Нэгдүгээр хаад
14 Тэр үед Иеробоамын хүү Абиа өвдөв. 2 Иймээс Иеробоам эхнэртээ «Миний эхнэр гэж танигдахааргүй болтлоо зүсээ хувиргаад Шило руу явна уу. Тэнд зөнч Ахиа байгаа. Тэр бол намайг энэ ард түмний хаан болно гэж хэлсэн хүн. 3 Чи 10 талх, хэдэн боов, савтай зөгийн бал авч яв. Тэр хүн хүүд маань юу тохиолдохыг хэлж өгнө» гэв.
4 Иеробоамын эхнэр хэлснээр нь хийв. Тэрбээр Шило руу явж Ахиагийн гэрт очжээ. Ахиа өтөлсөн тул хараагүй болж, юм харахаа больсон байв.
5 Ехова Ахиад «Иеробоамын эхнэр өвдсөн хүүгийнхээ тухай асуухаар чам руу ирж байгаа. Түүнд юу гэж хэлэх ёстойг чинь би чамд зааж өгнө*. Тэр зүсээ хувиргаад чам дээр ирнэ» гэж хэлсэн байлаа.
6 Ахиа Иеробоамын эхнэрийг үүдээр орж ирж байхад нь хөлийн чимээг нь сонсмогцоо «Иеробоамын эхнэр ээ, ороод ир. Чи юунд зүсээ хувиргав? Би чамд их л муу мэдээ сонсгох хэрэгтэй боллоо доо. 7 Явж, Иеробоамд ингэж хэл. “Израйлын Бурхан Ехова ийн айлдаж байна. «Би чамайг өөрийнхөө ард түмэн израйлчуудын удирдагч болгохын тулд тэдний дундаас чамайг өргөмжилсөн. 8 Тэгээд Давидын угсаанаас хаант төрийг булаан авч чамд өгсөн. Давид миний тушаалуудыг сахиж, бүхий л зүрх сэтгэлээрээ намайг дагаж, миний зөв гэж үздэг зүйлсийг л хийдэг байсан. Харин чи миний үйлчлэгч Давид шиг байсангүй. 9 Чи өмнөх хаадаасаа ч илүүгээр бузар мууг үйлдэж, намайг уурлуулахын тулд өөртөө зориулан өөр бурхан, цутгамал шүтээнүүдийг хийж над руу нуруугаа харуулсан. 10 Тийм учраас Иеробоам аа, би танайхныг гай зовлонд унагаж, Израйл дахь танай эр хүйстэн бүрийг дорд мөхөс гэлтгүй бүгдийг нь устгана. Амьтны баасыг юу ч үлдээлгүй цэвэрлэдэг шиг би танайхныг үгүй хийнэ. 11 Иеробоам аа, танайхнаас хотод үхсэнийг нь ноход идэж, хээр үхсэнийг нь тэнгэрийн шувууд иднэ. Учир нь Ехова үүнийг айлдсан юм» гэж байна” гээрэй.
12 Одоо гэртээ харигтун. Чамайг хот руу ормогц хүүхэд чинь үхнэ. 13 Хамаг Израйл түүний хойноос гашуудаж, оршуулна. Израйлын Бурхан Ехова Иеробоамынхнаас ганцхан тэр хүүгээс л сайн юм олж харсан учраас түүнийг л булшинд оршуулна. 14 Ехова Израйлыг захирах хааныг өөрийнхөө төлөө томилно. Тэрбээр хүсвэл одоо ч томилж чадна. Тэр хаан нь томилогдсон өдрөөсөө Иеробоамынхныг устгана. 15 Ехова Израйлыг шийтгэж усанд найгах зэгс шиг болгоно. Эцэг өвгөдөд нь өгсөн энэ сайхан газраас Израйлыг үндсээр нь суга татаж, Их мөрний* чанад руу тараана. Учир нь тэд ариун шонгууд хийж Еховаг уурлуулсан юм. 16 Иеробоамын өөрийнх нь үйлдсэн нүгэл болон Израйлаар үйлдүүлсэн нүглийнх нь улмаас тэрбээр Израйлыг орхино» гэжээ.
17 Ингээд Иеробоамын эхнэр Тирза руу буцав. Түүнийг гэрийнхээ босгыг давахад хүү нь өнгөрчээ. 18 Зөнч, үйлчлэгч Ахиагаараа хэлүүлсэн Еховагийн үгийн дагуу тэд хүүг оршуулж, хамаг Израйл хойноос нь гашуудав.
19 Иеробоамын хэрхэн дайтаж, хэрхэн захирч байсан тухай бусад түүх нь Израйлын хаадын түүхийн номд бичигдсэн билээ. 20 Иеробоам 22 жил төр бариад эцэг өвгөдийнхөө нэгэн адил нойрссон юм. Түүний дараа хүү Надаб нь хаан болов.
21 Тэр үед Иудагийн хаан нь Соломоны хүү Рехобоам байв. Рехобоам 41 настайдаа хаан болжээ. Израйлын бүх овгийн дотроос Еховагийн нэр алдрынхаа төлөө сонгосон Иерусалим хотод тэрбээр 17 жил төр барьжээ. Эх нь аммон эмэгтэй Наама юм. 22 Иудагийн хаант улс Еховагийн бузар муу гэж үздэг зүйлсийг үйлдсэн бөгөөд тэд үйлдсэн нүглээрээ эцэг өвгөдөөсөө ч илүүгээр түүнийг хилэгнүүлсэн. 23 Тэд эцэг өвгөд шигээ өндөр толгод бүр дээр, сүрлэг мод бүрийн доор мөргөлийн өндөрлөгүүд байгуулж, ариун баганууд, ариун шонгууд* босгодог байв. 24 Нутагт нь бас сүмийн янхан эрчүүд байлаа. Израйлчуудын өмнөөс Еховагийн хөөн зайлуулсан үндэстнүүдийн бүхий л жигшүүрт зүйлсийг иудачууд үйлдсэн юм.
25 Рехобоам хааны тавдугаар онд Египетийн хаан Шишак Иерусалим руу довтлохоор иржээ. 26 Тэрбээр Еховагийн өргөөний болон хааны ордны эрдэнэс, Соломоны хийсэн алтан бамбайнууд гээд байсан бүхнийг нь хуу хаман авч оджээ. 27 Тэгэхэд нь Рехобоам хаан оронд нь зэс бамбайнууд хийж, хааны ордны үүдийг сахидаг харуулын дарга нарт хариуцуулсан юм. 28 Хааныг Еховагийн өргөө рүү явах бүрд харуулууд тэдгээрийг барьж яваад, дараа нь харуулын өрөөнд буцааж тавьдаг байлаа.
29 Рехобоамын бусад түүх, хийсэн бүхэн нь Иудагийн хаадын түүхийн номд бичигдээгүй гэж үү? 30 Рехобоам Иеробоам хоёр хоорондоо үргэлж дайтаж байв. 31 Рехобоам эцэг өвгөдийнхөө нэгэн адил нойрссон бөгөөд түүнийг Давидын хотод, эцэг өвгөдийнх нь булшинд оршуулжээ. Түүний эх нь аммон эмэгтэй Наама юм. Рехобоамын оронд хүү Абиам* нь хаан болжээ.