Иеремиа
37 Иехоиакимын хүү Кониагийн* оронд Иосиагийн хүү Зедекиа хаанчилж эхлэв. Вавилоны хаан Небухаднезар* түүнийг Иуда нутгийн хаан болгожээ. 2 Гэвч тэр өөрөө ч, албат түшмэд нь ч, энэ нутгийн ард иргэд ч Иеремиа зөнчөөр хэлүүлсэн Еховагийн үгийг сонссонгүй.
3 Зедекиа хаан Шелемиагийн хүү Иехукал, Маасеиагийн хүү Зефаниа тахилчийг Иеремиа зөнч рүү явуулж «Бидний төлөө Ехова Бурханд залбирч өгнө үү» хэмээн хэлүүлэв. 4 Тэр үед Иеремиаг шоронд хориогүй байсан тул тэрбээр олны дунд чөлөөтэй явж байлаа. 5 Иерусалимыг бүсэлж байсан халдейчууд Египетээс фараоны их цэрэг ирж байгаа тухай мэдээ авчээ. Тэгээд бүслэлтээ зогсоон Иерусалимыг орхин явав. 6 Ехова Иеремиа зөнчид айлдсан нь: 7 «Израйлын Бурхан Ехова ийн айлдаж байна. “Надаас асуухаар та нарыг над руу илгээсэн Иудагийн хаанд ингэж хэл. «Та нарт туслахаар ирж байгаа фараоны их цэрэг Египет нутаг руугаа буцна. 8 Халдейчууд буцан ирж, энэ хот руу дайрч, эзлэн аваад галдан шатаана». 9 Ехова айлдсан нь: «“Халдейчууд биднийг орхиж явах нь зайлшгүй” гэж хэлэн өөрсдийгөө бүү хуур. Учир нь тэд явахгүй. 10 Өөдөөс чинь дайрах халдейчуудын армийг та нар бут цохилоо ч, тэднээс үлдсэн нь ердөө л шархадсан цэргүүд байлаа ч тэд майхнаасаа гарч ирээд энэ хотыг галдан шатаах л болно»”».
11 Халдейчууд фараоны их цэргээс болж бүслэлтээ зогсоон Иерусалимыг орхиж явахад 12 Иеремиа ард түмнийхээ дундах өөрийн өвийг авахаар Иерусалимаас Бениамины нутгийг зорин хөдлөв. 13 Түүнийг Бениамины дааман хаалгаар гарч явах гэтэл Хананиагийн ач, Шелемиагийн хүү Ирийа гэгч харуулын цэргийн дарга барьж аваад «Чи халдейчууд руу зугтах нь уу?» гэв. 14 Иеремиа: «Үгүй ээ! Би халдейчууд руу зугтах гээгүй байна» гэлээ. Гэсэн ч тэр түүнийг тоосонгүй. Ингээд Ирийа Иеремиаг баривчлан ноёд дээр аваачив. 15 Ноёд ихэд уурлан түүнийг жанчиж, Иехонатан бичээчийн гэрт хорилоо. Тэдний гэрийг шорон болгосон байжээ. 16 Иеремиаг шоронгийн нэг өрөөнд хийв. Тэрбээр тэнд олон хоногийг өнгөрүүлжээ.
17 Зедекиа хаан түүн рүү хүн явуулж ордондоо* авчруулан нууцаар асуув. «Ехова ямар нэгэн юм хэлсэн үү?» гэж хааныг асуухад Иеремиа: «Хэлсэн!» гээд цааш үргэлжлүүлэн «Хүмүүс таныг Вавилоны хааны гарт тушаана!» гэж хэлэв.
18 Иеремиа бас Зедекиа хаанд хэлсэн нь: «Би танд, таны албатуудад, энэ ард түмэнд ямар нүгэл үйлдсэн болоод намайг шоронд хийж байгаа юм бэ? 19 “Вавилоны хаан та нар луу, энэ нутаг руу дайрахгүй” гэж зөгнөж байсан зөнч нар тань одоо хаана байна вэ? 20 Хаан эзэнтэн минь сонсож хайрла. Намайг ивээлдээ багтаан хүсэлтийг минь биелүүлж өгөөч. Иехонатан бичээчийн байшин руу намайг бүү буцаагаач. Эс тэгвэл би тэнд үхнэ». 21 Тэгэхэд нь Зедекиа хаан Иеремиаг Харуулын хашаанд хорих зарлиг гаргав. Хотод талх олдохоо болих хүртэл түүнд талхчны гудамжнаас өдөр бүр нэг дугуй талх авчирч өгдөг байлаа. Иеремиа Харуулын хашаанд хоригдсоор байв.