Иеремиа
19 Ехова ийн айлдаж байна. «Ваарчин дээр очоод шавар ваар худалдаж ав. Ард олны ахлагч нар, тахилчдын ахлагч нараас хэдэн хүнийг аваад 2 Хинномын хүүгийн хөндий рүү явж Ваарчны дааман хаалганы өмнө оч. Тэнд миний хэлэх үгийг тунхагла. 3 Чи ингэж хэл. “Иудагийн хаад аа, Иерусалимын оршин суугчид аа, Еховагийн үгийг сонс. Израйлын Бурхан, тэнгэрийн цэргийн жанжин Ехова ийн айлдаж байна.
«Би энэ газар дээр гамшиг буулгах гэж байна. Сонссон бүхний чих дүнгэнэнэ. 4 Учир нь та нар намайг орхиж энэ газрыг танихын аргагүй болгосон. Та нар өөрсдийнхөө ч, эцэг өвгөдийнхөө ч, Иудагийн хаадын ч мэдэхгүй бурхдад тахил өргөж энэ газрыг гэмгүй хүний цусаар дүүргэж байна. 5 Та нар хөвгүүдээ галд шатаан Баалд тахил болгон өргөх гэж мөргөлийн өндөрлөгүүдийг босгосон. Би үүнийг тушаагаагүй, яриагүй, энэ нь миний ухаан санаанд ч ороогүй»”.
6 “Ехова тунхаглаж байна. «Тиймээс энэ газрыг цаашид Хинномын хүүгийн хөндий эсвэл Тофет гэж нэрлэхгүй, харин Аллагын хөндий гэж нэрлэх өдрүүд ирж байна. 7 Би энэ газар дээр Иуда, Иерусалимын төлөвлөгөөг нурааж, та нарыг дайснуудын чинь илдэнд, амийг чинь эрэлхийлэгчдийн гарт өгч устгуулна. Хүүрийг чинь тэнгэрийн шувууд, газрын араатнуудад хоол болгон өгнө. 8 Би энэ хотыг аймшигт балгас, доог тохуу болгоно. Хажуугаар нь өнгөрсөн бүхэн айн ширтэж, хамаг гамшгийг нь хараад дооглон тохуурхана. 9 Би та нарт охид хөвгүүдийн чинь махыг идүүлнэ. Та нар дайснуудад, амийг чинь эрэлхийлэгчдэд бүслэгдэн цөхрөнгөө барахдаа нэг нэгнээ барьж иднэ»”.
10 Чи хамт яваа хүмүүсийнхээ нүдэн дээр ваарыг хагалаад 11 ингэж хэл. “Тэнгэрийн цэргийн жанжин Ехова ийн айлдаж байна. «Ваарчны савыг хагалахад хуучин хэвд нь оруулах боломжгүй байдаг шиг би энэ ард түмнийг, энэ хотыг устгахад мөн тийм байх болно. Хүмүүс үхэгсдийг Тофетод оршуулна. Сүүлдээ тэнд оршуулах газар олдохоо болино»”.
12 Ехова айлдаж байна. “Би энэ хотыг Тофет шиг болгохын тулд энэ газрыг, эндхийн оршин суугчдыг ийм болгоно. 13 Иерусалимын байшингууд, Иудагийн хаадын байшингууд энэ Тофет шиг бузар болно. Дээвэр дээр нь тэнгэрийн эрхэст тахил, бурхдад ундаан өргөл өргөдөг байсан бүх байшин бузар болно”».
14 Иеремиа Еховагийн тушаалаар Тофетод очиж зөгнөчхөөд буцаж ирэн Еховагийн өргөөний хашаанд орж зогсов. Тэгээд бүх ард түмэнд хандан хэлсэн нь: 15 «Израйлын Бурхан, тэнгэрийн цэргийн жанжин Ехова: “Би хэлж байснаараа энэ хот болон зэргэлдээх бүх тосгон дээр гамшиг буулгах гэж байна. Учир нь тэд зөрүүдлэн миний үгэнд ороогүй юм” хэмээн айлдаж байна».