Дуулал
Асафын дуу.
50 Бурхдын Бурхан Ехова айлдав.
Тэрбээр нар мандахаас жаргах хүртэл*
Дэлхийн оршин суугчдыг дууддаг.
2 Бурхан үзэсгэлэн төгс Сионоос гэрлээ цацруулдаг.
3 Бурхан маань ирээд дуугүй байхгүй.
Түүний өмнө хуйхлах гал асаж,
Эргэн тойронд нь хүчит шуурга дэгдэж байна.
4 Тэрбээр ард түмнээ шүүхээр
Тэнгэр газрыг дууддаг.
5 «Тахил өргөж надтай гэрээ хийсэн
Үнэнч хүмүүсийг минь цуглуулж над дээр авчир».
6 Тэнгэр нь Бурхны зөв шударгыг тунхаглана.
Учир нь Бурхан өөрөө Шүүгч билээ. (Села)
7 «Ард түмэн минь, сонс. Би ярья.
Израйл аа, би чамайг буруутгая.
Би бол Бурхан, чиний Бурхан.
8 Би чамайг өргөлөөс чинь болж буруутгахгүй.
Миний өмнө байнга байдаг шатаалт тахилаас чинь болж зэмлэхгүй.
9 Танайд байгаа бух,
Хашаан дахь ямаанууд чинь надад хэрэггүй.
10 Учир нь ойн зэрлэг амьтад,
Мянган уулын араатнууд минийх.
11 Би уулын бүх шувууг мэддэг.
Хээр талын тоо томшгүй амьтад минийх.
12 Би өлслөө ч чамд хэлэхгүй.
Учир нь үржил шимтэй газар, түүн дээрх бүхэн минийх.
13 Би бухын мах идэх үү?
Ямааны цус уух уу?
14 Талархлаа Бурханд тахил мэт өргө.
Хамгийн дээд Нэгэнд тангарагласнаа биелүүл.
15 Хүнд бэрх үед намайг дууд.
Би чамайг аварч, чи намайг алдаршуулна».
16 Харин муу хүнд Бурхан ингэж хэлнэ.
«Хууль зарлигийг минь дурдаж,
Гэрээний минь тухай ярих эрхийг хэн чамд өгсөн бэ?
17 Чи зааврыг* үзэн ядаж,
Миний үгийг үл тоомсорлодог шүү дээ.
18 Чи хулгайчийг харахаараа баярладаг*.
Завхайрагчидтай нөхөрлөдөг.
19 Ам чинь муу юм тараадаг.
Хэл чинь худал хуурмагийг өгүүлдэг.
20 Чи төрсөн ах дүүгээ муулдаг.
Алдаа дутагдлыг нь энд тэндгүй ярьдаг*.
21 Чамайг ингэж байхад би дуугүй байсан.
Тэгэхэд чи намайг өөр шигээ санасан.
Гэвч одоо би чамайг зэмлэж,
Чамд ял тулгана.
22 Бурхныг умартагч та нар энэ тухай бодоорой.
Эс бөгөөс би та нарыг хэдэн хэсэг болгон тасчихад хэн ч аврахгүй шүү.
23 Талархлыг тахил мэт өргөдөг хүн намайг алдаршуулдаг.
Зөв замаар явдаг хүн
Хэрхэн аврахыг минь үзнэ».