг харсан. 20 Одоо та нарт бичиж байгаа зүйлийн тухайд би худал яриагүй гэдгээ баталж Бурхны өмнө тангараглаж байна.
21 Дараа нь би Сири, Киликийн нутаг руу явсан. 22 Гэхдээ Христийн дагалдагч болсон Иудей дэх хурлынхан намайг таньдаггүй байсан. 23 Харин тэд «Биднийг хавчиж байсан хүн устгах гэж оролдож байсан шашныхаа сайн мэдээг одоо өөрөө тунхаглаж байна» гэсэн яриаг л сонссон юм. 24 Тиймээс тэд надаас болж Бурхныг алдаршуулж эхэлсэн билээ.