Нэгдүгээр Самуел
25 Самуел нас барав. Израйлчууд бүгд цуглан түүний хойноос гашуудаж, Рамад гэрийнх нь ойролцоо оршуулжээ. Үүний дараа Давид Параны цөл рүү уруудлаа.
2 Кармелд* эдлэн газар, мал сүрэгтэй нэгэн эр Маонд байжээ. Тэрбээр 3 000 хонь, 1 000 ямаатай чинээлэг хүн байв. Нэгэн удаа тэрбээр Кармелд хүмүүстэйгээ хониныхоо ноосыг хяргаж байлаа. 3 Түүнийг Набал, эхнэрийг нь Абигаил гэдэг ажээ. Эхнэр нь ухаалаг, үзэсгэлэнтэй атал Набал хахир хатуу, муухай авиртай хүн байлаа. Тэрбээр Калебын удмын хүн байв. 4 Цөлд байсан Давид Набалыг хүмүүстэйгээ хонио хяргаж байгааг дуулжээ. 5 Тэгээд Давид 10 залууг түүн рүү явууллаа. Тэдэнд «Кармел руу явж, Набал дээр очоод намайг амар мэндийг нь асууж байгааг уламжил. 6 Тэгээд “Та урт наслах болтугай. Та ч, танай гэрийнхэн ч амар амгалан байж, танд байгаа бүхэн сайн сайхан байх болтугай. 7 Хонио хяргаж байгааг тань би дууллаа. Урьд нь бид танай хоньчидтой Кармелд байхдаа тэдэнд ямар ч хор хүргээгүй. Сүргээс тань нэг нь ч дутаж байгаагүй. 8 Та хүмүүсээсээ асуугаарай. Тэд ч бас хэлнэ. Найран дээр чинь очсон болохоор залуусыг минь найрсгаар хүлээн авна уу. Та зарц нартаа, бас хүү* Давиддаа хоол хүнснээсээ илүүчилнэ үү” гээрэй» гэв.
9 Ингээд залуус нь явж, хэлсэн бүхнийг нь Давидын нэрийн өмнөөс Набалд хэлжээ. Үгээ хэлж дуусахад нь 10 Набал тэдэнд «Давид гэж хэн юм бэ? Иессигийн хүү гэж хэн юм бэ? Одоо үед эзнээсээ зугтсан боолууд хаа сайгүй байна. 11 Би хонь хяргагчдадаа зориулж нядалсан мах, талх, усаа хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй хүмүүст өгөх болж байна уу?» хэмээн хариулжээ.
12 Залуус Давид дээр буцаж очоод Набалын хэлсэн бүхнийг хэлжээ. 13 Тэгэхэд нь Давид хүмүүстээ «Бүгд илдээ агсацгаа!» гэхэд тэд бүгд илдээ агсжээ. Давид ч илдээ агсав. Давидтай хамт 400 хүн явсан бөгөөд 200 хүн ачаагаа харж үлджээ.
14 Энэ хооронд Набалын нэг зарц эхнэр Абигаил дээр нь очоод «Давид цөлөөс элч нараа илгээн эзэнд маань сайн сайхныг хүссэн боловч эзэн маань орилж хашхичин тэднийг доромжиллоо. 15 Тэд бидэнд их сайн ханддаг байсан. Ямар ч муу юм хийж байгаагүй. Бас бэлчээрт тэдэнтэй хамт байхад бид сүргээсээ нэгийг нь ч алдаж байгаагүй. 16 Малаа маллаад тэдэнтэй хамт байсан бүх хугацаанд биднийг өдөр шөнөгүй хана хэрэм мэт хамгаалж байсан. 17 Одоо эзэнд маань, бас бид бүгдэд аюул нүүрлээд байна. Эзэн маань хэцүү хүн болохоор хэн ч түүнтэй ярьж чадахгүй байна. Иймээс та яавал зохихыг шийднэ үү» гэв.
18 Абигаил тэр даруй 200 талх, 2 том ваартай дарс, эвдэж янзалсан 5 хонины мах, 5 сеа* хуурсан тариа, үзмийн шахмал 100 ширхэг, инжрийн шахмал 200 ширхгийг илжигнүүддээ ачуулав. 19 Тэгээд зарц нартаа «Надаас түрүүлээд яв. Би араас чинь явъя» гэлээ. Харин нөхөртөө юу ч хэлсэнгүй.
20 Абигаил илжгээ унаад уулын цаанаас уруудаад ирж байхад Давид ч хүмүүстэйгээ өмнө талаас нь уруудан ирж байлаа. Уул халхалж байсан учраас Абигаил тэдэнд харагдахгүй байв. Абигаил явсаар тэдэнтэй таарчээ. 21 Давид: «Цөлд түүний бүх эд хөрөнгийг хамгаалж байсан минь шал дэмий байж. Эд хөрөнгөөс нь нэг ч юм дутаагүй байхад сайныг муугаар хариулна гэнэ ээ! 22 Хэрэв би маргааш өглөө гэхэд тэднийхнээс нэг л эр хүнийг амьд үлдээсэн байх юм бол миний дайснуудыг* Бурхан хатуу шийтгэг» гэсээр явав.
23 Абигаил Давидыг харангуутаа илжигнээсээ яаран бууж Давидын өмнө очоод сунаж мөргөв. 24 Тэгээд Абигаил хөлд нь сөхөрч суун «Эзэнтэн минь, миний буруу. Шивэгчнээ яриулж, хэлэх үгийг минь сонсоно уу. 25 Эзэнтэн минь та, нэрэндээ таарсан, өөдгүй Набалыг битгий анхаар. Түүнийг Набал* гэдэг бөгөөд угийн мунхаг хүн. Таны шивэгчин би, илгээсэн залуусыг тань хараагүй юм. 26 Эзэнтэн минь, амьд Бурхан Ехова болон таны амьд буйгаар тангараглая. Таныг цус урсган гэмтэн болохоос, өөрийн гараар өшөө авахаас Ехова л сэргийлж байна. Таны дайснууд болон танд хор хүргэх гэсэн хүмүүс Набалтай адил болог. 27 Одоо эзэнтэн минь, шивэгчнийхээ авчирсан энэхүү бэлгийг хамт яваа залуустаа өгөөрэй. 28 Шивэгчнийхээ гэмийг уучилна уу. Та Еховагийн төлөө дайтдаг учраас Ехова заавал таны гэрийг үүрд мөнхөд байлгана. Та одоог хүртэл ямар ч бузар муу юм хийгээгүй билээ. 29 Хүн таныг мөшгөж, амийг тань хөнөөх гэвэл эзэнтний маань амийг Ехова Бурхан амийн уутандаа найдвартай хадгалах болно. Харин дайснуудын тань амийг Бурхан чулуу дүүгүүрдэх мэт шиднэ. 30 Ехова Бурхан танд амласан сайн сайхан бүхнээ биелүүлж, таныг Израйлын удирдагчаар томилно. 31 Тиймээс та өөрийн гараар өшөө авч, ямар ч шалтгаангүйгээр цус урсган хожим нь сэтгэл зүрхэндээ шаналж, харамсах юм битгий хийгээч. Ехова таныг ивээхэд, эзэнтэн минь та, шивэгчин намайг санаарай» гэлээ.
32 Тэгэхэд нь Давид Абигаилд ийн хэлэв. «Өнөөдөр чамайг над руу явуулсан Израйлын Бурхан Ехова алдарших болтугай! 33 Саруул ухаантай чамайг Бурхан ивээг! Өнөөдөр намайг цус урсган гэмтэн болохоос, өөрийн гараар өшөө авахаас болиулсан чамайг Бурхан ивээг! 34 Намайг чамд хор хүргэхээс хамгаалсан Израйлын амьд Бурхан Еховагаар тангараглая. Хэрэв чи надтай уулзахаар яаран ирээгүй бол маргааш өглөө гэхэд Набалын гэрийнхнээс нэг ч эр хүн амьд үлдэхгүй байх байлаа» гэжээ. 35 Давид Абигаилын авчирсан бэлгийг аваад түүнд «Гэр лүүгээ амар тайван буц даа. Би чиний үгийг сонсож, хүсэлтийг чинь хүлээн авлаа» гэв.
36 Абигаилыг Набал дээр буцаж очиход тэрбээр гэртээ хаан шиг найрлан цэнгэж, сайхан ааштай сууж байлаа. Бас ихэд согтсон байв. Абигаил өглөө болтол түүнд юу ч хэлсэнгүй. 37 Маргааш өглөө нь Набалын архи гарахад эхнэр нь болсон явдлыг хэлжээ. Тэгэхэд Набалын зүрх зогсох шахаж, бие нь чулуу мэт хөшчихөв. 38 Ехова арваад хоногийн дараа Набалыг үхүүлжээ.
39 Набалын үхсэнийг сонсоод Давид: «Набалд доромжлуулсан намайг өмгөөлж, зарц намайгаа хорон муу юм хийхээс хамгаалсан Ехова магтагдаг! Ехова Набалд хорон муу үйлийнх нь хариуг өглөө!» гэж хэлэв. Тэгээд Абигаил руу хүн явуулж, өөртэй нь гэрлэх эсэхийг асуулгажээ. 40 Давидын зарц нар Кармелд Абигаил дээр очоод «Давид таныг эхнэрээ болгож авахаар биднийг явууллаа» гэлээ. 41 Абигаил тэр даруй босоод сөгдөн мөргөж «Би бол эзэнтнийхээ зарц нарын хөлийг угаах шивэгчин билээ» гээд 42 яаран босож, илжгэндээ мордоод таван шивэгчнээ дагуулан Давидын хүмүүстэй хамт явлаа. Тэгээд Давидын эхнэр болжээ.
43 Давид Иезреел хотын Ахиноамтай мөн гэрлэсэн бөгөөд тэр хоёр эмэгтэй хоёул түүний эхнэр болсон юм.
44 Харин Саул өөрийн охин, Давидын эхнэр Михалыг Галлим хотын Лаишийн хүү Палтид өгсөн байжээ.