Иошуа
23 Ехова израйлчуудыг эргэн тойрных нь дайснуудаас аварч амар тайвныг соёрхсоноос хойш олон жил өнгөрөв. Иошуа хөгширч нас дээр гарчээ. 2 Иошуа Израйлын ахлагчид, тэргүүнүүд, шүүгчид, удирдагчдыг дуудаж ирүүлээд «Би хөгширч нас дээр гарлаа. 3 Ехова Бурхан тань та нарын төлөө энэ бүх үндэстнийг яасныг та нар өөрсдөө харсан шүү дээ. Ехова Бурхан тань та нарын төлөө тулалдсан. 4 Би Иорданоос баруун зүгт Их тэнгис* хүртэлх нутагт үлдсэн үндэстнүүдийн болон устгасан бүх үндэстнийхээ газар нутгийг танай овгуудад өв болгон шавгаар хуваарилж өгсөн. 5 Ехова Бурхан тань тэднийг та нарын дундаас түлхэн гаргасан билээ. Тэрбээр та нарын төлөө тэднийг хөөн зайлуулсан бөгөөд та нар Ехова Бурхныхаа амласан ёсоор газар нутгийг нь эзэмшсэн.
6 Тэгэхээр та нар Мосегийн хуулийн номд бичсэн бүхнийг сахин биелүүлэхийн тулд чин зоригтой байгтун. Баруун тийш ч, зүүн тийш ч бүү хазай. 7 Та нар дунд чинь үлдсэн эдгээр үндэстэнтэй хэзээ ч нөхөрлөх ёсгүй. Бурхдынх нь нэрийг дурдах, тэднээр тангараглах, тэдэнд үйлчлэх, мөргөх ёсгүй. 8 Харин Ехова Бурхандаа өнөөг хүртэл үнэнч байсан шигээ цаашдаа ч үнэнч байх ёстой. 9 Өнөөг хүртэл нэг ч хүн та нарыг сөрөн зогсож чадаагүй шүү дээ. Ехова та нарын урдах агуу, хүчирхэг үндэстнүүдийг хөөн зайлуулна. 10 Ехова Бурхан тань амласан ёсоороо та нарын төлөө тулалдах тул та нарын нэг чинь мянган хүнийг хөөнө. 11 Үргэлж сэрэмжтэй байж Ехова Бурхнаа хайрла.
12 Харин та нар Бурхнаа орхиж, тэдгээр үндэстнээс үлдсэн хүмүүстэй дотносож, ураг барилдаж, нөхөрлөвөл 13 Ехова Бурхан тань та нарын төлөө тэдгээр үндэстнийг хөөн зайлуулахаа болино гэдгийг баттай мэдэгтүн. Тэд та нарт урхи занга болж, нуруунд чинь ташуур, нүдэнд чинь өргөс мэт байсаар та нар Ехова Бурхныхаа өгсөн энэ сайхан газраас устгагдана.
14 Хадан гэртээ очих цаг минь дөхжээ. Ехова Бурхны тань амласан сайн сайхан бүхнээс нэг ч үг нь талаар болоогүйг та нар сайн мэднэ. Бүгд та нарын төлөө биелсэн. Амлалтаас нь нэг ч үг хөсөрдөөгүй. 15 Ехова Бурхан тань амласан сайхан бүхнээ биелүүлсэн. Үүний нэгэн адил, Ехова буулгана гэж амласан бүх гамшгаа бас буулгаж чадна. Ехова Бурхан тань та нарт өгсөн энэ сайхан газраасаа та нарыг устгаж ч чадна. 16 Хэрэв та нар Ехова Бурхныхаа сахь гэж өгсөн гэрээг зөрчиж, өөр бурхдыг шүтэж, тэдэнд үйлчилж, мөргөвөл Ехова та нарт хилэгнэнэ. Тэгээд та нар Бурхныхаа өгсөн сайхан нутгаас үтэр түргэн устгагдана» хэмээв.