Нэгдүгээр хаад
6 Израйлчуудыг Египетээс гарснаас хойш 480 дахь жилд, Соломоныг Израйлын хаан болсноос хойш 4 дэх жилд, Зив* сард (энэ нь 2 дугаар сар) Соломон Еховагийн өргөөг* барьж эхлэв. 2 Соломон хааны Еховад зориулж барьсан өргөөний урт нь 60 тохой*, өргөн нь 20 тохой, өндөр нь 30 тохой байв. 3 Өргөөний үүдний танхим нь өргөөний өргөнтэй адил 20 тохой урт*, өргөөнөөс урагш 10 тохой илүү гарсан байв.
4 Тэрбээр өргөөнд дотогш тэлсэн хүрээтэй* цонхнууд гаргажээ. 5 Мөн өргөөний Ариун газар* болон Ариунаас ариун газрын* ханыг тойруулаад залгаа өргөтгөл барьж, дотор нь өрөөнүүд гаргажээ. 6 Доод давхрын өрөөнүүдийн өргөн нь 5 тохой, дунд давхрынх нь 6 тохой, гурван давхрынх нь 7 тохой байв. Тэрбээр өргөөний ханыг нүхлэхгүйн тулд өргөөний эргэн тойронд нэмэлтээр догол хийж, давхар бүрийн дүнзнүүдийг тогтоожээ.
7 Аль хэдийн олборлож зассан чулуугаар өргөөг барьсан тул өргөөг барьж байхад нэг ч алх, сүх, төмөр багажны чимээ гараагүй юм. 8 Өргөтгөлийн хамгийн доод давхрын үүд нь өргөөний өмнө талд байсан бөгөөд дугуйрсан шатаар хоёр, гурван давхар луугаа гардаг байв. 9 Тэгээд өргөөг барьж дуусган дээврийг нь хуш модоор хийв. 10 Тэрбээр өргөөний өргөтгөлийг 5 тохой өндөр барьсан бөгөөд хушин дүнзээр өргөөтэй бэхэлжээ.
11 Тэр үед Ехова Соломонд үгээ айлдан 12 «Хэрвээ чи миний заасан замаар явж, миний бүх хууль тушаалыг сахисаар байвал чиний барьж байгаа өргөөний талаар эцэг Давидад чинь амласан чамтай холбоотой амлалтаа биелүүлнэ. 13 Би израйлчуудын дунд байж, ард түмнээ орхихгүй» гэв.
14 Соломон өргөөг барьж дуусгав. 15 Тэгээд өргөөний дотор ханыг шалнаас тааз хүртэл нь хушин банзаар доторлож, шалыг нь арц модон банзаар бүрэв. 16 Өргөөний арын хэсэгт арын хананаасаа 20 тохой зайд шалнаас тааз хүртэл нь хушин банзаар хана босгож, Ариунаас ариун газар буюу хамгийн дотоод өрөөг гаргав. 17 Өргөөний урд хэсэг буюу Ариун газар 40 тохой урт байв. 18 Өргөөг доторлосон хушин дээр хулуу, цэцгийн цоморлогууд сийлжээ. Ханануудыг тэр чигт нь хуш модоор доторлосон учраас нэг ч чулуу харагдахгүй байлаа.
19 Тэрбээр мөн Еховагийн гэрээний авдрыг тавихаар өргөөний хамгийн дотоод өрөөг бэлдэв. 20 Хамгийн дотоод өрөө 20 тохой урт, 20 тохой өргөн, 20 тохой өндөртэй бөгөөд тэрбээр өргөөг шижир алтаар доторлож, тахилын ширээг* хуш модоор бүржээ. 21 Соломон өргөөний дотор талыг шижир алтаар бүрж, алтаар доторлосон хамгийн дотоод өрөөний өмнүүр алтан гинж татав. 22 Өргөөг тэр чигт нь алтаар бүрж, хамгийн дотоод өрөөний дэргэдэх тахилын ширээг ч бас бүхэлд нь алтаар бүрэв.
23 Тэрбээр хамгийн дотоод өрөөнд тус бүр нь 10 тохой өндөр хоёр херубийг нарс модоор хийв. 24 Херубийн нэг далавч нь 5 тохой, нөгөө далавч нь 5 тохой байсан бөгөөд далавчны нэг үзүүрээс нөгөө үзүүр хүртэл 10 тохой байв. 25 Хоёр дахь херубийнх бас адилхан 10 тохой байлаа. Хоёр херубийн хэмжээ, хэлбэр яг адилхан байв. 26 Өндөр нь тус бүр 10 тохой байв. 27 Тэрбээр херубүүдийг ариунаас ариун газар тавьжээ. Херубүүдийн далавчнууд дэлгээстэй байсан бөгөөд нэг херубийн далавч нэг хананд, нөгөө херубийн далавч нөгөө хананд хүрч байв. Дэлгээстэй далавчнууд нь өрөөний голд хоорондоо шүргэлцэж байв. 28 Тэрбээр херубүүдийг алтаар бүржээ.
29 Өргөөний хоёр өрөөний бүх хананд херуб, далдуу мод, цэцгийн цоморлогуудыг сийлжээ. 30 Мөн өрөөнүүдийн шалыг алтаар бүрэв. 31 Хамгийн дотоод өрөөний үүдний тухайд нарс модон хаалганууд, хажуу талын баганууд, хатавчнуудыг нь тавдугаар хэсэг* байхаар хийжээ. 32 Хоёр хаалгыг нь нарс модоор хийж, дээр нь херуб, далдуу мод, цэцгийн цоморлогууд сийлэв. Херуб, далдуу моднууд дээр алтан ялтас тавиад давтаж бүржээ. 33 Ариун газрын үүдийг ханынх нь дөрөвний нэгд байхаар бодож гарган хоёр хатавчийг нь нарс модоор хийжээ. 34 Тэрбээр арц модоор хоёр хаалга хийв. Хаалга бүр нугасны суурин дээр эргэдэг хоёр хавтастай байлаа. 35 Хаалганууд дээр херуб, далдуу мод, цэцгийн цоморлогууд сийлж, сийлбэрүүдээ алтан ялтсаар бүржээ.
36 Тэрбээр дотоод хашааг барихдаа зассан чулуугаар гурван үе, хушин дүнзээр нэг үе өрж барьжээ.
37 Дөрөв дэх жилийн Зив сард Еховагийн өргөөний суурийг тавьж 38 арван нэг дэх жилийн Бул* сард (энэ нь 8 дугаар сар) өргөөний бүх хэсгийг төлөвлөснийхөө дагуу хийж дуусжээ. Ийнхүү тэрбээр өргөөг 7 жил барьсан юм.