Дуулал
Удирдаачид зориулав. Еховагийн зарц Давидын дуу.
36 Гэм нүгэл муу хүний зүрхийг гижигддэг.
Бурхнаас эмээх сэтгэл түүнд байдаггүй.
2 Тэрбээр өөрөөрөө хэтэрхий их сайрхдаг учир
Алдаа дутагдлаа олж хардаггүй, жигшдэг ч үгүй.
3 Хорон үг ярьж, хуурч мэхэлдэг.
Сайн юм хийхийг мэддэггүй.
4 Орон дотроо хүртэл мууг сэдэж
Буруу замаар явдаг.
Муу юм хийхээ больдоггүй.
5 Ехова минь ээ, таны үнэнч хайр тэнгэрт тулам.
Таны итгэмжит байдал үүлэнд хүрэм.
6 Таны зөв шударга байдал сүрлэг уулс адил.
Таны шүүлт хөлгүй их ус адил.
Ехова та, хүн малын амийг тэтгэдэг*.
7 Бурхан минь ээ! Таны үнэнч хайр хэчнээн үнэ цэнтэй вэ?
Таны жигүүрийн сүүдэрт хүмүүс хоргоддог билээ.
8 Тэд таны өргөөний элбэг баян ивээл хишигт ханаж цаддаг.
Та өөрийн сайн сайхны голоос тэднийг ундаалдаг.
9 Та бол амийн эх булаг.
Таны гэрэл гэгээнд бид гэрэл гэгээ хардаг.
10 Таныг мэддэг хүмүүсийг үнэнчээр хайрлахаа бүү болиоч.
Шулуун шударга хүмүүст зөв шударга хандсаар байгаач.
11 Бардамнагчийн хөлийг надад бүү хүргээч.
Муу хүний гараар намайг бүү зайлуулаач.
12 Мууг үйлдэгчид унасан.
Тэд унаад дахин босохгүй.