Исаиа
40 Бурхан чинь ийн айлдаж байна. «Миний ард түмнийг тайвшруул, тайвшруул.
2 Иерусалимтай зөөлөн ярьж*
Албадлагын ажлын хугацаа нь дууссаныг мэдэгдэн
Гэм нүглийнхээ төлөөсийг төлснийг нь хэл.
Тэрбээр бүх нүглийнхээ шийтгэлийг Еховагаас бүрэн* хүртсэн» гэв.
3 Зэлүүд газраас нэгэн дуу гарч ийн хашхирав.
«Еховагийн замыг бэлдэж*,
Манай Бурхны төлөө цөлд шулуун зам тавь.
4 Хөндий бүхэн өргөгдөж,
Уул толгод бүхэн намхан болог.
Бартаат зам тэгширч,
Дов сондуултай газар тэгш тал болог.
5 Еховагийн алдар суу ил болж,
Бүх хүн үүнийг үзнэ.
Учир нь Ехова айлдсан юм».
6 Сонс! Нэг хүн: «Зарлан тунхагла!» гэж хэлж байна.
Өөр нэг нь: «Юуг зарлан тунхаглах вэ?» гэж асуув.
«Бүх хүн ногоон зүлэг мэт.
Үнэнч хайр нь талын цэцэг мэт.
7 Еховагийн амьсгалаар
Өвс хатаж,
Цэцэг хагдардаг.
Үнэхээр ч хүмүүс бол ердөө л нэг өвс юм.
8 Өвс хатаж,
Цэцэг хагдардаг.
Харин манай Бурхны үг мөнхөд байдаг».
9 Сионд сайн мэдээтэй ирж буй эмэгтэй чи
Өндөр ууланд гар.
Иерусалимд сайн мэдээтэй ирж буй эмэгтэй чи
Чанга хашхир.
Хашхир, бүү ай.
Иудагийн хотуудад «Бурхан чинь та нартай хамт байна» гэж тунхагла.
10 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова ирээд хүчээ үзүүлж
Мутраараа удирдана.
Тэрбээр өгөх шагналаа,
Олгох цалингаа гартаа барьжээ.
Төллөсөн хоньдыг аядуухан хөтөлнө.
12 Далайн усыг алгаараа хэмжиж,
Тэнгэрийг төөлсөн* нь хэн бэ?
Хэмжих саванд газрын тоосыг хийж,
Уулыг жинлэж,
Толгодыг дэнсэлсэн нь хэн бэ?
13 Еховагийн үйлдэх хүчийг хэн хэмжсэн* бэ?
Хэн түүнд зааж, зөвлөж чадах вэ?
14 Тэрбээр хэнтэй зөвлөлдөн ухаарлыг олсон бэ?
Хэн түүнд шударга ёсны замыг зааж,
Эсвэл мэдлэг олгож,
Ухаарлын замыг үзүүлдэг вэ?
15 Үндэстнүүд түүний хувьд хувингаас дуслах дусал мэт,
Жинлүүр дээр тогтсон тоос мэт юм.
Тэрбээр арлуудыг нарийн тоос мэт өргөдөг.
16 Гал түлэхэд Ливаны ой ч хүрэлцэхгүй.
Шатаалт тахил болгоход тэндхийн амьтад ч хангалтгүй.
17 Түүний өмнө бүх үндэстэн огт байхгүйтэй адил.
Түүний хувьд тэд юу ч биш, хий хоосон зүйл мэт юм.
18 Та нар Бурхныг хэнтэй харьцуулах вэ?
Хэнийг түүнтэй адилтгах вэ?
19 Уран дархныг шүтээн цутгахад
Төмрийн дархан түүнийг нь алтаар бүрж,
Мөнгөн гинж хийдэг.
20 Тэрбээр өргөлдөө зориулан
Өмхөрдөггүй мод сонгодог.
Унахгүй зогсдог сийлмэл шүтээн урлах
Чадварлаг дархныг хайдаг.
21 Та нар мэдэхгүй юү?
Та нар сонсоогүй юү?
Эхнээс нь та нарт хэлээгүй юү?
Дэлхийн суурь тавигдсанаас хойш тодорхой болсон зүйлийг та нар ойлгоогүй юү?
22 Дэлхийн тойрог* дээр амьдардаг Нэгэн бий.
Дэлхийн оршин суугчид түүний хувьд царцаа мэт юм.
Тэрбээр тэнгэрийг самбай шиг сунгаж,
Хүн амьдардаг майхан шиг дэлгэдэг.
23 Дээд албан тушаалтнуудыг огцруулж,
Дэлхийн шүүгчдийг* зайлуулдаг.
24 Тэднийг дөнгөж таригдан,
Дөнгөж суулгагдан,
Газарт үндэслэмэгц
Салхи салхилан хатаадаг.
Хар салхи сүрэл мэт хаман оддог.
25 Ариун Нэгэн айлдахдаа: «Та нар намайг хэнтэй адилтгах вэ? Хэн надтай эн тэнцүү вэ?
26 Толгойгоо өргөн тэнгэр өөд хар.
Энэ бүхнийг хэн бүтээсэн бэ?
Эдгээр одыг цэрэг мэт удирдан тоолж,
Тус бүрийг нь нэрээр нь дууддаг Нэгэн юм.
Асар их эрчим хүч, сүрдэж бишрэм хүч чадлынх нь улмаас
Тэд бүгд байрандаа байдаг.
27 “Ехова миний амьдралыг анхаардаггүй.
Бурхан надад шударга ханддаггүй” гэж
Иаков чи юунд өгүүлнэ вэ? Израйл чи юунд тунхаглана вэ?
28 Та нар мэдэхгүй юү? Та нар сонсоогүй юү?
Дэлхийн хязгаарыг бүтээгч Ехова бол мөнхийн Бурхан юм.
Тэрбээр эцэж туйлдана гэж үгүй.
Түүний ухаан хязгааргүй.
29 Тэрбээр ядарсанд хүч өгч,
Чадал дутсаныг нь тэнхрүүлдэг.
30 Хөвгүүд ядарч туйлддаг.
Залуус бүдэрч унадаг.
31 Харин Еховад найдагчид хүчээ сэлбэнэ.
Тэд бүргэдийн жигүүртэй мэт дүүлэн ниснэ.
Тэд гүйсэн ч ядрахгүй.
Алхсан ч цуцахгүй» гэдэг.