Эхлэл
33 Иаков Есавыг 400 хүнтэй ирж явааг хараад хүүхдүүдээ Леа, Рахел болон хоёр шивэгчиндээ хариуцуулж өглөө. 2 Тэрбээр урд талд шивэгчдээ хүүхдүүдтэй нь, тэдний араас Леаг хүүхдүүдтэй нь, ард талд нь Рахел Иосеф хоёрыг явуулахаар болов. 3 Тэгээд өөрөө тэдний урд явав. Иаков долоон удаа сөхөрч мөргөсөөр ахдаа дөхөж очжээ.
4 Есав Иаков руу гүйн очиж тэвэрч үнсээд, хоёулаа асгартал уйллаа. 5 Есав эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хараад Иаковаас «Чамтай хамт яваа энэ хүмүүс юун хүмүүс вэ?» гэж асуухад «Таны зарцад Бурхны хайрласан хүүхдүүд» гэж хариулжээ. 6 Тэгэхэд хоёр шивэгчин хүүхдүүдтэйгээ ирээд сөхөрч мөргөв. 7 Леа ч хүүхдүүдтэйгээ ирж сөхөрч мөргөлөө. Дараа нь Иосеф Рахелтэй ирж сөхөрч мөргөв.
8 Есав Иаковаас «Надтай дайралдсан хүмүүс, мал сүрэг ямар учиртай юм бэ?» гэж асуухад Иаков: «Таны таалалд нийцүүлэх гээд өгч байгаа юм» гэж хариулав. 9 Есав: «Дүү минь, би их эд хөрөнгөтэй. Чи өөртөө үлдээ» гэлээ. 10 Харин Иаков: «Үгүй ээ. Хэрэв би таны таалалд нийцсэн бол бэлгийг минь авна уу. Би тантай нүүр тулж уулзах гэж энэ бэлгийг авчирсан юм шүү дээ. Та намайг найрсгаар угтан авсан болохоор би таны нүүрийг харснаа Бурхны нүүрийг харсан мэт үзэж байна. 11 Танд л гэж авчирсан бэлгийг минь авна уу. Бурхан намайг таалсан тул хэрэгтэй бүхнийг минь өгсөн» гэв. Иаков ятгасаар байсан тул Есав бэлгийг нь авчээ.
12 Дараа нь Есав: «Эндээс хөдөлж замд гарцгаая. Би чиний урд явъя» гэв. 13 Гэвч Иаков: «Хүүхдүүд минь бага балчир, мал сүрэг маань нялх төлтэй. Нэг өдөр ширүүн туувал мал сүрэг минь үхэж үрэгдэх аюултайг эзэн та мэдэх билээ. 14 Эзэн минь, та зарцаасаа түрүүлээд явна уу. Харин би мал сүрэг, үр хүүхдүүдийнхээ аясаар аажуу уужуу яваад Сеирт эзэн тан дээр очъё» гэлээ. 15 Тэгэхэд Есав: «Тэгвэл би хэдэн хүнээ чамтай үлдээе» гэхэд Иаков: «Тэгэх хэрэггүй. Би эзэн таныхаа таалалд нийцсэн л бол боллоо» хэмээжээ. 16 Ингээд Есав тэр өдөр Сеир лүү буцжээ.
17 Иаков Суккотод очоод өөртөө байшин, мал сүрэгтээ саравч барьжээ. Иаков тэр газрыг Суккот* гэж нэрлэсэн нь ийм учиртай.
18 Иаков Паддан-Арамаас гарч Канаан нутгийн Шехем хотод эсэн мэнд ирээд хотын ойролцоо майхнаа барьжээ. 19 Майхнаа барьсан тэр газраа Шехемийн эцэг Хаморын хөвгүүдээс 100 ширхэг мөнгөөр худалдаж авсан юм. 20 Тэнд тахилын ширээ босгоод түүнийгээ Бурхан буюу Израйлын Бурхан гэж нэрлэжээ.