Нэгдүгээр хаад
10 Шебагийн хатан хаан Еховагийн нэрийг алдаршуулсан Соломоны алдар цууг сонсоод хүнд бэрх асуултуудаар* сорихоор түүн дээр иржээ. 2 Тэрбээр Иерусалимд асар олон албат зарцаа дагуулаад гүглийн тос, үнэт чулуунууд, хэмжээлшгүй их алт ачсан тэмээнүүдтэй ирэв. Тэгээд Соломонд бараалхаж сэтгэлдээ байсан бүхнээ ярилцав. 3 Соломон хаан асуусан болгонд нь хариулсан бөгөөд тайлбарлахад дэндүү хэцүү зүйл түүнд нэг ч байсангүй.
4 Шебагийн хатан Соломоны хэчнээн их мэргэн ухаантайг ойлгож, түүний барьсан ордон, 5 түүний ширээн дээрх хоол унд, албатуудынх нь сууж буй байдал, зөөгчдийнх нь өмссөн хувцас, үйлчилж буй байдал, хааны сөнч нар, Еховагийн өргөөнд байнга өргөдөг шатаалт тахилуудыг нь хараад гайхан бишрэв. 6 Тиймээс хаанд «Би нутагтаа байхдаа таны ололт амжилт*, мэргэн ухааны талаар сонссон. Тэр бүхэн үнэн байж! 7 Би ирж нүдээрээ хартлаа таны тухай сонссон зүйлдээ итгээгүй юм. Гэтэл миний сонссон зүйл энэ бүхний хагаст ч хүрэхгүй юм байна. Таны мэргэн ухаан, эд баялаг миний сонссоноос хол давуу юм байна. 8 Таны ард түмэн хэчнээн жаргалтай хүмүүс вэ! Таны өмнө үргэлж зогсож мэргэн ухаанаас тань сонорддог албатууд тань хэчнээн жаргалтай хүмүүс вэ! 9 Таныг Израйлын сэнтийд дуртайяа залсан Ехова Бурхан тань магтагдах болтугай! Ехова Израйлыг үнэнчээр хайрласан учраас тэднийг шударгаар шүүлгэж, үнэн зөвөөр захируулахаар таныг хаанаар сонгожээ» гэжээ.
10 Тэгээд Шебагийн хатан Соломон хаанд үнэт чулуунууд, 120 талант* алт, хэмжээлшгүй их гүглийн тос өгчээ. Шебагийн хатнаас Соломон хаанд бэлэглэсэн шиг тийм их гүглийн тос дахин хэн ч авчраагүй билээ.
11 Офироос алт тээвэрлэдэг Хирамын хөлөг онгоцнууд тэндээс үнэт чулуунууд, их хэмжээний улаан зандан мод бас авчирдаг байв. 12 Хаан тэр улаан зандан моднуудаар Еховагийн өргөө болон өөрийнхөө ордны тулгууруудыг, мөн дуучдад зориулан босоо ятга, чавхдаст хөгжмүүдийг хийжээ. Ийм их хэмжээний улаан модыг дахиж хэн ч авчраагүй бөгөөд өнөөг хүртэл дахин үзэгдээгүй юм.
13 Соломон хаан Шебагийн хатан хаанд өгөөмөр сэтгэлээр бэлэг өгчээ. Мөн гуйсан хүссэн бүхнийг нь өгөв. Үүний дараа хатан албатуудтайгаа нутаг буцав.
14 Соломоны нэг жилд хүлээн авдаг алтны хэмжээ нь 666 талант байв. 15 Түүнээс гадна тэрбээр худалдаачид, наймаачид, Арабын бүх хаан, Израйлын захирагчдаас ашиг авдаг байлаа.
16 Соломон хаан хольцтой алтаар 200 том бамбай (бамбай бүрд 600 шекел* алт орсон), 17 хольцтой алтаар 300 жижиг бамбай* (бамбай тус бүрд 3 мина* алт орсон) хийлгэж Ливаны ой хэмээх ордонд тавьжээ.
18 Хаан бас зааны соёогоор сүрлэг сайхан сэнтий урлуулж шижир алтаар бүрүүлжээ. 19 Сэнтий нь зургаан шаттай, хоёр талдаа гарын түшлэгтэй, гарын түшлэгнийхээ хажууд тус бүр нэг нэг арслангийн барималтай байв. Сэнтийн дээгүүр нуман саравч байлаа. 20 Зургаан шатны үзүүр тус бүрд нэг нэг буюу нийтдээ 12 арслангийн баримал байв. Өөр ямар ч хаант улс үүн шиг юм хийгээгүй билээ.
21 Соломон хааны ундны бүх аяга сав нь алтан байлаа. Мөн Ливаны ой хэмээх ордны бүх эд хэрэгсэл шижир алтан байв. Соломоны үед мөнгө үнэ цэнгүй байсан тул мөнгөн эдлэл нэг ч байсангүй. 22 Соломон хаанд Таршишийн хөлөг онгоцнууд байсан бөгөөд тэдгээр нь Хирамын хөлөг онгоцнуудтай хамт далайд гардаг байжээ. Гурван жил тутамд нэг удаа алт, мөнгө, зааны соёо, сармагчин, тогос ачиж ирдэг байсан юм.
23 Соломон хаан дэлхийн бүх хаанаас илүү баян, илүү мэргэн ухаантай байв. 24 Бурхны түүнд өгсөн мэргэн ухаанаас сонордохоор дэлхий дахинаас хүмүүс ирдэг байжээ. 25 Тэд тус бүрдээ мөнгөн эдлэл, алтан эдлэл, хувцас хунар, хуяг дуулга, гүглийн тос, морь, луусыг бэлэг болгон авчирдаг байв. Жил бүр ийн авчирдаг байжээ.
26 Соломон хаан морин тэрэг, морьдынхоо* тоог нэмсээр байв. Тэрбээр 1 400 морин тэрэг, 12 000 морьтой* байсан бөгөөд тэдгээрийг морин тэрэгний хотууд болон Иерусалимд өөртэйгөө ойрхон байршуулжээ.
27 Тэрбээр Иерусалимд мөнгийг чулуу шиг ердийн зүйл болгож, хуш модыг Шефелагийн* инжрийн мод шиг элбэг болгосон юм.
28 Соломон хааны морьдыг Египетээс оруулж ирдэг байсан бөгөөд түүний худалдаачид* тогтсон үнээр нь, сүрэг сүргээр нь худалдаж авдаг байлаа. 29 Египетээс нэг морин тэргийг 600 мөнгөн шекелээр, нэг морийг 150 мөнгөн шекелээр оруулж ирээд хитчүүдийн бүх хаан, Сирийн хаадад зардаг байв.