Сургаалт үгс
9 Жинхэнэ мэргэн ухаан байшингаа барьж
Долоон баганаа сийлэв.
2 Мах бэлтгэж,
Дарс найруулан,
Ширээ засав.
3 Түүний явуулсан шивэгчид
Хотын өндөр газрууд дээр зогсоод хашхиран
4 «Туршлагагүй хүмүүс ээ, нааш ир» гэж хэллээ.
Тэрбээр* ухаан муутай хүнд хэлсэн нь:
5 «Ирж талх ид.
Найруулсан дарснаас минь уу.
6 Амьд явахын тулд туршлагагүй байхаа боль*.
Ухаарлын замаар урагш яв».
7 Шоологчийг залруулагч нь гутамшиг болж,
Хорон санаатныг зэмлэгч нь хохирол амсана.
8 Шоологчийг бүү зэмлэ. Эс тэгвэл тэр чамайг үзэн ядна.
Ухаант хүнийг зэмлэ. Тэгвэл тэр чамайг хайрлана.
9 Мэргэн нэгэнд мэдлэг олго. Тэрбээр улам мэргэн болно.
Зөв хүнд заа. Тэрбээр мэдлэгээ арвижуулна.
10 Еховагаас эмээх нь мэргэн ухаантай болохын эхлэл юм.
Хамгийн Ариун Нэгний тухай мэдлэгтэй болбол ухаарлыг олно.
11 Миний ачаар өдөр хоногууд чинь уртсаж,
Насны чинь тоо нэмэгдэнэ.
12 Чи мэргэн болбол чамд л ашигтай.
Харин шоолж басамжлаад байвал чи өөрөө л зовно.
13 Мунхаг эмэгтэй дуу шуу ихтэй,
Харанхуй бүдүүлэг, юу ч мэддэггүй.
14 Тэрбээр хотын өндөр газар,
Гэрийнхээ үүдэнд суугаад
15 Хажуугаар өнгөрөх хүмүүсийг дуудан,
Замаараа яваа хүмүүс рүү хашхиран
16 «Туршлагагүй хүмүүс ээ, нааш ир» гэдэг.
Тэрбээр ухаан муутай хүмүүст хэлэхдээ:
17 «Хулгайлсан ус чихэрлэг.
Нууж идсэн хоол амттай» гэдэг.
18 Гэвч эмэгтэйн гэрийг үхэгсдээр дүүрснийг,
Зочид нь Булшинд* байгааг тэд мэдэхгүй.