Илчлэл
15 Тэгээд би тэнгэрт агуу, гайхалтай явдал болохыг харлаа. Долоон гамшигтай долоон тэнгэрийн элчийг харав. Эдгээр нь сүүлчийн гамшиг юм. Учир нь эдгээрээр Бурхны уур хилэн дуусна.
2 Би галтай холилдсон шилэн тэнгис мэт зүйлийг харлаа. Араатан болон түүний хөргийг ялсан, нэрнийх нь тоог тавиулаагүй хүмүүс Бурхны босоо ятгыг бариад шилэн тэнгисийн дэргэд зогсож байв. 3 Тэд Бурхны боол Мосегийн дуу болон Хурганы дууг дуулж байлаа.
«Төгс хүчит Ехова* Бурхан, таны үйл хэрэг агуу бөгөөд гайхамшигтай. Мөнхийн Хаан, таны зам шударга сайн бөгөөд үнэн. 4 Ехова*, танаас эмээхгүй, нэрийг тань алдаршуулахгүй хэн байх вэ? Учир нь ганцхан та үнэнч билээ. Шударга шүүдэг тань илчлэгдсэн учир үндэстнүүд ирж таныг шүтнэ» гэж дуулав.
5 Үүний дараа гэрчлэлийн асрын ариун газар тэнгэрт нээгдэхийг би харав. 6 Долоон гамшигтай долоон тэнгэрийн элч ариун газраас гарч ирлээ. Тэд цэвэр, гялалзсан маалинган хувцастай, алтан чээживчтэй байлаа. 7 Дөрвөн амьд бүтээлийн нэг нь долоон тэнгэрийн элчид үүрд мөнх оршигч Бурхны уур хилэнгээр дүүрэн долоон алтан аягыг өгөв. 8 Бурхны сүр алдар, хүч чадлын улмаас ариун газар утаагаар дүүрсэн учир долоон тэнгэрийн элчийн долоон гамшиг дуустал хэн ч тийшээ орж чадсангүй.