Нэгдүгээр хаад
22 Сири Израйлын хооронд гурван жил дайн гарсангүй. 2 Гурав дахь жилд нь Иудагийн хаан Иехошафат Израйлын хаан руу явжээ. 3 Израйлын хаан албатууддаа «Та нар Рамот-гилеадыг манайх гэдгийг мэдэх үү? Гэхдээ бид Сирийн хаанаас буцааж авахгүй хойш суугаад л байна» гэв. 4 Дараа нь Иехошафатад «Та надтай хамт Рамот-гилеад руу довтлохоор явах уу?» гэхэд Иехошафат Израйлын хаанд «Та бид хоёр чинь нэг тал шүү дээ. Миний ард түмэн таны ард түмэн, миний морьд таны морьд л гэсэн үг» гэлээ.
5 Гэхдээ Иехошафат Израйлын хаанд «Эхлээд Еховагийн юу гэхийг лавлана уу» гэв. 6 Тэгэхэд Израйлын хаан 400-гаад зөнчийг цуглуулаад «Би Рамот-гилеад руу довтлохоор явах уу, болих уу?» гэсэнд тэд: «Яв, яв. Ехова тэр хотыг таны эрхшээлд оруулна» гэлээ.
7 Иехошафат: «Энд Еховагийн зөнч алга уу? Түүнээс бас асууя» гэхэд 8 Израйлын хаан: «Еховагаас асуулгах бас нэг хүн байгаа. Гэхдээ би түүнийг үзэн яддаг юм. Тэр хэзээ ч миний талаар сайн юм зөгнөж байгаагүй, мууг л зөгнөдөг. Тэр бол Имлагийн хүү Микаиа» гэв. Харин Иехошафат: «Хаан хүн ийм юм хэлж болно гэж үү?» гэжээ.
9 Иймд Израйлын хаан түшмэлээ дуудан «Имлагийн хүү Микаиаг бушуу дуудаж авчир» гэв. 10 Тэр үед Израйлын хаан болон Иудагийн хаан Иехошафат нар хааны өмсгөлөө өмсөн Самари хотын дааман хаалганы үүдэнд, үтрэмд тус тусынхаа сэнтийд заларсан байв. Тэдний өмнө зөнчид бүгдээрээ зөгнөж байлаа. 11 Хенаанагийн хүү Зедекиа өөртөө хоёр төмөр эвэр хийж «Ехова ингэж айлдаж байна. “Эдгээрээр та сиричүүдийг устаж дуустал нь мөргөнө”» гэв. 12 Бусад зөнч бас адилхан юм зөгнөж «Рамот-гилеад руу яв. Та ялалт байгуулна. Ехова тэр хотыг хаан таны эрхшээлд оруулна» гэцгээж байлаа.
13 Микаиаг дуудахаар явсан зөнч Микаиад «Зөнчид бүгдээрээ л хаанд таалагдах юм хэлж байна. Та ч бас тэдэн шиг хаанд таалагдах юм хэлээрэй» гэхэд 14 Микаиа: «Амьд Бурхан Еховагаар тангараглая. Би Еховагийн хэлснийг л хэлнэ» гэв. 15 Тэгээд Микаиаг Израйлын хаан дээр очиход хаан түүнээс «Микаиа, бид Рамот-гилеад руу довтлохоор явах уу, болих уу?» гэхэд Микаиа: «Яв, яв. Та ялалт байгуулна. Ехова тэр хотыг хаан таны эрхшээлд оруулна» гэлээ. 16 Тэгэхэд нь хаан: «Надад Еховагийн нэрээр зөвхөн үнэнийг л хэл гэж би чамд хэчнээн удаа сануулж, тангараглуулах ёстой юм бэ?» гэв. 17 Микаиа: «Би израйлчуудыг хоньчингүй хонь мэт уулсаар тарж бутрахыг үзэв. Ехова: “Тэд эзэнгүй болсон. Тэд бүгд гэр гэр лүүгээ амар тайван харьцгааг” гэж айлдсан» гэлээ.
18 Иехошафатад Израйлын хаан: «“Тэр миний талаар хэзээ ч сайн юм зөгнөж байгаагүй, мууг л зөгнөдөг” гэж би танд хэлсэн биз дээ?» гэв.
19 Тэгэхэд Микаиа: «Еховагийн үгийг сонсогтун. Би сэнтийдээ залран буй Еховаг, бас түүний хажууд буюу баруун, зүүн талд нь зогсож байгаа тэнгэрийн бүх цэргийг нь үзэв. 20 Ехова: “Хэн Ахабыг хуурах вэ? Хэрвээ Ахаб хууртвал Рамот-гилеад руу явж довтлоод үхнэ” гэв. Ийн асуухад нь тэнгэрийн элч нар өөр өөр юм хэлэв. 21 Тэгтэл нэг тэнгэрийн элч урагш гарч Еховагийн өмнө зогсоод “Би түүнийг хууръя” гэхэд Ехова: “Чи түүнийг яаж хуурах юм бэ?” гэлээ. 22 Тэнгэрийн элч: “Би очоод бүх зөнчөөр нь худлаа яриулъя” гэхэд Бурхан: “Тэг тэг. Чи хуурч чадна. Явж хэлснээрээ хийгтүн” гэсэн юм. 23 Ехова тэр тэнгэрийн элчид ийн зөвшөөрсөн тул таны энэ бүх зөнч худлаа ярьж байгаа юм. Үнэндээ танд муу юм тохиолдохыг Ехова айлдсан» гэжээ.
24 Хенаанагийн хүү Зедекиа Микаиад дөхөж очоод хацрыг нь алгадаж «Чи тэгээд Еховагийн агуу хүч надаас авагдаж, чамд өгөгдсөн гэх гээ юү? Чамаар дамжуулан ярих юм гэж үү?» гэхэд 25 Микаиа: «Чи энэ талаар хамгийн дотоод өрөөнд нуугдахаар орох өдрөө мэднэ» гэлээ. 26 Израйлын хаан: «Микаиаг авч яваад хотын захирагч Амон, хааны хүү Иоашт тушаа. 27 Тэдэнд “«Намайг эсэн мэнд буцаж иртэл энэ хүнийг шоронд хорьж, жаахан л талх, ус өгч бай» гэж хаан хэлүүлж байна” гэж хэл» гэлээ. 28 Тэгэхэд нь Микаиа: «Хэрвээ таныг эсэн мэнд буцаж ирвэл Ехова надаар дамжуулж яриагүй гэсэн үг» гээд «Хүмүүс ээ, үүнийг санаж яв» гэв.
29 Израйлын хаан болон Иудагийн хаан Иехошафат нар Рамот-гилеад руу явав. 30 Иехошафатад Израйлын хаан: «Би зүсээ хувиргаад тулаанд оръё. Харин та хааны өмсгөлтэйгөө тулаанд ороорой» гэлээ. Ингээд Израйлын хаан зүсээ хувиргаад тулаанд оров. 31 Сирийн хаан тэрэгт цэргийн 32 жанжиндаа «Цэрэг, жанждын хэнтэй нь ч бүү тулалд. Зөвхөн Израйлын хаан руу дайр» гэж тушаажээ. 32 Тэрэгт цэргийн жанжид Иехошафатыг хармагцаа өөр хоорондоо «Тэр яах аргагүй Израйлын хаан байна» гэлцэв. Тэгээд тэднийг Иехошафат руу дайрахад тэрбээр тусламж эрэн хашхирчээ. 33 Тэрэгт цэргийн жанжид түүнийг Израйлын хаан биш болохыг мэдмэгцээ буцаад явчхав.
34 Гэтэл нэгэн харваачийн тэнэсэн сум Израйлын хааныг онож, хуягных нь хайрсан завсраар сүлбэжээ. Хаан дайны тэрэгнийхээ хөтчид «Жолоогоо эргүүл. Намайг тулааны талбараас авч гар. Би хүнд шархадчихлаа» гэв. 35 Тэр өдрийн тулаан ширүүн байсан болохоор хаан сиричүүдийн өмнө тэргэн дээрээ хүмүүсээр түшүүлэн зогссоор байгаад орой болоход нас барав. Шархнаас нь урссан цус тэрэгнийх нь шаланд тунасан байлаа. 36 Нар жаргахын алдад цэргүүдэд «Хүн бүр өөр өөрсдийнхөө хот руу буцацгаа! Тус тусынхаа эзэмшил рүү явцгаа!» гэж зарлан тунхаглав. 37 Хүмүүс нас барсан хаанаа Самарид аваачиж оршуулсан юм. 38 Тэднийг Ахабын дайны тэргийг Самарийн цөөрөмд угаах үед ноход цусыг нь долоож байсан бөгөөд энэ нь Еховагийн айлдсан ёсоор болсон юм. Мөн тэнд янхнууд усанд орж байлаа*.
39 Ахабын бусад түүх, хийж бүтээсэн бүхэн, түүний барьсан зааны соёон ордон болон барьж байгуулсан бүх хотынх нь тухай Израйлын хаадын түүхийн номд бичигдээгүй гэж үү? 40 Ахаб эцэг өвгөдийнхөө нэгэн адил нойрсож, оронд нь хүү Ахазиа нь хаан болов.
41 Израйлын хаан Ахабын дөрөв дэх жилд Асагийн хүү Иехошафат Иудагийн хаан болсон юм. 42 Иехошафат 35 насандаа хаан болсон бөгөөд Иерусалимд 25 жил төр барьжээ. Эх нь Шилхигийн охин Азуба юм. 43 Иехошафат эцэг Асагийнхаа зам мөрөөр замнаж, түүнээс гажаагүй бөгөөд Еховагийн зөв гэж үздэг бүхнийг хийсэн билээ. Гэвч мөргөлийн өндөрлөгүүд зайлуулагдсангүй. Ард олон мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөж, тахилын утаа суунаглуулсаар байлаа. 44 Иехошафат Израйлын хаантай үргэлж эв найрамдалтай байв. 45 Иехошафатын бусад түүх, байгуулсан гавьяа, хэрхэн дайтаж явсан зэрэг нь Иудагийн хаадын түүхийн номд бичигдээгүй гэж үү? 46 Тэрбээр бас эцэг Асагийнхаа үеэс үлдсэн сүмийн янхан эрчүүдийг газар нутгаасаа зайлуулсан юм.
47 Тэр үед Едомд хаан байгаагүй бөгөөд хааны үүргийг захирагч гүйцэтгэж байв.
48 Иехошафат бас Офироос алт зөөлгөхөөр Таршиш хөлөг онгоцнууд* хийсэн бөгөөд тэдгээр нь Езион-геберт сүйрсэн тул Офирт хүрсэнгүй. 49 Ахабын хүү Ахазиа Иехошафатад «Би албатуудаа таны албатуудтай хамт хөлөг онгоцнууд дээр чинь явуулъя*» гэхэд Иехошафат зөвшөөрөөгүй юм.
50 Иехошафат эцэг өвгөдийнхөө нэгэн адил нойрссон бөгөөд түүнийг өвөг эцэг Давидынх нь хотод эцэг өвгөдийнх нь булшинд оршуулжээ. Түүний оронд хүү Иехорам нь хаан болсон юм.
51 Иудагийн хаан Иехошафатын 17 дугаар онд Ахабын хүү Ахазиа Самарид Израйлын хаан болж Израйлыг хоёр жил захирав. 52 Тэрбээр Еховагийн бузар муу гэж үздэг зүйлсийг үйлдсээр байсан бөгөөд эцэг эхийнхээ зам мөрөөр болон Израйлаар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын замаар замнасан юм. 53 Тэрбээр эцгийнхээ нэгэн адил Баалд үйлчилж, мөргөн Израйлын Бурхан Еховаг хилэгнүүлсээр байлаа.