Исаиа
35 Буйд зэлүүд, хатаж ангасан газар баярлаж,
Элсэн цөл баясан хач гүргэм* мэт цэцэглэнэ.
2 Цэцэглэн дэлгэрээд,
Цэнгэн баясаж, баяртайгаар хашхирна.
Ливаны суу алдар,
Кармел, Шароны сүр жавхланг түүнд өгнө.
Хүмүүс манай Бурхан Еховагийн суу алдар, сүр жавхланг үзнэ.
3 Суларсан гарыг тэнхрүүлж,
Салгалсан өвдгийг батжуул.
4 Түгшсэн хүмүүст
«Зоригтой бай. Бүү ай.
Та нарын Бурхан ирж өшөө авна.
Бурхан ирж шийтгэнэ.
Тэрбээр ирж та нарыг аварна» гэж хэл.
5 Тэр цагт сохрын нүд нээгдэж,
Дүлийгийн чих онгойно.
6 Доголон нь буга мэт дүүлж,
Хэлгүй нь баярлан хашхирна.
Зэлүүд газарт ус ундарч,
Элсэн цөлд горхи урсана.
7 Халуунд хатсан газар зэгст цөөрөм болж,
Ангасан газарт булгийн ус оргилно.
Чононцор үүрлэдэг байсан нутагт
Зүлэг ногоо, зэгс, папирус халиурна.
8 Тэнд их зам бий болж
Ариун Зам гэж нэрлэгдэнэ.
Бузар хүн түүгээр явахгүй.
Зохистой хүн л явна.
Тэр зам дээр нэг ч мунхаг хүн хөл тавихгүй.
9 Тэнд арслан байхгүй,
Догшин араатан ч гарч ирэхгүй.
Тэндээс олдох ч үгүй.
Олзноос буцаан авсан* хүмүүс л түүгээр явна.
10 Еховагийн аварсан хүмүүс баярлан хашхирсаар Сионд эргэж ирнэ.
Үүрдийн баяр баясгалан тэдний толгойн чимэг болно.
Тэд баярлан хөөрч, баясан цэнгэнэ.
Гашуудан санаа алдахаа болино.