Эхлэл
29 Үүний дараа Иаков цааш хөдлөн дорнын хүмүүсийн нутаг* руу явав. 2 Иаков талд нэгэн худаг харжээ. Худгийн хажууд гурван сүрэг хонь хэвтэж байлаа. Хоньчид ихэвчлэн тэр худгаас сүргээ усалдаг ажээ. Худгийн амыг том чулуугаар тагласан байлаа. 3 Бүх хоньчин сүргээ авчраад худгийн амыг тагласан чулууг холдуулж, хонио усалдаг байв. Дараа нь нөгөө чулуугаараа худгийн амыг буцаагаад тагладаг байжээ.
4 Иаков тэднээс «Ах дүү нар минь, та нар аль нутгийн хүмүүс вэ?» гэж асуухад тэд: «Хараных» гэж хариулав. 5 Иаков: «Та нар Нахорын ач хүү Лабаныг таних уу?» гэхэд нь «Танина, танина» гэжээ. 6 «Тэр сайн байгаа юу?» гэж асуухад тэд: «Сайн сууж байгаа. Одоо охин Рахел нь хонио хариулаад ирж яваа» гэж хэлэв. 7 Тэгэхэд нь Иаков: «Одоо үд дунд л болж байна. Хонь хураах цаг биш шүү дээ. Хонио услаад бэлчээхгүй юү» гэхэд 8 хоньчид: «Тэгж болохгүй. Бүх хоньчин сүргээ авчрахаар худгийн амнаас чулууг холдуулаад хонио усалдаг юм» гэцгээжээ.
9 Иаковыг тэдэнтэй ярьж байхад Рахел эцгийнхээ хонийг хариулсаар ирэв. Тэрбээр хоньчин билээ. 10 Иаков эхийнхээ ах Лабаны охин Рахел болон хонийг нь хармагцаа дөхөж очоод худгийн амнаас чулууг холдуулж эхийнхээ ах Лабаны хонийг услав. 11 Тэгээд Рахелийг үнсэж чанга гэгч нь асгартал уйллаа. 12 Иаков өөрийгөө эцгийнх нь хамаатан буюу Ребекагийн хүү гэдгээ Рахелд хэлэв. Рахел гүйн очиж эцэгтээ хэлжээ.
13 Лабан дүүгийнхээ хүү Иаковын тухай сонсмогцоо уулзахаар гүйлээ. Түүнийг тэвэрч үнсээд гэртээ авчрав. Иаков явдал учраа бүгдийг нь Лабанд ярьжээ. 14 Лабан: «Чи бол гарцаагүй миний мах цусны тасархай» гэж хэлэв. Ингээд Иаков тэднийд бүтэн сар байлаа.
15 Лабан Иаковт «Чамайг хамаатнаа гээд хөлсгүй ажиллуулахгүй. Ямар хөлс авахаа хэлээч» гэжээ. 16 Лабан хоёр охинтой байв. Томыг нь Леа, багыг нь Рахел гэдэг. 17 Леагийн нүд цог золбоогүй, харин Рахел ихэд үзэсгэлэнтэй, сэтгэл татам бүсгүй ажээ. 18 Иаков Рахелд сэтгэлтэй болсон тул «Би таны бага охин Рахелийн төлөө долоон жил танд зүтгэе» гэхэд 19 Лабан: «Охиноо өөр хүнд өгснөөс чамд өгсөн нь дээр. Надтай хамт бай» гэж хэллээ. 20 Иймд Иаков Рахелийн төлөө долоон жил Лабанд зүтгэв. Иаков Рахелд хайртай байсан тул тэр долоон жил хэдхэн өдөр мэт санагджээ.
21 Иаков Лабанд «Миний танд зүтгэх хугацаа дууссан тул эхнэрийг минь надад өгөөч. Би түүнтэй гэрлэе*» гэж хэлжээ. 22 Тэгэхэд нь Лабан айл саахалтынхаа бүх хүнийг цуглуулаад найр хийв. 23 Орой нь Лабан охин Леагаа Иаковтай унтуулахаар авчирлаа. 24 Лабан шивэгчин Зилпагаа охин Леадаа өгчээ. 25 Иаков өглөө нь хартал Леа байв! Иймээс Иаков Лабанд «Та яах нь энэ вэ? Би Рахелийн төлөө танд зүтгэсэн шүү дээ! Намайг яагаад мэхлэв?» гэлээ. 26 Тэгэхэд Лабан: «Манай ёсонд ууган охиноосоо түрүүлээд багыгаа өгдөггүй юм. 27 Хурим найрын долоо хоногийг өнгөрөө. Тэгээд дүүг нь бас өгье. Гэхдээ чи надад дахин долоон жил зүтгэ» гэв. 28 Иаков хэлснээр нь хийж, мөн хурим найрын долоо хоногийг өнгөрөөжээ. Тэгээд Лабан охин Рахелээ түүнд эхнэр болгон өгөв. 29 Мөн шивэгчин Билхагаа охин Рахелдээ өгчээ.
30 Иаков бас Рахелтэй унтсан бөгөөд Рахелийг Леагаас илүү хайрлан эцэгт нь дахин долоон жил зүтгэжээ. 31 Ехова Леагийн хайр үзээгүйг* хараад жирэмслэх чадвартай болгов. Харин Рахел хүүсэр байлаа. 32 Леа жирэмсэлж хүү төрүүлээд «Ехова миний зовлонг харжээ. Нөхөр минь одоо надад хайртай болно» гэж хэлэн хүүдээ Реубен* гэдэг нэр өгөв. 33 Леа дахин жирэмсэлж хүү төрүүлээд «Ехова хайр үзээгүй намайг сонсоод энэ хүүг бас өглөө» гэлээ. Тэгээд хүүдээ Симеон* гэдэг нэр өгөв. 34 Леа дахиад жирэмслэв. Хүү төрүүлээд «Одоо нөхөр минь надад татагдана. Яагаад гэвэл би түүнд гурван хүү төрүүлж өглөө» гэж хэлжээ. Иймээс хүүдээ Леви* гэдэг нэр өгсөн юм. 35 Леа дахин жирэмсэлж хүү төрүүлээд «Одоо би Еховаг магтана» гээд хүүдээ Иуда* гэдэг нэр өгчээ. Тэгээд хүүхэд төрүүлэх нь зогсов.