Исаиа
10 Шударга бус дүрэм журам боловсруулж,
Харгис тушаал эцэс төгсгөлгүй гаргагчид золгүй еэ!
2 Ядуусын заргыг авч хэлэлцдэггүй,
Миний ард түмний дундах дорд хүмүүсийн төлөө шударга ёсыг баримталдаггүй,
Бэлэвсэн эмэгтэйчүүдийг тонож,
Өнчин хүүхдүүдийг дээрэмддэг тэд золгүй еэ!
3 Сүйрэл алсаас ирэхэд,
Тооцоо бодох өдөр болоход та нар яах вэ?
Хэн рүү очиж тусламж гуйх вэ?
Эд хөрөнгөө хаана үлдээх вэ?
4 Та нар нэг бол хоригдлуудтай хамт өвдөг сөгдөнө,
Нэг бол амь үрэгдэгсдийн дунд унана.
Энэ бүхний улмаас Бурхны уур хилэн намдахгүй.
Тэрбээр тэднийг цохихоор далайсан мутраа буулгахгүй.
5 «Миний уур хилэнгийн таяг болсон
Ассирийг харагтун.
Би гарт нь буй таягаар шийтгэл буулгана!
6 Би түүнийг тэрслүү үндэстэн рүү,
Намайг уурлуулсан ард түмэн рүү илгээнэ.
Тэднийг гудамжны шавхай шиг гишгэчихийг,
Их олз олж, тонон дээрэмдэхийг түүнд тушаана.
7 Гэвч тэрбээр ингэхийг хүсэхгүй.
Зүрх сэтгэлд нь ийм төлөвлөгөө байхгүй.
Цөөн биш, олон үндэстнийг устгаж
Газартай тэгшлэх санаа түүний зүрхэнд бий.
8 Тэрбээр ингэж хэлдэг.
“Миний ноёд бүгд хаад биш гэж үү?
9 Кално нь Кархемиштай адил биш гэж үү?
Хамат нь Арпадтай адил биш гэж үү?
Самари нь Дамасктай адил биш гэж үү?
10 Би ямар ч хэрэгцээгүй бурхад шүтдэг хаант улсуудыг эзэлсэн!
Тэдгээр нь Иерусалим ба Самарийг бодвол илүү олон сийлмэл шүтээнтэй байсан юм.
11 Би Самари болон ямар ч хэрэгцээгүй бурхдыг нь хэрхсэн шигээ
Иерусалимыг шүтээнүүдтэй нь бас тэгэхгүй гэж үү?”.
12 Ехова Сион уул болон Иерусалимд хийх гэсэн бүх ажлаа дуусгаад Ассирийн хааныг эрээ цээргүй, ихэмсэг бардам авирласных нь хариуд шийтгэнэ. 13 Учир нь тэрбээр ийн хэлсэн.
“Би үүнийг өөрийн хүч, ухаанаар хийнэ.
Учир нь би мэргэн ухаантай.
Би ард түмнүүдийн хил хязгаарыг авч хаян,
Эд баялгийг нь тононо.
Би оршин суугчдыг нь хүчит дайчин мэт эзлэн авна.
14 Шувууны үүрэнд гараа хийдэг хүн шиг,
Би ард түмнүүдийн эд баялгийг булаан авна.
Гологдсон өндөгнүүдийг цуглуулдаг хүн шиг,
Би дэлхийг эзэлнэ!
Далавчаа дэвэн, амаа ангайн, жиргэх хэн ч байхгүй”».
15 Сүх түлээчнээсээ дээр гэж гайхуулах уу?
Хөрөө хөрөөчнөөсөө илүү гэж биеэ магтах уу?
Таяг өөрийг нь өргөж байгаа хүнээр даллаж чадах уу?
Саваа өөрийг нь барьж байгаа хүнийг дээш нь өргөж чадах уу?
16 Тиймээс жинхэнэ Эзэн, тэнгэрийн цэргийн жанжин Ехова
Ассирийг доройтуулж
Алдар сууг нь галд шатаах мэт үгүй хийнэ.
17 Израйлын Гэрэл нь гал,
Түүний Ариун Нэгэн нь дөл болж
Дүрэлзэн асаж Ассирийн хогийн ургамал, өргөст бутыг нэг өдрийн дотор шатаана.
18 Тэрбээр ой мод, жимсний цэцэрлэгийнхээ суу алдрыг бүрмөсөн үгүй хийнэ.
Энэ нь өвчтэй хүн улам сульдан доройтдогийн адил юм.
19 Ойд үлдсэн мод нь
Хүүхэд ч тоолж чадахаар цөөхөн байх болно.
20 Тэр өдөр Израйлын үлдэгсэд,
Иаковын үр удмын амьд үлдэгсэд
Өөрсдийг нь цохисон нэгэнд түшиглэхээ больж,
Израйлын Ариун Нэгэн Еховад түшиглэн
Түүнд үнэнч байх болно.
21 Зөвхөн үлдэгсэд, Иаковын үлдэгсэд
Хүчит Бурхандаа буцаж ирнэ.
22 Израйл аа, чиний ард түмэн
Далайн эргийн элс мэт байлаа ч
Зөвхөн үлдэгсэд нь буцаж ирнэ.
Устгах шийдвэр хэдийнээ гарчээ.
Шударга шийтгэл тэдэн дээр бууна.
23 Хэмжээгүй эрхт Эзэн, тэнгэрийн цэргийн жанжин Еховагийн гаргасан устгах шийдвэр
Нутаг орон даяар хэрэгжинэ.
24 Тиймээс Хэмжээгүй эрхт Эзэн, тэнгэрийн цэргийн жанжин Ехова ийн айлдаж байна. «Сионд амьдарч байгаа ард түмэн минь ээ, Египет шиг авирлан та нарыг саваагаар цохиж, өөдөөс чинь таягаа далайж байсан Ассириас бүү ай. 25 Тун удахгүй миний уур гарна. Харин би ассиричуудад уурлаж, тэднийг устгана. 26 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова би Оребын хадны дэргэд Мидианыг ялсан шигээ тэднийг ташуурдана. Би* Египеттэй тулалдахдаа таягаа сунгасан шигээ тэнгисийн дээгүүр таягаа сунгана.
27 Тэр өдөр Ассирийн хааны ачааг мөрөн дээрээс чинь,
Буулгыг нь хүзүүн дээрээс чинь авч хаяна.
Тосноос болж тэр буулга хугарна».
28 Тэрбээр Аиатад хүрч ирсэн.
Мигроноор дайран өнгөрсөн.
Михмашт ачаагаа буулгасан.
29 Тэрбээр гармаар гатлан
Гебад хоног төөрүүлэв.
Рама чичирч, Саулын Гибеа зугтав.
30 Галлимын оршин суугчид аа*, орилж хашхир!
Лаиша, анхаар!
Анатот оо, чи хөөрхий еэ!
31 Мадмена зугтав.
Гебимийн оршин суугчид хоргодох газар хайв.
32 Яг энэ өдөр тэрбээр Нобт саатна.
Иерусалимын толгод,
Сионы охины* уул руу нударга зангидна.
33 Жинхэнэ Эзэн, тэнгэрийн цэргийн жанжин Ехова
Мөчрүүдийг цавчихад аймшигтай дуу гарна.
Хамгийн өндөр моддыг тас цавчина.
Өндөр моддыг буулгана.
34 Тэрбээр өтгөн ойг сүхээр* цавчина.
Ливан хүчит нэгний гарт унана.