Иеремиа
22 Ехова айлдсан нь: «Иудагийн хааны өргөөнд* очиж энэ мэдээг хүргэ. 2 Ингэж хэл. “Давидын сэнтийд залрагч Иудагийн хаан чи эдгээр дааман хаалгаар ордог албат зарц, ард түмэнтэйгээ Еховагийн үгийг сонс. 3 Ехова ийн айлдаж байна. «Шударга ёсыг сахиж, зөвийг үйлд. Луйварчинд дээрэмдүүлж байгаа хүнийг авар. Цагаачтай зүй бусаар бүү харьц. Өнчин* хүүхэд, бэлэвсэн эмэгтэйд бүү хор хүргэ. Энэ хотод гэмгүй хүний цусыг бүү урсга. 4 Та нар хянамгай байж энэ үгийг сахивал Давидын сэнтийд залардаг хаад дайны тэрэг, хүлэг морьд унан энэ өргөөний хаалгаар албат зарц, ард иргэдтэйгээ орж ирнэ»”.
5 “Харин та нар хэлсэн үгийг минь сахихгүй бол энэ өргөө эзгүйрэн хоосорно гэдгийг би өөрөөрөө тангараглаж байна” хэмээн Ехова айлдаж байна.
6 Иудагийн хааны өргөөний талаар Ехова ийн айлдаж байна.
“Чи миний хувьд Гилеад шиг,
Ливаны оргил шиг билээ.
Гэвч би чамайг зэлүүд газар болгоно.
Хотууд чинь бүгдээрээ оршин суугчгүй болно.
7 Зэвсэг барьсан устгагчдыг
Би чам руу илгээнэ.
Тэд хушнуудын чинь хамгийн сайныг цавчиж
Галд хаян шатаана.
8 Энэ хотын хажуугаар өнгөрөх олон үндэстэн: «Ехова яагаад энэ агуу хотыг ийм болгосон юм бол?» гэж бие биеэсээ асууна. 9 Тэгээд «Учир нь тэд Ехова Бурхныхаа гэрээг умартан өөр бурхдад мөргөж, тэдэнд хүчин зүтгэсэн юм» гэж хариулна”.
10 Үхсэн хүний хойноос бүү уйл.
Түүнийг бүү өрөвд.
Харин нутгаа орхин явж байгаа хүний төлөө цурхиран уйл.
Учир нь тэрбээр төрсөн нутагтаа хэзээ ч эргэж ирэхгүй.
11 Эцэг Иосиагийнхаа оронд захирч байгаад энэ нутгаас явсан Иудагийн хаан Иосиагийн хүү Шаллумын* тухай Ехова ийн айлдаж байна. “Тэрбээр хэзээ ч эргэж ирэхгүй. 12 Тэрбээр цөлөгдөн очсон газраа үхнэ. Энэ нутгийг дахиж хэзээ ч харахгүй”.
13 Өөртөө байшин барихдаа зөв шударгыг үйлддэггүй,
Дээд давхрын өрөөнүүдийг хийхдээ шударга ёсыг уландаа гишгэдэг хүн хөөрхий еэ!
Тэрбээр бусдыг үнэ өртөггүй ажиллуулдаг.
Цалин хөлсийг нь өгөхөөс татгалздаг.
14 Тэр хүн: “Өөртөө том байшин барья.
Дээд давхрын өрөөгөө зай талбай ихтэй хийе.
Цонх гэгээвч гарган,
Байшингаа хушаар доторлож улаанаар будъя” гэж хэлдэг.
15 Чи бусдаас илүү их хуш хэрэглэдэг гээд төр барьсаар байна гэж бодож байна уу?
Эцэг чинь бас идэж уудаг байсан.
Гэвч тэрбээр шударга ёсыг сахиж, зөвийг үйлдэн
Сайн сайхан явсан.
16 Тэрбээр зовогсод, ядуусыг шүүх дээр хамгаалдаг байсан учраас
Сайн сайхан явсан юм.
“Намайг мэднэ гэдэг чинь энэ бус уу?” гэж Ехова тунхаглаж байна.
17 “Гэтэл чиний нүд зүрх хоёр шударга бус олз олох,
Гэмгүй хүний цусыг урсгах,
Бусдыг мөлжин луйвардах аргыг л эрэлхийлж байдаг”.
18 Тиймээс Ехова Иудагийн хаан Иосиагийн хүү Иехоиакимын талаар ийн айлдаж байна.
“Хүмүүс түүний хойноос
«Ээ халаг ах минь! Эвий хөөрхий дүү минь!» гэж гашуудахгүй.
Хүмүүс түүний хойноос
«Ээ халаг эзэнтэн минь! Ээ халаг эрхэм дээдэс минь!» гэж гашуудахгүй.
19 Илжиг үхэхэд яадаг билээ, түүнийг үхэхэд мөн тэгнэ.
Чирч аваачаад
Иерусалимын хаалганы гадна гаргаж хаяна”.
20 Ливан өөдөө гараад хашхир.
Башанд очиж чанга орил.
Абаримаас тэнхээ мэдэн хашхир.
Учир нь амрагууд чинь бүгдээрээ үхсэн.
21 Чамайг аюулгүй аж төрж байхад би чамтай ярьсан.
Гэвч чи: “Би сонсохгүй” гэсэн.
Чи багаасаа л ийм байсан.
Миний үгэнд орж байгаагүй.
22 Салхи бүх хоньчныг чинь хаман одно.
Амрагууд чинь олзлогдон явна.
Тэгэхэд чи учирсан бүх гамшгийн улмаас шившиг болж, доромжлогдоно.
23 Ливанд амьдрагч аа,
Хушнуудын дунд үүрээ засагч аа,
Бие чинь гэнэт хүчтэй өвдөхөд чи яаж гаслах бол!
Амаржиж буй эмэгтэйнх шиг өвдөлтийг мэдрэхээрээ чи яаж ёолох бол!».
24 «Ехова ийн айлдаж байна. “Иудагийн хаан Иехоиакимын хүү Кониа* миний баруун мутар дахь тамгат бөгж байлаа ч түүнийг гаргаж хаяна гэдгээ амьд Бурхан би өөрөөрөө тангараглая! 25 Би чамайг амийг чинь эрэлхийлэгчдийн гарт, чиний айдаг хүмүүсийн гарт, Вавилоны хаан Небухаднезарын* гарт, халдейчуудын гарт тушаана. 26 Би чамайг төрсөн эхтэй чинь харийн* нутагт аваачихад та нар тэндээ үхнэ. 27 Та нар хүслэн болсон нутаг руугаа хэзээ ч буцахгүй.
28 Кониа гэгч энэ хүн жигшигдэж хаягдсан хагархай ваар,
Хэний ч хүсдэггүй сав юм гэж үү?
Яагаад тэрбээр үр удамтайгаа хаягдаж,
Таньж мэдэхгүй газар цөлөгдсөн бэ?”.
29 Газар дэлхий, газар дэлхий, газар дэлхий, Еховагийн үгийг сонсогтун.
30 Ехова ийн айлдаж байна.
“Энэ хүнийг үр хүүхэдгүй,
Насан туршдаа ямар ч амжилт олохгүй хүн гэж бич.
Учир нь түүний үр удмаас нэг ч хүн амжилт олохгүй,
Давидын сэнтийд заларч Иудаг дахин захирахгүй”».