Дуулал
Өгсөж явах үеийн дуу.
132 Ехова минь ээ, Давидыг,
Түүний бүх зовлонг санаач.
2 Тэрбээр Еховад юу гэж тангараглан,
Иаковын Хүчит Нэгэнд хэрхэн андгайлсан билээ?
3 «Би гэртээ орохгүй,
Орон дээрээ ч хэвтэхгүй.
4 Би унтах гэж нүдээ анихгүй,
Зовхио ч буулгахгүй.
5 Еховад байр олтлоо,
Иаковын Хүчит Нэгэнд амьдрах аятайхан газар олтлоо ийм байх юм» гэсэн шүү дээ.
6 Ефратад бид энэ тухай сонссон.
Ойгоос бид үүнийг олсон.
7 Түүний оршин суудаг газарт орцгооё.
Хөлийн тавиурынх нь өмнө сөгдөцгөөе.
8 Ехова минь ээ, хүч чадлын авдартайгаа ирж
Оршин суудаг* газартаа орооч.
9 Таны тахилчид зөв шударгаар хувцаслаг.
Таны үнэнч хүмүүс баяртайгаар хашхираг.
10 Зарц Давидаа бодож,
Сонгосон* нэгнээ бүү голооч.
11 Ехова Давидад тангарагласан.
Тэрбээр хэлсэн үгээсээ буцахгүй.
«Би чиний үр удмаас нэг хүнийг
Сэнтийд чинь зална.
12 Хөвгүүд чинь миний гэрээг биелүүлж,
Өгсөн зааврыг минь дагавал
Тэдний хөвгүүд ч
Чиний сэнтийд үүрд заларна» гэж айлдсан билээ.
13 Ехова Сионыг сонгож,
Орших газраа болгохыг хүссэн.
14 «Энэ бол үүрд миний амрах газар.
Би хүссэн учраас энд амьдарна.
15 Би энэ газрыг элбэг дэлбэг хоол хүнсээр хангаж,
Ядуусыг нь талхаар тэжээнэ.
16 Тахилчдыг нь авралаар хувцаслана.
Үнэнч хүмүүс нь баярлан хашхирна.
17 Тэнд би Давидыг улам хүчирхэг болгоно.
Сонгосон* хүндээ би дэнлүү бэлдсэн.
18 Би түүний дайснуудыг шившгээр хувцаслана.
Харин түүний толгой дээрх титэм гялтганана».