Эхлэл
42 Иаков Египетэд тариа будаа байгааг дуулаад хөвгүүддээ «Та нар яагаад бие биеэ харан зүгээр сууна вэ?» гээд 2 «Египетэд тариа будаа байгаа гэж дууллаа. Тийшээ явж тариа будаа худалдаж ав. Ингэж бүгдээрээ өлсөж үхэлгүй, амиа аваръя» гэж хэлэв. 3 Ингээд Иосефын 10 ах Египетээс тариа будаа худалдаж авахаар явлаа. 4 Гэхдээ Иаков: «Бениаминд муу юм тохиолдож амиа алдах вий» хэмээгээд Иосефын дүү Бениаминыг ах нартай нь явуулсангүй.
5 Канаан нутаг өлсгөлөнд нэрвэгдсэний улмаас тариа будаа худалдаж авахаар Египетэд очсон хүмүүсийн дунд Израйлын хөвгүүд ч байлаа. 6 Иосеф Египетийг захирч, газар дэлхийн бүх хүнд тариа будаа зарж байсан учраас ах нар нь Иосеф дээр очиж сөхөрч мөргөлөө. 7 Иосеф ах нараа хармагцаа таньсан ч өөрийгөө таниулсангүй. Тэгээд ах нартайгаа ширүүн харьцаж «Та нар хаанаас ирэв?» гэхэд тэд: «Бид тариа будаа авахаар Канаанаас ирлээ» гэжээ.
8 Иосеф ах нараа таньсан боловч ах нар нь Иосефыг таньсангүй. 9 Иосеф ах нараа зүүдэлж байснаа тэр даруй санав. Тэрбээр: «Та нар тагнуул хийж яваа юм байна. Манай нутгийн хаана дэл сул газар байгааг мэдэхээр иржээ» гэхэд 10 «Үгүй, эзэн минь. Таны боол бид тариа будаа авахаар ирсэн билээ. 11 Бид бол нэг эцгийн хөвгүүд, үнэнч шударга хүмүүс. Таны боол бид тагнуул биш ээ» гэж өчив. 12 Иосеф: «Тагнуул л байж таарна! Манай нутгийн хаана дэл сул газар байгааг мэдэхээр ирээ биз дээ!» гэж хэлэв. 13 Тэд: «Таны боол бид нэг эцгийн хөвгүүд, ах дүү арван хоёулаа. Эцэг маань Канаанд суудаг. Отгон дүү маань эцэгтэйгээ хамт байгаа. Харин нэг дүү маань байхгүй болсон» гэж хариуллаа.
14 Иосеф: «Миний хэлсэн зөв. Та нар тагнуул мөн. 15 Та нарыг шалгаж үзнэ. Отгон дүүг чинь иртэл та нарыг эндээс явуулахгүй гэдгээ фараоны амьд буйгаар тангараглаж байна. 16 Иймд нэгийгээ явуулж дүүгээ авчруул. Харин бусад нь хорионд байна. Үнэнээ хэлсэн эсэхийг чинь ингэж мэдье. Дүүгээ авчрахгүй бол та нарыг гарцаагүй тагнуул мөн гэж үзэхээ фараоны амьд буйгаар тангараглаж байна» гэжээ. 17 Ингээд Иосеф тэднийг гурван өдөр хорив.
18 Гурав дахь өдөр нь Иосеф тэдэнд «Би Бурхнаас эмээдэг хүн. Миний хэлснийг хийж, амиа аврагтун. 19 Та нар үнэнч шударга хүмүүс юм бол нэгийгээ хорионд үлдээгээд бусад нь яв. Өлсгөлөнд нэрвэгдсэн гэрийнхэндээ тариа будаа аваачиж өг. 20 Тэгээд отгон дүүгээ авчир. Тэгвэл үнэнээ хэлсэн чинь батлагдаж, та нар үхэхгүй» гэж хэлэв. Тэд хэлснээр нь хийжээ.
21 Тэд нэг нэгэндээ «Дүүдээ муу юм хийснээс болж шийтгүүлж байгаа нь энэ. Дүү маань асар их шаналан, өрөвдөж энэрэхийг гуйж байсныг бид харсан ч өрөвдөөгүй шүү дээ. Тэгээд одоо өөрсдөө зовж байна» гэцгээв. 22 Тэгэхэд Реубен: «“Хүүхдэд битгий хор хүргэ” гэж би та нарт хэлээгүй юү? Гэтэл та нар намайг сонсоогүй. Одоо Бурхан биднээс амийг нь* нэхэж байна» гэв. 23 Тэд Иосефыг яриаг нь ойлгож байгааг мэдсэнгүй. Учир нь Иосеф тэдэнтэй хэлмэрчээр дамжуулан ярьж байлаа. 24 Иосеф тэднийг орхиж гараад уйлав. Буцаж ирээд яриагаа үргэлжлүүлжээ. Тэгээд Симеоныг барьж аваад тэдний өмнө хүлэв. 25 Мөн Иосеф зарц нартаа тушаан шуудайнуудыг нь тариа будаагаар дүүргүүлж, хүн бүрийн мөнгийг шуудайнд нь буцаан хийлгэж, замын хүнс өгүүлжээ.
26 Ингээд тэд тариа будаагаа илжгэндээ ачаад явлаа. 27 Буудаллах газраа ирээд нэг нь илжгэндээ тэжээл өгөхөөр шуудайнхаа амыг нээсэнд мөнгө байх нь тэр! 28 Тэрбээр ах дүүстээ «Миний мөнгийг буцаагаад хийчихэж. Шуудайнд байна!» гэхэд тэд айдаст автан түгшиж бие биедээ «Бурхан бидэнд юу хийх нь энэ вэ?» гэлцэв.
29 Тэд Канаанд эцэг Иаков дээрээ очин болсон бүхнийг ярьж өгчээ. 30 Тэд: «Тэр нутгийн эзэн бидэнтэй ширүүн харьцаж, биднийг тагнуул гэж сэжиглэсэн. 31 Тэгэхээр нь бид тэр хүнд “Бид үнэнч шударга хүмүүс, тагнуул биш. 32 Нэг эцгийн хөвгүүд, ах дүү арван хоёулаа. Нэг маань байхгүй болсон. Отгон дүү маань Канаанд эцэгтэйгээ хамт байгаа” гэж хэлсэн юм. 33 Тэгтэл тэр нутгийн эзэн: “Та нарын үнэнч шударгыг ингэж мэдье. Ах дүү нарынхаа нэгийг надтай үлдээгээд өлсгөлөнд нэрвэгдсэн гэрийнхэндээ тариа будаа аваачиж өгөхөөр яв. 34 Тэгээд отгон дүүгээ авчир. Тэгвэл би та нарыг тагнуул биш, үнэнч шударга хүмүүс гэдгийг мэдье. Дараа нь би ахыг чинь та нарт буцааж өгнө. Та нар манай нутгаас тариа будаа худалдаж авч болно” хэмээсэн» гэж ярив.
35 Тэднийг шуудайнуудаа суллаж байтал хүн бүрийн шуудайнд боодолтой мөнгө нь байлаа! Тэд ч, эцэг нь ч боодолтой мөнгийг хараад айн балмагдав. 36 Эцэг Иаков нь: «Та нараас болж би хүүхдүүдээсээ хагацаж байна! Иосеф байхгүй болсон, Симеон ч байхгүй боллоо. Одоо Бениаминыг авах нь уу? Би ингэж их зовох гэж!» хэмээн халаглажээ. 37 Тэгтэл Реубен эцэгтээ «Би Бениаминыг танд буцааж авчрахгүй бол та миний хоёр хүүг хөнөөгөөрэй. Бениаминыг надад даатгана уу. Би танд буцааж авчирна» гэлээ. 38 Тэгсэн ч Иаков: «Би хүүгээ та нартай хамт явуулахгүй. Ах нь өнгөрөөд ганцаараа үлдсэн юм. Та нартай явж байгаад муу юм тохиолдож амиа алдвал хөгшин би та нараас болж уй гашууд автаж Булшинд* орно» гэж хэлжээ.