Исаиа
31 Тусламж гуйхаар Египет рүү явдаг,
Моринд найддаг хүмүүс золгүй еэ!
Тэд дайны тэрэгний олонд,
Хүлэг морьдын* хүчинд найддаг.
Тэгсэн атлаа Израйлын Ариун Нэгэнд ханддаггүй,
Еховагийн удирдлага зааврыг хайдаггүй.
2 Бурхан ч бас мэргэн учир гамшиг буулгаж,
Хэлсэн үгэндээ хүрнэ.
Мууг үйлдэгчдийн бүлгийг,
Бузрыг үйлдэгчдэд тусалдаг хүмүүсийг эсэргүүцэн босно.
3 Египетчүүд бол Бурхан биш, жирийн л хүмүүс юм.
Тэдний морьд бол үл үзэгдэх хүч биш, махбод юм.
Еховаг мутраа сунгахад
Тусламж үзүүлдэг нь ч бүдэрнэ.
Тусламж авдаг нь ч унана.
Тэд бүгд нэгэн зэрэг мөхнө.
4 Ехова надад ийн айлдав.
«Тэнгэрийн цэргийн жанжин Ехова
Сион уулын төлөө, түүний оргилын төлөө тулалдахаар бууж ирнэ.
Тэрбээр олз руугаа архирах хүчит залуу арслан мэт байх болно.
Хоньчид дуудагдан цугларч арсланг хөөхөд
Тэр тэдний хашхираанаас ч,
Чимээ шуугианаас ч айхгүй.
5 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова Иерусалимыг хамгаалах нь шунган нисэх шувууд адил байх юм.
Тэрбээр түүнийг хамгаалж, аварна.
Тэрбээр түүнийг энэрч, аварна».
6 «Израйлчууд аа, та нар түүнд маш ихээр тэрсэлсэн билээ. Харин одоо түүн рүү буцаж очигтун. 7 Тэр өдөр хүн бүр ямар ч хэрэгцээгүй мөнгөн бурхдаа, ямар ч үнэ цэнгүй алтан бурхдаа хаяна. Та нар тэдгээрийг өөрсдийн гараар бүтээн нүгэл үйлдсэн.
8 Ассиричууд хүмүүний бус илдэнд унаж,
Хүмүүний бус илдээр хөнөөгдөнө.
Тэд илднээс зугтаж,
Залуус нь албадлагын ажилчид болно.
9 Тэдний хад ихэд айсандаа алга болно.
Тэдний ноёд туг хараад айдаст автана» гэж
Гэрэл* нь Сионд, зуух нь Иерусалимд байдаг Ехова тунхаглаж байна.