Иеремиа
8 Ехова тунхаглаж байна. «Тэр үед Иудагийн хаад, ноёд, тахилчид, зөнчид, Иерусалимын оршин суугчдын ясыг булшнаас нь гаргаж авна. 2 Хайрлаж, хүчин зүтгэж, дагаж, эрж хайж, шүтэн мөргөж байсан нар, сар, бүх оддынх* нь доор тэдгээрийг тараан хаяна. Дахин цуглуулахгүй, оршуулахгүй. Тэдгээр нь өтөг бууц адил газраар нэг хэвтэнэ».
3 «Энэ бузар булай үндэстнээс үлдсэн хүмүүс амьд явснаас үхэхийг илүү дээр гэж үзнэ. Миний тараан бутаргасан тэр хүмүүс хаа явсан газраа тийм байх болно» гэж тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдаж байна.
4 «Тэдэнд ингэж хэл. “Ехова айлдаж байна.
«Унасан хүн босохгүй гэж үү?
Нэг нь буцаж ирвэл нөгөө нь бас буцаж ирэхгүй юү?
5 Энэ ард түмэн, Иерусалимын оршин суугчид яагаад надад цаг үргэлж үнэнч бус байдаг юм бэ?
Тэд худал хуурмагаас тас зуурдаг.
Тэд буцаж ирэхийг хүсдэггүй.
6 Би анхаарал тавин сонсоод л байлаа. Гэвч тэд зөв юм ярьсангүй.
Нэг ч хүн бузар явдалдаа гэмших юм уу “Би юу хийчхэв ээ?” гэсэнгүй.
Тулалдаанд дайран орох морь адил, хүн бүр олны явдаг замаар буцаад явсан.
7 Өрөвтас хүртэл буцах цагаа мэддэг.
Хүүрзгэнэ, ураацай, алтан гургалдай* яг цагтаа нүүдэллэдэг.
Гэвч Ехова би өөрсдийг нь удахгүй шүүнэ гэдгийг миний ард түмэн мэддэггүй»”.
8 “«Бид мэргэн ухаантай, бидэнд Еховагийн хууль бий» гэж та нар яаж хэлж чадна вэ?
Бичээчид үзгээрээ* худал хуурмагийг л бичдэг.
9 Мэргэд ичгүүр шившиг болжээ.
Тэд айн балмагдаж, урхинд орно.
Еховагийн үгийг үл тоомсорлосон тэдэнд
Юуных нь мэргэн ухаан байх билээ?
10 Тиймээс би тэдний эхнэрүүдийг өөр эрчүүдэд,
Талбайг нь өөр эзэмшигчдэд өгнө.
Доодсоос авхуулаад дээдэс нь бүгд шударга бус ашиг олж байна.
Зөнчдөөс авхуулаад тахилчид нь бүгд луйвар хийж байна.
«Амар тайван байна! Амар тайван байна!» гэдэг.
12 Тэд бузар хэргээсээ ичдэг үү?
Огтхон ч үгүй!
Ичих гэдгийг ч мэддэггүй!
Иймээс тэд унагсдын дунд унана.
Би шийтгэхэд тэд бүдэрч унана” гэж Ехова айлдаж байна.
13 Ехова: “Би тэднийг цуглуулаад устгана.
Усан үзмийн модонд нэг ч усан үзэм, инжрийн модонд нэг ч инжир үлдэхгүй. Навч нь хатна.
Миний өгснийг тэд алдана” гэж айлдаж байна».
14 «Бүгдээрээ энд ингэж суухын хэрэг юу байна вэ?
Бөөнөөрөө цуглаж, бэхлэгдсэн хотуудад очиж үхье.
Бид Еховагийн эсрэг нүгэл үйлдсэн учраас
Манай Бурхан Ехова бидэнд хортой ус уулгаж,
Биднийг устгахыг хүсэж байгаа.
15 Бид амар тайвныг хүлээсэн. Гэвч сайн сайхан юм болсонгүй.
Бид эдгэрэх цагаа хүлээсэн. Гэвч айдас хүйдэстэй байна!
16 Дайсны морьдын тургих дуу Данаас сонсдоно.
Азаргануудын янцгаах чимээнээр
Газар тэр аяараа доргино.
Дайснууд хүрч ирээд энэ нутгийг юутай хээтэй нь,
Хоттой нь, хүн ардтай нь залгина».
17 «Би та нарын дунд могойнуудыг тавина.
Ховсонд ордоггүй хорт могойнууд
Та нарыг хатгана» гэж Ехова айлдаж байна.
18 Уй гашуу минь тайлагдашгүй.
Өр зүрх минь өвдөж байна.
19 Ард түмэн минь*
Алс хязгаар нутгаас тусламж гуйн хашхирч
«Ехова Сионд байхгүй юм уу?
Эсвэл тэнд хаан байхгүй юм уу?» гэв.
«Яагаад тэд сийлмэл шүтээнүүдээрээ,
Ямар ч хэрэггүй харийн бурхдаараа уурыг минь хүргэсэн бэ?».
20 «Ургац хураах цаг өнгөрч, зун дууслаа.
Харин бид аврагдсангүй!».
21 Манай ард түмэн* сүйрснээс болж элэг зүрх минь эмтэрчээ.
Би гутарч цөхрөн
Айдас хүйдэст автлаа.
22 Гилеадад гүгэл* байхгүй гэж үү?
Эдгээж анагаачхаар хүн* байхгүй гэж үү?
Яагаад манай ард түмэн* эдгэхгүй байна вэ?