Эхлэл
26 Тэр нутагт Абрахамын үед анх өлсгөлөн болсноос хойш дахин өлсгөлөн болов. Иймээс Исаак Герарт байдаг филистчүүдийн хаан Абимелехтэй уулзахаар явлаа. 2 Тэгэхэд Ехова түүнд үзэгдэж «Египет рүү бүү яв. Миний чамд зааж өгөх нутагт суурьш. 3 Энэ нутагт харь хүн болж амьдар. Би цаашдаа ч чамтай хамт байж, ивээнэ. Яагаад гэвэл чамд болон чиний үр удамд энэ бүх нутгийг өгнө. Би чиний эцэг Абрахамд тангараглан 4 “Би чиний үр удмыг тэнгэрийн од мэт олон болгож, энэ бүх нутгийг өгнө. Чиний үр удмын ачаар ивээл хүртэх боломж дэлхийн бүх үндэстэнд олдоно” гэж айлдсанаа биелүүлнэ. 5 Абрахам миний үгийг дагаж, миний хууль, зарлиг, тушаал, шаардлагыг биелүүлсэн учраас тэр юм» гэж айлдав. 6 Иймд Исаак Герарт нутагласаар байлаа.
7 Тэр нутгийн хүмүүс Ребекагийн талаар асуухад Исаак эхнэрээ гэлгүй, дүүгээ гэдэг байлаа. Тэднийг Ребекаг авах гээд өөрийг нь алах байх гэж айсандаа тэгж хэлдэг байв. Яагаад гэвэл Ребека үзэсгэлэнтэй бүсгүй ажээ. 8 Хэсэг хугацааны дараа филистчүүдийн хаан Абимелех цонхоороо харж байтал Исаак эхнэр Ребекагаа энхрийлж* байв. 9 Тэр даруй Абимелех Исаакийг дуудаж ирүүлээд «Ребека эхнэр тань юм байна шүү дээ! Яагаад дүүгээ гэсэн юм бэ?» гэхэд Исаак: «Ребекагаас болоод намайг алах вий гэж айгаад тэгж хэлсэн юм» гэж өчжээ. 10 Тэгэхэд нь Абимелех: «Та яах нь энэ вэ? Манай хүмүүсийн хэн нь ч таны эхнэртэй ядах юмгүй унтаж болох байлаа. Та биднээр нүгэл үйлдүүлэх шахлаа шүү дээ!» гээд 11 «Энэ хүн болон эхнэрт нь хүрсэн хэнийг ч болов хөнөөнө» хэмээн бүх хүндээ тушаажээ.
12 Исаак тэр нутагт үр суулгаж, тэр жилдээ 100 дахин их ургац хураав. Учир нь Ехова ивээж байлаа. 13 Исаак баяжиж, эд хөрөнгө нь арвижсаар маш их баян болов. 14 Үхэр, хонин сүргүүдтэй, олон тооны зарцтай болсонд нь филистчүүд атаархах болжээ.
15 Тэгээд филистчүүд эцэг Абрахамынх нь үед зарц нарынх нь ухсан бүх худгийг шороогоор дүүргэв. 16 Абимелех Исаакт «Манай эндээс яв. Та биднээс илүү хүчирхэг болжээ» гэсэнд 17 Исаак тэндээс нүүж Герарын хөндийд* буун, тэнд суух болов. 18 Эцэг Абрахамынх нь үед ухсан боловч нас барсных нь дараа филистчүүдийн битүүлсэн худгуудыг Исаак дахин ухаж, эцгийнхээ нэрлэснээр нэрлэв.
19 Исаакийн зарц нар хөндийд* худаг ухаж байлаа. Тэгээд цэнгэг устай нэг худаг олжээ. 20 Тэгтэл Герарын хоньчид Исаакийн хоньчидтой маргалдаж «Наад худаг чинь манайх!» гэцгээв. Исаак тэр худгийг Есек* гэж нэрлэсэн нь тэд түүнтэй маргасных юм. 21 Исаакийн хоньчид өөр нэг худаг ухаж эхлэхэд Герарын хоньчид дахиад л маргав. Иймээс Исаак энэ худгийг Ситна* гэж нэрлэсэн юм. 22 Хожим нь тэрбээр тэндээс нүүж дахин нэг худаг ухахад маргаан гарсангүй. Иймд Исаак тэр худгийг Рехобот* гэж нэрлээд «Ехова бидэнд өргөн уудам нутаг өгч, биднийг энэ нутагт өнөр өтгөн болголоо» гэжээ.
23 Тэгээд тэрбээр тэндээс Беершеба руу явав. 24 Тэр шөнө Ехова түүнд үзэгдэж «Би чиний эцэг Абрахамын Бурхан билээ. Би чамтай хамт байгаа тул бүү ай. Би зарц Абрахамынхаа төлөө чамайг ивээж, үр хүүхдүүдийг чинь өнөр өтгөн болгоно» гэж айлджээ. 25 Иймээс тэрбээр тэнд тахилын ширээ босгож Еховагийн нэрийг дуудав. Исаак тэнд майхнаа босгож, зарц нар нь худаг ухжээ.
26 Дараа нь Абимелех зөвлөх Ахуззат, цэргийн жанжин Фиколтойгоо Герараас Исаак дээр ирэв. 27 Тэгэхэд нь Исаак тэдэнд «Та нар намайг үзэн ядаж, нутгаасаа явуулсан атлаа яагаад над дээр ирэв?» гэжээ. 28 Тэд: «Ехова таныг ивээдэг нь илэрхий байна. Иймээс бид тантай гэрээ байгуулж, тангараг өргөе гэсэн юм. 29 Та бидэнд муу юм хийхгүй гэдгээ тангараглаач. Учир нь бид танд муу юм хийлгүй, таныг амар тайван явуулж сайныг л үйлдсэн билээ. Та бол Еховагийн ивээлийг хүртдэг хүн» гэж хэлжээ. 30 Исаак тэдэнд зориулж зоог барьсанд тэд идэж ууцгаалаа. 31 Өглөө нь тэд эрт босоод бие биедээ тангараг өргөв. Дараа нь Исаак тэднийг явуулсанд тэд амар тайван буцжээ.
32 Тэр өдөр зарц нар нь Исаак дээр ирээд, худаг ухсанаа дуулгаж «Ус оллоо!» гэжээ. 33 Иймд Исаак тэр худгийг Шиба гэж нэрлэв. Одоог хүртэл тэр хотыг Беершеба гэдэг нь ийм учиртай.
34 Есав 40 настайдаа хит хүн Бееригийн охин Иудит, хит хүн Елоны охин Басематыг эхнэрээ болгожээ. 35 Тэд Исаак Ребека хоёрын сэтгэлийг тун их зовоох болов.