Дуулал
Давидын дуу.
144 Намайг тулалдаанд сургаж,
Дайнд бэлтгэдэг миний Хад Ехова
Магтаал хүртэх болтугай.
2 Тэрбээр намайг үнэнчээр хайрладаг цайз минь юм.
Тэрбээр миний хоргодох газар, аврагч, бамбай юм.
Би түүнд хоргодсон.
Тэрбээр ард түмнүүдийг надад захируулдаг.
3 Ехова минь ээ, хүн гэгч юу болоод та түүнийг ажиглана вэ?
Мөнх бус хүний хүү гэгч хэн болоод та түүнд санаа тавина вэ?
4 Хүн гэгч ердөө л амьсгал төдий.
Түүний өдөр хоногууд сүүдэр мэт өнгөрөн оддог.
5 Ехова минь ээ, тэнгэрийг доошлуулан бууж ирээч.
Уулсад мутраа хүргэж, тэдгээрээс утаа баагиулаач.
6 Аянга цахилгаанаа гялбуулан дайсныг тараан бутаргаач.
Сумаа харван тэднийг самууруулаач.
7 Мутраа тэнгэрээс сунган
Намайг оволзсон их уснаас,
Харь хүмүүсийн савраас авран хамгаалаач.
8 Худал ярьдаг,
Баруун гараа өргөн хуурамчаар тангарагладаг тэднээс авраач.
9 Бурхан минь ээ, би танд зориулан шинэ дуу дуулна.
Би таныг магтан дуулж*, арван утаст хөгжим тоглоно.
10 Та хаадад ялалтыг өгдөг.
Та өөрийн зарц Давидыг хөнөөлт илднээс авардаг.
11 Харийн хүмүүсийн савраас намайг авран хамгаалаач.
Худал ярьдаг,
Баруун гараа өргөн хуурамчаар тангарагладаг тэднээс авраач.
12 Тэгвэл манай хөвгүүд хурдан ургадаг нялх ургамал мэт,
Манай охид ордны буланг чимдэг багана мэт байх болно.
13 Манай агуулахууд бүх төрлийн тариа будаагаар бялхаж,
Хээр талд бэлчих мал сүрэг маань мянга түмээр өсөж үржинэ.
14 Үнээнүүд маань эндэгдэлгүй тугаллана, хээл хаяхгүй.
Гудамж талбайнуудад зовлонгийн дуу дуулдахгүй.
15 Ийм ард түмэн жаргалтай!
Еховаг шүтдэг хүмүүс жаргалтай!