Иошуа
20 Тэгээд Ехова Иошуад 2 «Израйлчуудад ингэж хэл. “Миний та нарт Мосегоор хэлүүлж байсанчлан хоргодох хотуудыг сонгогтун. 3 Хүний амийг санамсаргүйгээр хөнөөсөн хүн цусан өшөө авагчаас зугтаж, тэнд хоргодох юм. 4 Тэрбээр тэдгээр хотын нэг рүү зугтаж очоод дааман хаалганых нь өмнө ахлагчдад юу болсныг ярих ёстой. Ахлагчид түүнийг хотдоо хүлээн авч, орон гэрээр хангах бөгөөд тэр хүн дунд нь амьдарна. 5 Хэрэв цусан өшөө авагч нь нэхэж ирвэл ахлагчид өнөөх хүнийг барьж өгч болохгүй. Яагаад гэвэл тэрбээр хүний амийг санамсаргүй хөнөөсөн ба өш санаж байгаагүй юм. 6 Тэрбээр чуулганы өмнө шүүгдтэлээ тэр хотдоо байн, тухайн үеийн тэргүүн тахилчийг нас бартал тэндээ амьдрах ёстой. Тэгээд анх байсан хот, гэр орондоо буцаж очиж болно” гээрэй» гэж хэлэв.
7 Иймээс тэд Нафталигийн уулархаг нутаг дахь Галилын Кедеш, Ефраимын уулархаг нутаг дахь Шехем, Иудагийн уулархаг нутаг дахь Кириат-арба буюу Хеброныг хоргодох хот болгон тусгаарлажээ. 8 Иорданы нутагт, Иерихогоос зүүн зүгт Реубен овгийн тэгш өндөрлөгийн цөл дэх Безер, Гад овгийн Гилеад дахь Рамот, Манассе овгийн Башан дахь Голаныг сонгов.
9 Израйлчууд болон тэдний дунд суудаг харийнхны хэн боловч хүний амийг санамсаргүйгээр хөнөөвөл эдгээр хот руу зугтан очих юм. Ингэснээр тэд чуулганы өмнө шүүгдтэлээ цусан өшөө авагчийн гарт амиа алдахгүй.