Нэгдүгээр хаад
7 Соломон хаан өөртөө 13 жил орд харш барьж дуусгажээ.
2 Тэрбээр Ливаны ой хэмээх ордон барьсан бөгөөд урт нь 100 тохой*, өргөн нь 50 тохой, өндөр нь 30 тохой байлаа. Энэ ордныг дөрвөн эгнээ багана дээр барьсан бөгөөд багануудынх нь орой дээр хушин дүнзнүүд байв. 3 Тэдгээр дүнзний хооронд хөндлөвч моднууд байлаа. Дүнзнүүд болон хөндлөвч моднуудын дээр том хушин банзнууд тавьжээ. Нийт 45 хөндлөвч мод байсан бөгөөд эгнээ бүрд 15 багана* байв. 4 Ордны хүрээтэй цонхнууд гурван эгнээ байсан бөгөөд эгнээ бүр нь нэг нэгнийхээ дээр байв. Цонх бүр эсрэг талынхаа цонхтой харалдаа байлаа. 5 Нэг нэгнийхээ дээр байгаа өөд өөдөөсөө харсан цонхнуудынхтай адилаар бүх хаалга, хатавч нь дөрвөлжин хүрээтэй байв.
6 Тэрбээр 50 тохой урт, 30 тохой өргөн Баганат танхимыг, үүдэнд нь багана, дээвэр бүхий өөр нэг танхим барьжээ.
7 Мөн тэрбээр Шүүлтийн танхим барьжээ. Тэнд тэрбээр сэнтийдээ сууж, аливаа хэргийг шүүдэг байв. Тэд танхимын шалнаас дээвэр хүртэлхийг хуш банзаар хийсэн юм.
8 Соломоны амьдардаг ордон Шүүлтийн танхимын хажууханд тусдаа хашаанд байсан бөгөөд Шүүлтийн танхимтай адилхан аргаар барьжээ. Тэрбээр эхнэрээ болгож авсан фараоны охинд зориулж Шүүлтийн танхимтай адил ордон барьж өгөв.
9 Хэмжээг нь тааруулан чулууны хөрөөгөөр бүх талыг нь зассан үнэт чулуунуудаар эдгээр байгууламжийг сууриас нь орой хүртэл, гадна талаас нь хамгийн гадна талын хашаа хүртэл барьжээ. 10 Сууриудыг нь маш том, үнэтэй, чулуунуудаар тавьсан бөгөөд зарим чулуу нь 10 тохой, зарим нь 8 тохой хэмжээтэй байлаа. 11 Хэмжиж зассан үнэтэй чулуу, хушаар сууриас дээшхийг нь барьсан юм. 12 Хамгийн гадна талын хашааг гурван үе зассан чулуу, нэг үе хушин дүнзээр барив. Энэ нь Еховагийн өргөөний дотоод хашаа болон өргөөний* үүдний танхимтай адилхан байв.
13 Соломон хаан Тир лүү хүн явуулж Хирамыг ирээч гэж гуйхад Хирам ирэв. 14 Тэрбээр Нафтали овгийн бэлэвсэн эмэгтэйн хүү бөгөөд эцэг нь Тирийн зэсний дархан байжээ. Хирам зэсээр* урлах бүх ажилд мэргэшсэн, асар их мэдлэгтэй маш сайн дархан байв. Тийм учраас Соломон хаан дээр ирж бүх ажлыг нь хийж өгчээ.
15 Тэрбээр хоёр зэс багана цутгаж хийжээ. Тус бүр нь 18 тохой өндөр, хэмжигч олсоор тойргийг нь хэмжихэд тус бүр нь 12 тохой урттай байв. 16 Тэгээд багануудын орой дээр тавих хоёр баганын толгойг зэсээр цутгаж хийжээ. Баганын толгой тус бүр 5 тохой өндөр байв. 17 Баганын толгой тус бүрд сүлжсэн долоон гинжтэй тор байлаа. 18 Баганын оройн толгойг чимэглэсэн торондоо хоёр үе анар тойруулан хийжээ. Нөгөө баганын толгойд ч адилхан хийсэн юм. 19 Үүдний танхимын дэргэдэх багануудын толгойнуудынх нь сараана цэцгийн дүрс 4 тохой өндөртэй байлаа. 20 Багануудын толгойн энэ хэсэг нь тороор хүрээлсэн цүлхгэр хэсгийн дээр байв. Нэг толгойн эргэн тойрон дахь хоёр үед нийт 200 анар байлаа.
21 Тэрбээр сүмийн үүдний танхимын урд багануудыг босгов. Баруун гар талынхыг нь* босгоод Иахин*, зүүн гар талынхыг нь* босгоод Боаз* гэж нэрлэжээ. 22 Багануудын орой сараана цэцгийн хэлбэртэй байлаа. Ингээд багануудыг хийж дуусгав.
23 Дараа нь тэрбээр зэс цутгаж том усны сав хийгээд түүнийгээ Тэнгис гэж нэрлэжээ. Энэ нь дугуй хэлбэртэй бөгөөд амсрынх нь нэг ирмэгээс нөгөө ирмэг хүртэл 10 тохой, савны өндөр 5 тохой байв. Тойргийг нь хэмжигч олсоор хэмжихэд 30 тохой урт байлаа. 24 Амсрынх нь доор Тэнгисийг бүтэн тойруулж хоёр эгнээ хулуу урлажээ. Ингэхдээ нэг тохой бүрд 10 хулуу байхаар савтай нь цутгаж хийсэн юм. 25 Тэнгисийг 12 үхэр дээр байрлуулжээ. Тэдгээрийн 3 нь хойд зүг рүү, 3 нь баруун зүг рүү, 3 нь өмнө зүг рүү, нөгөө 3 нь зүүн зүг рүү харсан байлаа. Тэнгис тэдний дээр байсан бөгөөд үхрүүд бүгд гадагшаа харж зогссон байв. 26 Тэнгис нь алганы энгийн зузаантай*, амсар нь аяганы амсар шиг буюу сараана цэцэг шиг хэлбэртэй байв. Багтаамж нь 2 000 бат* байлаа.
27 Тэрбээр бас 10 зэс тэрэг* хийжээ. Тэрэг бүрийн урт нь 4 тохой, өргөн нь 4 тохой, өндөр нь 3 тохой байв. 28 Тэрэгнүүдийг дараах загвараар хийжээ. Тэрэгний дөрвөн тал сараалжин хүрээнүүдтэй байсан бөгөөд хүрээнүүдэд хавтангууд суулгасан байв. 29 Хүрээнүүдэд суулгасан хавтангууд дээр арслан, бух, херубийн дүрснүүд байв. Хүрээнүүд ч мөн тийм хээтэй байлаа. Арслан, бухуудтай уг сараалжин хүрээний дээд доод талд дугуйвтар хэлхээнүүдийг товойлгон гаргажээ. 30 Тэрэг тус бүр дөрвөн зэс дугуй, зэс тэнхлэгүүдтэй байлаа. Тэрэгний дөрвөн захад тэнхлэгтэй нийлсэн тулгуурууд байв. Усны савны доор мөн тулгуурууд байсан бөгөөд тулгуур бүрд дугуйвтар хэлхээнүүдийг цутгасан байв. 31 Усны савны амсар тэрэгний орой дахь дугуй хүрээн дотор суурилсан бөгөөд усны сав доошоо нэг тохой хүнхгэр байв. Савны амсар нь дугуй байлаа. Тэрэгний орой дахь дугуй хүрээ нь тулгууртайгаа нэг тохой хагас өндөр байв. Уг дугуй хүрээ нь эргэн тойрондоо сийлбэртэй байлаа. Хүрээн дээрх хажуугийн хавтангууд нь дугуй биш, дөрвөлжин байв. 32 Дөрвөн дугуй нь тэрэгний дөрвөн талын хавтангуудын доор байсан бөгөөд дугуйны тэнхлэгүүд тэрэгтэйгээ залгаа байлаа. Дугуй бүрийн өндөр нь нэг тохой хагас байв. 33 Дугуйнуудыг морин тэрэгний дугуйнуудынх шиг хийсэн бөгөөд холбоос, мөөр, хигээс, булыг нь металл цутгаж хийжээ. 34 Усны тэрэг тус бүрийн дөрвөн захын тулгуур нь тэрэгтэйгээ цутгамал байв. 35 Тэрэгний орой дахь дугуй хүрээ хагас тохой өндөртэй бөгөөд тэрэгтэйгээ нэг цул байлаа. Уг хүрээ эргэн тойрондоо жижиг хавтангуудтай ба тэдгээр хавтанг өөр хүрээнүүдээр тогтоожээ. 36 Тэр жижиг хавтангууд болон тэдгээрийг тогтоосон хүрээнүүдийн цулгуй зайд херуб, арслан, дал моднуудыг сийлбэрлэсэн бөгөөд эргэн тойронд нь дугуйвтар хэлхээнүүдийг сийлбэрлэжээ. 37 Тэрбээр 10 тэргийг ингэж хийсэн билээ. Тэдгээрийг бүгдийг нь яг адилхан цутгаж хийсэн бөгөөд адилхан хэмжээ, хэлбэртэй байлаа.
38 Тэрбээр тус бүр нь 40 батын хэмжээтэй 10 зэс усны сав хийжээ. Сав бүр 4 тохой* байлаа. 10 тэргэн дээр нэг нэг усны сав байв. 39 Тэрбээр таван тэргийг өргөөний баруун талд, таван тэргийг өргөөний зүүн талд, Тэнгисийг өргөөний баруун талд, зүүн урагшаа байрлуулжээ.
40 Хирам бас усны савнууд, хүрзнүүд, жижиг савнууд хийжээ.
Ийнхүү Хирам Соломон хаанд хийж өгөх Еховагийн өргөөтэй хамаатай бүх ажлаа дуусгав. Дараах зүйлсийг хийсэн юм. 41 Хоёр багана, тэдгээрийн дээрх аяга шиг хэлбэртэй баганын толгойнууд, тэрхүү толгойнуудыг чимэглэсэн хоёр тор, 42 баганын толгойнуудыг чимэглэсэн хоёр тор тус бүр дэх хоёр үе анар буюу 400 анар, 43 арван тэрэг, тэдгээр тэргэн дээрх 10 усны сав, 44 Тэнгис болон түүн доорх 12 бух, 45 үнсний хувингууд, хүрзнүүд, жижиг савнууд гээд бүх эд хэрэгслийг Хирам өнгөлсөн зэсээр Соломон хааны төлөө Еховагийн өргөөнд зориулан хийжээ. 46 Соломон хаан тэдгээрийг Суккот Заретаны хоорондох Иордан голын ойролцоох хөндийд шавар хэвэнд цутгуулж хийлгэсэн билээ.
47 Асар их эд хэрэгсэл байсан учраас Соломон тэр бүхнийг жинлээгүй орхисон юм. Зэсний хэмжээ нь тооцоолохын аргагүй их байв. 48 Соломоны Еховагийн өргөөнд зориулж хийсэн бүх эд хэрэгсэл нь дараах юм. Утлагын алтан ширээ, ил тавих талхны* алтан ширээ, 49 хамгийн дотоод өрөөний өмнө тав таваар нь баруун зүүн талд нь тавих шижир алтан дэнгийн сууриуд, мөн алтан цэцгийн цоморлогууд, дэнгүүд, чимхүүрүүд, 50 шижир алтан усны савнууд, дэнгийн гол таслах хайчнууд, жижиг савнууд, аяганууд, галын гаргуулууд, дотоод танхим буюу Ариунаас ариун газрын хаалгануудын болон сүмийн гол танхимын хаалгануудын алтан углуургууд байв.
51 Ингээд Соломон хаан Еховагийн өргөөнд зориулан хийх ёстой байсан бүх ажлаа дуусгав. Дараа нь тэрбээр эцэг Давидынхаа ариусгасан зүйлсийг авчирч, алт, мөнгө, бүх эд зүйлсийг Еховагийн өргөөний эрдэнэсийн санд тавилаа.