Шүүгчид
12 Дараа нь Ефраимын эрчүүд цуглаад гол гаталж Зафон руу* очоод Иефтад «Чи аммончуудтай тулалдахаар явахдаа яагаад биднийг дуудаагүй юм бэ? Чамайг гэртэй чинь шатаана» гэж хэлэхэд 2 Иефта: «Би хүмүүстэйгээ хамт аммончуудтай ширүүн тулалдсан. Уг нь би та нараас тусламж гуйсан ч та нар биднийг тэдний савраас авраагүй. 3 Би туслахгүйг чинь ойлгоод амь насаараа дэнчин тавин аммончуудтай тулалдсан. Ехова надад тусалсан болохоор би ялсан юм. Ийм байтал та нар яагаад надтай тулалдахаар ирнэ вэ?» гэж хариулав.
4 Тэгээд Иефта Гилеад дахь эрчүүдийг бүгдийг нь цуглуулж ефраимчуудтай тулалдаад ялав. Учир нь ефраимчууд тэдэнд «Ефраим, Манассегийн нутагт амьдардаг гилеадчууд та нар бол ердөө л Ефраимын оргодлууд» гэж хэлж байсан юм. 5 Гилеадын эрчүүд Иорданы гармуудыг эзэлж аваад ефраимчуудыг зугтаалгахгүйн тулд эрчүүдээ тэнд байрлуулав. Ефраимчуудыг «Намайг гатлуулаач» гэхэд нь гилеадчууд: «Чи ефраим хүн үү?» гэж асуудаг байв. «Үгүй!» гэж хариулахаар нь 6 «Шибболет гэж хэл дээ» гэдэг байжээ. Хэрэв «Сибболет» гэж буруу хэлбэл барьж аваад Иорданы гарам дээр алж байв. Тэр үед 42 000 ефраим хүн алуулжээ.
7 Гилеад хүн Иефта Израйлыг зургаан жил шүүв. Түүнийг нас барахад Гилеадад байдаг өөрийнх нь хотод оршуулсан юм.
8 Иефтагийн дараа Бетлехемийн Ибзан Израйлыг шүүв. 9 Тэрбээр 30 хүү, 30 охинтой байжээ. Ибзан охидоо өөр овгийн эрчүүдтэй суулгаж, 30 бүсгүй авчирч хөвгүүдтэйгээ гэрлүүлэв. Тэрбээр Израйлыг долоон жил шүүжээ. 10 Ибзаныг нас эцэслэхэд Бетлехемд оршуулав.
11 Түүний дараа зебулун хүн Елон Израйлыг 10 жил шүүжээ. 12 Зебулун хүн Елоныг нас барахад түүнийг Зебулуны нутаг дахь Аиалонд оршуулав.
13 Түүний дараа пиратон хүн Хиллелийн хүү Абдон Израйлыг шүүв. 14 Тэрбээр 40 хүү, 30 ач хүүтэй байсан бөгөөд бүгд нэг нэг илжиг унадаг байв. Абдон Израйлыг найман жил шүүжээ. 15 Пиратон хүн Хиллелийн хүү Абдоныг нас барахад Ефраимын нутаг дахь Пиратонд, амалекчуудын өмнө нь амьдардаг байсан ууланд оршуулав.