Иошуа
3 Иошуа өглөө эрт босоод Израйлын бүх хүнтэй хамт Шиттимээс хөдлөн Иордан гол дээр очиж, гол гатлалгүй тэндээ хонов.
2 Гурван өдрийн дараа удирдагчид хуарангаар явж 3 ард олонд «Та нарын Бурхан Еховагийн гэрээний авдрыг леви тахилчид дамнан явахыг та нар хармагцаа байгаа газраасаа хөдлөн араас нь яв. 4 Гэхдээ авдраас 2 000 орчим тохой* зайтай яв. Үүнээс илүү ойртож болохгүй. Та нар энэ замаар анх удаа явж байгаа учраас ингэж явбал аль замаар явахаа мэдэх юм» гэж хэлэв.
5 Иошуа ард олонд «Маргааш Ехова та нарын дунд гайхамшиг үйлдэх учраас өөрсдийгөө ариусга» гэж захижээ.
6 Тэгээд Иошуа тахилчдад «Гэрээний авдрыг аваад ард олны урд явцгаа» гэж хэлэхэд тэд гэрээний авдрыг аваад ард олны урд явав.
7 Ехова Иошуад «Би өнөөдөр Израйлын бүх хүний нүдэн дээр чамайг өргөмжилнө. Намайг өмнө нь Мосед тусалж байсан шигээ чамд бас тусална гэдгийг ийнхүү тэд мэднэ. 8 Чи гэрээний авдрыг дамнан явах тахилчдад “Иордан гол руу ормогцоо захад нь зогс” гэж тушаагтун» гэж айлдав.
9 Иошуа израйлчуудад «Ирж Ехова Бурхныхаа үгийг сонсогтун» гэжээ. 10 Тэгээд Иошуа: «Та нар одоо болох юмыг хараад амьд Бурхныг дунд чинь байгааг, мөн Бурхан өмнө чинь байгаа канаанчууд, хитчүүд, хивичүүд, перизчүүд, гиргашчууд, аморичууд, иебусчуудыг гарцаагүй хөөн зайлуулна гэдгийг мэдэх болно. 11 Даян дэлхийн Эзний гэрээний авдар та нарын түрүүнд Иордан гол руу орно. 12 Израйлын овог тус бүрээс нэг нэг эрийг буюу нийт 12 эрийг сонго. 13 Даян дэлхийн Эзэн Еховагийн авдрыг дамнан яваа тахилчдын хөлийн ул Иордан голын усанд хүрмэгц эхээсээ урсаж буй Иорданы урсгал тасран, далан* мэт тогтоно» гэлээ.
14 Ингээд ард олон майхнаа буулгаж Иорданыг гатлахаар хөдлөхөд гэрээний авдрыг дамнан яваа тахилчид урд нь явав. 15 Авдрыг дамнан яваа тахилчид Иорданд хүрч ирээд хөлөө усанд дүрмэгц (Иордан гол ургац хураах энэ үеэр эргээ халин үерлэдэг) 16 эхээсээ урсаж буй голын ус тэртээ холын Заретан хотын ойролцоох Адамд далан мэт тогтжээ. Харин Арабагийн тэнгис буюу Давст тэнгис* рүү цутгаж байсан ус татарч усгүй болов. Ийнхүү голын урсгал тасарч, ард олон Иерихогийн харалдаа хэсгээр голын нөгөө талд гарчээ. 17 Еховагийн гэрээний авдрыг дамнан яваа тахилчид Иордан голын дунд хуурай газар зогсож байхад израйл үндэстэн бүхэлдээ хуурай газраар Иордан голын нөгөө талд гарав.