Сургаалт үгс
22 Асар их эд баялагтай байснаас сайн нэртэй байсан нь дээр.
Алт мөнгөтэй байснаас хүндлүүлсэн нь дээр.
2 Баян ядуу хоёр юугаараа адилхан бэ?
Хэн хэнийг нь Ехова бүтээсэн.
3 Хэрсүү хүн аюулыг олж хараад зугтдаг бол,
Гэнэн хүн угтан явсаар горыг нь амсдаг.
4 Даруу байж Еховагаас эмээдэг хүн
Эд баялаг, алдар нэр, амьтай болно.
5 Зөв бус хүний зам дээр өргөст бут, урхи занга байдаг бол,
Аминдаа хайртай хүн тэдгээрээс хол явдаг.
6 Явах ёстой замаар нь явуулахын тулд хүүхдийг хүмүүжүүл.
Тэрбээр өтөлсөн ч тэр замаас гарахгүй.
7 Баян нь ядуугаа захирдаг.
Зээлдэгч нь зээлдүүлэгчийнхээ боол болдог.
8 Зөв бусыг таригч нь гай зовлонг хурааж авна.
Харгис засаглал нь дуусгавар болно*.
9 Өгөөмөр хүн ивээл хүртэнэ.
Учир нь тэрбээр хоол хүнсээ ядуустай хуваалцдаг.
10 Шоологчийг зайлуулбал
Хэрүүл тэмцэл алга болж,
Маргаан, доромжлол арилна.
11 Цагаан цайлган сэтгэлтэй, эелдэг ярьдаг хүнийг
Хаан найзаа болгоно.
12 Ехова* мэдлэгийг хамгаалдаг.
Харин урвагчийн үгийг бүтэлгүй болгодог.
13 Залхуу хүн: «Гадаа арслан байна!
Гудамж талбайд гарвал бариулчихна» гэдэг.
14 Завхай* эмийн ам гүнзгий нүх юм.
Еховагийн уурыг хүргэсэн хүн тэр нүхэнд унадаг.
15 Мунхаглал хүүхдийн* зүрхнээс уяатай байдаг.
Сахилга батын арга хэмжээ* авбал хүүхэд мунхаглахаа болино*.
16 Эд хөрөнгөө арвижуулахын тулд ядуусыг луйварддаг хүн ба
Баячуудад бэлэг өгдөг хүн
Эцэстээ ядуурна.
17 Зааж сургасныг минь зүрх сэтгэлдээ шингээхийн тулд
Мэргэн ухаантны хэлэхийг чих тавин сонс.
18 Эдгээрийг чи цаг үргэлж ярьж байхын тулд
Сэтгэлийнхээ угт нандигнавал жаргалтай байх болно.
19 Еховад итгээсэй гэсэндээ
Өнөөдөр би чамд мэдлэг өгч байна.
20 Би аль эрт чамд бичин
Зөвлөгөө өгч, мэдлэгээ хуваалцсан биз дээ?
21 Учир нь чамд энэ үнэн үг хэр найдвартайг ойлгуулж,
Чамайг илгээсэн хүн рүү зөв мэдээтэй буцаж очоосой гэснийх юм.
22 Ядуу хүнийг ядуу гэж бүү дээрэмд.
Дорд хүнийг хотын хаалганы дэргэд бүү дарла.
23 Учир нь Ехова өөрөө тэднийг өмгөөлнө.
Мөн тэднийг луйварддаг хүмүүсийн амийг авна.
24 Түргэн зантай хүнтэй бүү нөхөрлө.
Амархан уурладаг хүнтэй бүү нийл.
25 Тэгвэл чи түүн шиг болохгүй.
Урхинд орохгүй.
26 Хүний өмнөөс зээлийн баталгаа өгч
Гар барин бүү амла*.
27 Чамд төлөх юм байхгүй бол
Унтаж буй орыг чинь аваад явна шүү дээ!
28 Өвөг дээдсийнхээ тавьсан
Хилийн тэмдгийг бүү хөдөлгө.
29 Ажилдаа гарамгай хүнийг чи харсан уу?
Тийм хүн жирийн хүмүүст биш,
Хаадад үйлчилнэ.