Иеремиа
52 Зедекиа 21 насандаа хаан болж, Иерусалимд 11 жил төр барив. Түүний эхийг Хамутал гэдэг бөгөөд Либна хотын Иеремиагийн охин ажээ. 2 Зедекиа Иехоиакимын нэгэн адил, Еховагийн жигшдэг хэргийг үйлдсээр байв. 3 Энэ бүх явдал Иуда, Иерусалимд болж Еховаг хилэгнүүлсэн тул тэрбээр оршин суугчдыг нь зайлуулсан юм. Зедекиа бас Вавилоны хаанд тэрсэлсэн ажээ. 4 Зедекиагийн засаглалын 9 дүгээр оны 10 дугаар сарын 10-ны өдөр Вавилоны хаан Небухаднезар бүх цэргээ дагуулан Иерусалим руу довтлохоор ирж, хуарагнан буув. Тэгээд хотыг тойруулан бүслэлтийн хэрэм босгожээ. 5 Зедекиа хааны 11 дүгээр он хүртэл хот бүслэлтэд байлаа.
6 Хотод болсон өлсгөлөн 4 дүгээр сарын 9-ний өдөр туйлдаа хүрч, оршин суугчдад нь идэх юм олдохоо болив. 7 Эцэст нь халдейчууд хотын хэрмийг цөмлөжээ. Хот халдейчуудын бүслэлтэд байх үед Зедекиагийн цэргүүд шөнө дүлээр хааны цэцэрлэгийн ойролцоох давхар хэрмийн хаалгаар гарч хотоос зугтан Арабагийн замаар цааш явав. 8 Халдейчууд араас нь нэхэн хөөсөөр Иерихогийн цөлд Зедекиаг гүйцэхэд хамаг цэрэг нь тарж бутарлаа. 9 Халдейчууд Зедекиа хааныг барьж аваад Хамат нутгийн Риблад байсан Вавилоны хаан дээр аваачихад тэрбээр түүнд ял оноов. 10 Мөн Риблад нүдэн дээр нь хөвгүүдийг нь хороож, Иудагийн ноёдыг хяджээ. 11 Дараа нь Зедекиагийн нүдийг сохолж, зэс дөнгөөр дөнгөлөөд Вавилонд аваачиж үхэн үхтэл нь шоронд байлгасан юм.
12 Вавилоны хаан Небухаднезарын* 19 дүгээр оны 5 дугаар сарын 10-ны өдөр Вавилоны хааны туслах бөгөөд бие хамгаалагчдын ахлагч Небузарадан Иерусалим хотод хүрч ирэв. 13 Тэрбээр Еховагийн өргөө, хааны ордон*, Иерусалимын бүх байшинг галдан шатаалаа. Том байшин болгоныг шатаав. 14 Түүгээр удирдуулсан халдей цэргүүд Иерусалимын эргэн тойрны хана хэрмийг нураажээ.
15 Бие хамгаалагчдын ахлагч Небузарадан ядуусын заримыг хотод үлдсэн хүмүүстэй хамт олзлон авч явав. Мөн Вавилоны хаанд дагаар орогсдыг үлдсэн гар урчуудын хамт авч явлаа. 16 Харин нутгийн зарим үгээгүй ядуусыг усан үзмийн тариаланч, албадлагын ажилчин болгохоор үлдээжээ.
17 Халдейчууд Еховагийн өргөөний зэс баганууд, Еховагийн өргөөний хашаан дахь тэрэгнүүд, зэс Тэнгисийг эвдэж хэмхчээд бүх зэсийг Вавилон руу авч явжээ. 18 Тэд үнсний хувин, хүрз, дэнгийн унтраагуур, төмпөн, аяга гээд сүмийн үйлчлэлд хэрэглэж байсан бүх зэс эд хэрэгслийг авч явав. 19 Бие хамгаалагчдын ахлагч шижир алт, цэвэр мөнгөөр хийсэн угаалгын сав, галын гаргуул, төмпөн, үнсний хувин, дэнгийн суурь, аяга, ундаан өргөлийн савнуудыг авч явжээ. 20 Еховагийн өргөөнд зориулж Соломон хааны хийсэн хоёр багана, Тэнгис, доор нь байдаг 12 зэс бух болон тэрэгнүүдийн зэс нь хэмжихийн аргагүй их байлаа.
21 Багана тус бүр нь 18 тохой* өндөр, хэмжигч олсоор тойргийг нь хэмжихэд 12 тохой урт, дөрвөн хуруу* зузаантай хөндий хоолой ажээ. 22 Баганын толгой нь зэс бөгөөд нэг толгойн өндөр нь таван тохой, эргэн тойрон дахь тор болон анар жимснүүд нь бүгд зэс байв. Хоёр дахь багана болон анар жимснүүд ч мөн ялгаагүй ажээ. 23 96 анар ил харагдах боловч торыг тойруулаад нийт 100 анар урласан байв.
24 Бие хамгаалагчдын ахлагч Небузарадан ахлах тахилч Сераиа, ахлах тахилчийн туслах Зефаниа болон гурван хаалгачийг бас авч явав. 25 Мөн цэргүүдийг хариуцагч нэг түшмэл, хотод байсан хааны долоон зөвлөх, цэргийн жанжны бичээч буюу нутгийнхныг цэрэгт татагч, хотоос олдсон эгэл ард болох 60 хүнийг авч явжээ. 26 Тэрбээр тэднийг авч яван Риблад байсан Вавилоны хаан дээр аваачив. 27 Вавилоны хаан тэднийг Хамат нутаг дахь Риблад хөнөөжээ. Иудачууд ийнхүү нутгаасаа цөлөгдсөн юм.
28 Небухаднезарын* олзолсон хүмүүс нь дараах болой. 7 дугаар онд 3 023 иудей хүнийг олзолжээ.
29 Небухаднезарын* 18 дугаар онд 832 хүнийг Иерусалимаас авч явав.
30 Небухаднезарын* 23 дугаар онд бие хамгаалагчдын ахлагч Небузарадан 745 иудей хүнийг олзлон авч явжээ.
Нийт 4 600 хүнийг олзолсон байна.
31 Иудагийн хаан Иехоиахины олзлогдсоны 37 дахь жилд Евил-меродах Вавилоны хаан болж, тэр жилийнхээ 12 дугаар сарын 25-ны өдөр Иудагийн хаан Иехоиахиныг шоронгоос суллав. 32 Тэрбээр түүнтэй эелдгээр ярьж, Вавилонд олзлогдсон бусад хаанаас дээгүүр өргөмжилжээ. 33 Ингээд Иехоиахин шоронгийн хувцсаа тайлж, үлдсэн амьдралынхаа турш Вавилоны хааны ширээнээ зоог барьсан юм. 34 Иехоиахиныг амьд байх бүхий л хугацаанд, үхэн үхтэл нь хаан түүнийг өдөр бүр хоол хүнсээр хангасан билээ.