Дуулал
ГУРАВДУГААР БОТЬ
(Дуулал 73–89)
Асафын дуу.
73 Бурхан Израйлд, цайлган сэтгэлтэй хүмүүст үнэхээр сайн билээ.
2 Гэвч би замаасаа гарах шахсан.
Хөл минь халтирах дөхсөн.
4 Тэд эрүүл чийрэг байсаар
Зовлонгүй үхдэг.
5 Тэд хүмүүс шиг зовдоггүй,
Өрөөл бусад шиг шаналдаггүй.
6 Тиймээс бардамнал нь тэдний зүүлт,
Хүчирхийлэл нь тэдний хувцас болсон.
7 Нүүр нь таргалж, нүд нь бүлцийн,
Төсөөлж ч байгаагүйгээрээ амьдардаг.
8 Тэд элэглэн дооглож, хорон үг хэлдэг.
Бардам загнаж, айлган сүрдүүлдэг.
9 Тэд өндөр дээд тэнгэрт байгаа юм шиг ярьдаг.
Дэлхийгээр маадгар алхан юу дуртайгаа ярьдаг.
10 Тиймээс Бурхны* ард түмэн тэдэн рүү эргэж
Бялхам их уснаас нь уудаг.
11 Тэд: «Бурхан юугаа мэддэг юм бэ?
Хамгийн дээд Нэгэн юм болгоныг мэднэ гэж байх уу?» гэдэг.
12 Тэд бол санаа зовох юмгүй амьдардаг,
Эд хөрөнгөө арвижуулдаг өөдгүй муу хүмүүс юм.
13 Зүрхээ цэвэр ариун,
Гараа гэмгүй байлгасан* минь шал дэмий байжээ.
14 Би өдөр бүр зовж,
Өглөө бүр гэсгээл хүртдэг байв.
15 Гэхдээ энэ тухай ярьсан бол
Таны ард түмнээс урвасан хэрэг болох байлаа.
16 Үүнийг ойлгох гэж хичээх нь
Надад их зовлонтой байв.
17 Бурхны сүрлэг ариун газар орж,
Тэдний ирээдүйг ухаартлаа би ийм байлаа.
18 Үнэндээ та тэднийг унагаж, сүйрүүлэхийн тулд
Халтиргаатай газар аваачсан байжээ.
19 Тэд гэнэт сүйрэх юм байна!
Агшин зуурт аймшигтайгаар төгсөх юм байна!
20 Хүн сэрээд зүүдээ мартдаг шиг,
Ехова та сэрж, тэднийг бараа сураггүй болгоно.
21 Гэвч зүрх минь шимширч,
Сэтгэлийнхээ угаас би шаналж байна.
22 Би юу ч ойлгодоггүй тэнэг байж дээ.
Таны өмнө ухаангүй адгуус шиг л байж.
23 Харин одоо би тантай үргэлж хамт байдаг.
Та баруун гараас минь атгадаг.
24 Та намайг зөвлөгөөгөөрөө чиглүүлж,
Алдрын оргилд хүргэнэ.
25 Тэнгэрт танаас өөр хэн надад байх билээ?
Та байсан цагт газар дээр би өөр юуг ч хүсэхгүй.
26 Бие минь, зүрх минь сульдаж болно.
Гэвч Бурхан зүрхийг минь хүчтэй болгодог хад ба миний мөнхийн хувь юм.
27 Танаас хол байдаг хүмүүс сүйрнэ.
Үнэнч бус* байж таныг орхидог хүмүүсийг та устгана.
28 Харин миний хувьд, Бурхантай дотно байх нь надад сайн.
Би бүх үйлсийг нь тунхаглахын тулд
Хэмжээгүй эрхт Эзэн Еховаг хоргодох газраа болгосон юм.