Дуулал
Амралтын өдөр дуулах дуу.
92 Хамгийн дээд Ехова минь ээ, танд талархал өргөж,
Таны нэрийг магтан дуулах* нь сайн.
2 Өглөө таны үнэнч хайрыг,
Үдэш таны итгэмжит байдлыг тунхаглах нь таатай.
3 Арван утаст хөгжим, пийпаа,
Уянгалаг ятга хөгжмөөр таныг магтах нь тааламжтай.
4 Учир нь Ехова та хийсэн зүйлээрээ намайг баярлуулсан.
Таны мутрын бүтээлийн улмаас би баярлан хашхирдаг.
5 Ехова, таны үйлс хэчнээн агуу вэ!
Таны бодол хэчнээн гүн бэ!
6 Ухаангүй хүн тэдгээрийг мэдэхгүй.
Мунхаг хүн дараахыг ойлгохгүй.
7 Муу хүмүүс хогийн ургамал* шиг соёолж,
Гэм нүгэлтнүүд цэцэг мэт дэлгэрлээ ч
Эцэстээ бүрмөсөн устгагдана.
8 Харин Ехова та мөнхөд агуу билээ.
9 Ехова минь ээ, дайснуудынхаа ялагдахыг хараач.
Тэд мөхөж үгүй болно.
Бурууг үйлдэгчид бүгд тарж бутарна.
10 Харин би таны ачаар зэрлэг бух шиг хүчтэй болно.
Шинэ тосоор биеэ тосолно.
11 Дайснуудынхаа ялагдахыг би нүдээрээ үзнэ.
Над руу дайрдаг хорон санаатнуудын мөхөхийг би чихээрээ сонсоно.
12 Зөв шударга хүн дал мод шиг цэцэглэж,
Ливаны хуш мэт саглайн ургана.
13 Тэд Еховагийн өргөөнд суулгагдаж
Манай Бурхны хашаанд цэцэглэнэ.
14 Тэд өндөр насалсан ч үр жимсээ өгч,
Шим шүүстэй, нов ногооноороо байж,
15 Ехова бол шулуун шударга гэдгийг тунхаглана.
Тэрбээр хэзээ ч шударга бусыг үйлддэггүй Хад минь билээ.