Иеремиа
50 Ехова Иеремиа зөнчөөр Вавилоны тухай, халдейчуудын нутгийн тухай дараах үгийг хэлүүлжээ.
2 «Үндэстнүүдэд зарла, тунхагла.
Туг босгож тунхаглан зарла.
Юу ч битгий нуу!
“Вавилон эзлэгдэв.
Бел гутамшиг болов.
Меродах айдаст автав.
Вавилоны бурхад гутамшиг болов.
Жигшүүрт шүтээнүүд* нь айдаст автав” гэж хэл.
3 Нэгэн үндэстэн хойд зүгээс түүн рүү довтлов.
Газар нутгийг нь аймшигт балгас болгов.
Тэнд нэг ч хүн үлдсэнгүй.
Хүн нь ч, амьтан нь ч зугтжээ.
Тэд бүгд зайлжээ».
4 Ехова ийн айлдаж байна. «Тэр цагт Израйл, Иудагийн ард түмэн нэгдээд цуг ирнэ. Тэд ирж явахдаа уйлах бөгөөд хамтдаа Ехова Бурхныхаа удирдлага зааврыг хайна. 5 Тэд Сион руу явах замыг асуун тэр зүг хараад “Ирцгээ. Хэзээ ч мартагдахгүй мөнхийн гэрээнд нэгдэж дахин Еховагийн ард түмэн болцгооё” гэж хэлнэ. 6 Миний ард түмэн төөрсөн хонин сүрэг болсон. Хоньчид нь тэднийг төөрүүлсэн юм. Тэднийг уулс руу авч яван, уул толгодоор тэнүүчлүүлсэн. Тэд амрах газраа мартжээ. 7 Олсон бүхэн нь тэднийг залгисан. Дайснууд нь: “Бид буруугүй. Тэд өөрсдөө зөв шударга байдлын эх булаг Еховад, эцэг өвгөдийнхөө найдвар Еховад нүгэл үйлдсэн” гэж хэлсэн».
8 «Вавилоноос зугт.
Халдейчуудын нутгаас гар.
Сүргийн манлай шиг бай.
9 Би хойд зүгийн агуу үндэстнүүдийг нэгтгэн
Вавилоны эсрэг турхирна.
Тэд түүний өөдөөс жагсан явж
Эзлэн авна.
Тэдний харвасан сум
Эцэг эхээс хүүхдүүдийг нь хагацаадаг дайчныхтай адил
Байгаа хэзээд онодог.
10 Халдей олз болно.
Түүнээс олз ологчид бүгд ханаж цадна» хэмээн Ехова айлдаж байна.
11 «Чи өмчийг минь тонож байхдаа
Баясан хөөрч, баярлан жаргаж байсан.
Өвсөн дунд тонгочих охин бяруу мэт,
Унгалдан янцгаах азарга мэт байсан.
12 Эх чинь шившиг болсон.
Чамайг төрүүлсэн тэрбээр цөхөрсөн.
Тэр бол үндэстнүүдээс хамгийн өчүүхэн нь,
Усгүй зэлүүд газар, цөл юм.
13 Ехова зэвүүцсэний улмаас Вавилон оршин суугчгүй болно.
Бүрмөсөн эзгүйрэн хоосорно.
Хажуугаар нь өнгөрсөн бүхэн айн ширтэж,
Ямар их гамшигт өртсөнийг нь хараад дооглон тохуурхана.
14 Нумаа татдаг та бүхэн жагсан явж
Вавилоныг тал бүрээс нь дайр.
Сумаа харва, бүү хайрла.
Учир нь тэрбээр Еховад нүгэл үйлдсэн юм.
15 Тал бүрээс нь дайны уухай хадаа.
Тэрбээр бууж өгсөн.
Баганууд нь унаж, хана хэрэм нь нурсан.
Учир нь энэ бол Еховагийн өшөө авалт.
Та нар Вавилоноос өшөөгөө ав.
Түүний үйлдсэнийг өөрт нь үйлд.
16 Вавилонд байгаа үр суулгагчийг,
Ургац хураалтын үеэр тариа хураагчийг устга.
Бүгд харгис илднээс болоод ард түмэн рүүгээ буцна.
Хүн бүр эх нутаг руугаа зугтана.
17 Израйлын ард түмэн тарж бутарсан хоньд юм. Арслангууд тараан бутаргасан. Эхлээд Ассирийн хаан тэднийг залгисан. Дараа нь Вавилоны хаан Небухаднезар* ясыг нь мөлжсөн. 18 Тиймээс Израйлын Бурхан, тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдаж байна. “Би Ассирийн хааныг хэрхсэн шигээ, Вавилоны хааныг газар нутагтай нь мөн тэгэх болно. 19 Би Израйлыг бэлчээрт нь буцааж авчрахад тэрбээр Кармел, Башанд бэлчиж, Ефраим, Гилеадын уулс дээр цадталаа иднэ”».
20 Ехова: «Тэр цаг болоход
Хүмүүс Израйлаас гэм бурууг хайх боловч
Юу ч олохгүй.
Иудагаас нүгэл олдохгүй.
Учир нь би үлдээсэн хүмүүсээ уучилна» гэж айлдаж байна.
21 «Мератаимын нутаг, Пекодын оршин суугчид руу дайр.
Тэднийг хядаж, бүрмөсөн устга» хэмээн Ехова айлдаж байна.
«Миний тушаасан бүхнийг гүйцэтгэ.
22 Энэ нутагт тулалдах чимээ сонсогдож,
Их сүйрэл болж байна.
23 Дэлхийг бүхэлд нь балбаж байсан дархны алх хуга цохигдон эвдэрчээ!
Вавилон нь үндэстнүүдийн дунд аймшигт балгас болжээ!
24 Вавилон оо, би өмнө чинь урхи тавихад чи баригдсан.
Үүнийг чи мэдээгүй.
Чамайг олоод барьж авсан.
Учир нь чи Еховаг эсэргүүцсэн юм.
25 Ехова агуулахаа нээж
Уур хилэнгийнхээ зэвсгийг гаргаж ирэв.
Учир нь Хэмжээгүй эрхт Эзэн, тэнгэрийн цэргийн жанжин Еховад
Халдейчуудын нутагт хийх ажил байна.
26 Алс хязгаар нутгаас түүн рүү дайр.
Амбаар савыг нь нээ.
Түүнийг тариа мэт овоол.
Бүрмөсөн устга.
Нэг ч хүн бүү үлдэг.
27 Бүх залуу бухыг нь хяд.
Нядалгаанд оруул.
Өдөр нь болж, тооцоо бодох цаг нь ирсэн тул
Тэд золгүй еэ!
28 Вавилоны нутгаас зугтаж байгаа хүмүүсийн
Дуу хоолой сонсогдоно.
“Манай Бурхан Ехова өшөө авлаа,
Сүмийнхээ төлөө өшөө авлаа” гэж тэд Сионд тунхаглана.
29 Мэргэн харваачид, нумаа хөвчлөгчдийг
Бүгдийг нь цуглуулж Вавилон руу довтлуул.
Түүнийг тойрон хуарагнаж, зугтах боломжийг хэнд ч бүү өг.
Хийсэн хэргийнх нь шанг хүртээ.
Түүний үйлдсэнийг өөрт нь үйлд.
Учир нь тэрбээр Еховагийн өөдөөс,
Израйлын ариун Нэгний өөдөөс бардамнан сагсуурсан юм.
30 Тэр өдөр залуучууд нь нийтийн талбайд унаж,
Бүх цэрэг нь үхэж үрэгдэнэ» гэж Ехова айлдаж байна.
31 «Бардам сагсуу Вавилон минь, би чиний эсрэг байна» гэж Хэмжээгүй эрхт Эзэн, тэнгэрийн цэргийн жанжин Ехова тунхаглаж байна.
«Учир нь чиний өдөр болж, чамтай тооцоо бодох цаг минь ирнэ.
32 Бардам сагсуу Вавилон минь, чи бүдрэн унана.
Хэн ч чамайг босгохгүй.
Хотуудыг чинь би шатаана.
Хавь ойрын чинь бүхэн галд хуйхлагдана».
33 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдаж байна.
«Израйл, Иудагийн ард түмэн дарлагджээ.
Тэднийг олзолж авсан улс үндэстнүүд чанга зууран,
Чөлөөлж явуулахаас татгалзав.
34 Гэхдээ тэднийг Буцаан худалдан авагч нь хүчтэй.
Түүний нэр бол тэнгэрийн цэргийн жанжин Ехова.
Тэрбээр тэдний хэрэг заргыг өмгөөлж,
Газар нутгийг нь амар амгалан болгож,
Вавилоны оршин суугчдыг самууруулна».
35 Ехова ийн тунхаглаж байна. «Халдейчуудын өөдөөс илд ирнэ.
Вавилоны оршин суугчид, ноёд, мэргэдийн өөдөөс илд ирнэ.
36 Хоосон чалчигчдын* өөдөөс илд ирэхэд тэд мунхаглана.
Дайчдынх нь өөдөөс илд ирэхэд тэд айна.
37 Хүлэг морьд, дайны тэрэгнийх нь өөдөөс илд ирнэ.
Тэдний дунд оршин суудаг бүх үндэстний өөдөөс илд ирэхэд
Тэд сул дорой эмэгтэй хүн шиг болно.
Эд баялгийнх нь өөдөөс илд ирэхэд тэдгээр нь дээрмийн олз болно.
38 Ус гол нь үгүй болж, ширгэн хатна.
Учир нь гэвэл тэр нутаг сийлмэл шүтээний орон юм.
Ард иргэд нь аймшигт үзэгдлээс болж галзуу мэт авирладаг.
39 Цөлийн амьтад, чононцрууд хамт нутаглана.
Тэнд тэмээн хяруул үүрлэнэ.
Дахин хэзээ ч хүн амьдрахгүй.
Үеийн үед оршин суугчгүй болно».
40 Ехова ийн айлдаж байна. «Бурхан Содом, Гоморра болон эргэн тойрных нь хот тосгодыг үнсэн товрог болгосон шигээ Вавилоныг тийм болгоно. Нэг ч хүн тэнд амьдрахгүй, хэн ч оршин суухгүй.
41 Умард зүгээс ард түмэн ирж байна.
Агуу үндэстэн их хаадтайгаа босож
Алс хязгаар нутгуудаас ирж байна.
42 Нум, жад агссан тэд
Харгис догшин, өршөөлгүй хатуу.
Морио унаад давхихдаа
Хүрхрэн хүржигнэх тэнгис мэт шуугина.
Вавилоны охин минь, тэд өөдөөс чинь нэг хүн мэт жагсан айсуй.
43 Вавилоны хаан тэдний тухай дуулаад
Гар нь сулран унжив.
Шаналал зовлонд баригдав.
Амаржиж буй эмэгтэй мэт тарчлан зовов.
44 Иорданы шугуйнаас арслан гарч ирэхийн адил, нэгэн этгээд гарч ирээд аюулгүй бэлчээр лүү дайрна. Би тэдэнд тэндээс хурдан зугтах боломж олгоно. Би сонгосон удирдагчаа түүний дээр томилно. Хэн надтай адил вэ? Хэн надтай маргалдах юм бэ? Ямар хоньчин намайг сөрөн зогсож чадах вэ? 45 Тиймээс хүмүүс ээ, Ехова Вавилоны талаар ямар шийдвэр гаргасныг, халдейчуудын нутгийн талаар юу төлөвлөснийг сонс.
Тэднээс болж бэлчээрийг нь хоосруулна.
Хургануудыг нь чирж явна.
46 Вавилон эзлэгдэх дуунаар газар доргино.
Орилоон хашхираан нь үндэстнүүдэд сонсогдоно».