Исаиа
36 Хезекиа хааны 14 дүгээр онд Ассирийн хаан Сеннахериб Иудагийн бэхлэгдсэн хотууд руу довтолж бүгдийг нь эзлэн авав. 2 Дараа нь тэрбээр Иерусалимд байгаа Хезекиа хаан руу ахлах сөнчөө* их цэргийн хамт Лахишаас илгээв. Тэд угаагчийн талбай руу явдаг төв замын хажууд байдаг дээд цөөрмийн усны шугамын дэргэд байрлалаа. 3 Тэгэхэд Хилкиагийн хүү ордны даамал Елиаким, бичээч Шебна, Асафын хүү хэрэг хөтлөгч Иоа нар түүн рүү очив.
4 Ахлах сөнч тэдэнд «Хезекиад ингэж уламжил. “Ассирийн агуу хаан айлдахдаа: «Чи яагаад ийм их итгэлтэй байна вэ? 5 “Надад дайны төлөвлөгөө, цэргийн хүч байна” гэдэг чинь хоосон үг. Чи хэнд найдан надад тэрсэлж зүрхэлнэ вэ? 6 Чи энэ хугархай зэгсэн таяг шиг Египетийг тусална гэж найдаж байна. Хүн ийм таягийг тулбал алгаа цоо хатгуулна. Египетийн хаан фараонд найддаг бүхэнд үүн шиг явдал тохиолддог. 7 Чи надад “Бид Ехова Бурхандаа найддаг” гэж хэлэх байх. Гэхдээ Хезекиа чи Иуда, Иерусалимын хүмүүст “Энэ тахилын ширээний өмнө л мөргө” гэж хэлээд тэр Бурхныхаа мөргөлийн өндөрлөгүүд, тахилын ширээнүүдийг нураачхаа биз дээ?» хэмээсэн” гэж хэл. 8 Тиймээс одоо Ассирийн хаан эзэнтэй минь ингэж мөрийц. Чаддаг юм бол морь унадаг 2 000 хүн олчих. Тэгвэл би чамд төчнөөн тооны морь өгье. 9 Чи Египетийн тэрэг, морьтнуудад найдахаас өөр аргагүй юм байж, манай эзний албатуудын дотроос хамгийн бага захирагчийг нь дийлнэ гэж үү? 10 Би Еховагийн зөвшөөрөлгүй дайран ирж энэ нутгийг устгана гэж санаа юу? Ехова өөрөө надад “Явж энэ нутаг руу дайрч, устга” гэж хэлсэн юм» гэлээ.
11 Тэгэхэд Елиаким, Шебна, Иоа нар ахлах сөнчид «Та зарц нартайгаа арамей* хэлээр ярина уу. Бид ойлгоно. Иудейчүүдийн хэлээр битгий яриач. Хэрмэн дээр байгаа хүмүүс сонсож байна шүү дээ» гэв. 12 Тэгтэл ахлах сөнч: «Манай эзэн энэ үгийг хэлүүлэхээр намайг зөвхөн танай эзэн, та хэд рүү явуулсан гэж санаа юу? Та нартай хамт баасаа идэж, шээсээ уух тавилантай, хэрмэн дээр сууж байгаа энэ хүмүүс рүү бас явуулаагүй гэж үү?» гэлээ.
13 Тэгээд ахлах сөнч босож зогсоод иудейчүүдийн хэлээр чанга дуугаар: «Ассирийн агуу хааны үгийг сонс. 14 Хаан ингэж айлдав. “Хезекиад битгий хуурт. Тэр та нарыг аварч чадахгүй. 15 «Ехова биднийг заавал аварна. Энэ хот Ассирийн хааны гарт орохгүй» гэж хэлэн та нарыг Еховад итгүүлэхийг оролдож байна. Ятгалгад нь битгий авт. 16 Хезекиаг битгий сонс. Харин Ассирийн хаан намайг сонс. «Надтай найрамдан, бууж өг. Тэгвэл хүн бүр чинь усан үзэм, инжрийн модныхоо жимсийг идэж, нөөцлүүрийнхээ уснаас ууна. 17 Дараа нь би очоод та нарыг өөрсдийн чинь нутаг шиг нутагт аваачна. Тэр нь үр тариа, шинэ дарс, талх, усан үзмийн тариалангийн нутаг юм. 18 “Ехова биднийг аварна” гэж хэлж байгаа Хезекиагийн үгэнд бүү хуурт. Үндэстнүүдийн бурхдын дунд Ассирийн хаан миний гараас газар нутгаа аварсан бурхан байна уу? 19 Хамат, Арпадын бурхад хаана байна вэ? Сефарваимын бурхад хаана байна вэ? Тэд миний гараас Самарийг аварсан уу? 20 Эдгээр нутгийн бурхдын хэн нь миний гараас газар нутгаа аварсан бэ? Тийм байхад Ехова Иерусалимыг миний гараас аварна гэж үү?»” гэж уламжиллаа» хэмээн хэлэв.
21 Гэвч тэд дуугүй байн юу ч хариулсангүй. Учир нь хаан: «Түүнд юу ч битгий хариулаарай» гэсэн ажээ. 22 Хилкиагийн хүү ордны даамал Елиаким, бичээч Шебна, Асафын хүү хэрэг хөтлөгч Иоа нар хувцсаа уран Хезекиа дээр очоод ахлах сөнчийн үгийг айлтгав.