Эхлэл
34 Иаковт Леагийн төрүүлж өгсөн охин Дина тэр нутгийн бүсгүйчүүдтэй уулзахаар гарч явдаг байв. 2 Тэр нутгийн захирагч хиви хүн Хаморын хүү Шехем Динаг хараад авч явж хүчинджээ. 3 Шехем Иаковын охин Динад хүчтэй татагдаж, тэр бүсгүйд дурласан бөгөөд энхрий зөөлөн үгээр сэтгэлийг нь эзэмдэх гэж оролдов. 4 Эцэст нь Шехем эцэг Хамороосоо «Энэ бүсгүйг надад эхнэр болгон авч өгөөч» гэж гуйжээ.
5 Иаков охин Динаг нь Шехем бузарласныг дуулав. Тэр үед хөвгүүд нь хээр мал дээрээ байсан юм. Иймд Иаков буцаж иртэл нь дуугүй байлаа. 6 Шехемийн эцэг Хамор Иаковтай ярилцахаар явжээ. 7 Иаковын хөвгүүд болсон явдлыг дуулаад тэр даруй хээрээс буцаж ирэв. Шехем байж болшгүй хэрэг хийн Иаковын охинтой унтаж Израйлыг гутаан доромжилсон тул тэд харамсан шаналж, ихэд уурлав.
8 Хамор тэдэнд «Манай хүү Шехем танай охинд сэтгэлтэй болжээ. Охиноо хүүд минь эхнэр болгон өгч 9 бидэнтэй ураг барилдаач. Тэгээд охидоо бидэнд өгч, манай охидыг ав. 10 Та нар бидэнтэй цуг амьдран суу. Энэ нутаг та нарынх болно. Энд худалдаа наймаа эрхэлж, амьдран суурьшаарай» гэж хэлжээ. 11 Шехем Динагийн эцэг болон ах нарт «Гуйлтыг минь зөвшөөрөөч. Би та нарын хүссэн болгоныг өгье. 12 Та нар ямар ч инж, бэлэг шаардсан, би хэлсэн бүгдийг тань өгье. Бүсгүйг л надад эхнэр болгон өгнө үү» гэв.
13 Дүү Динаг нь бузарласан учир Иаковын хөвгүүд Шехем болон эцэг Хаморыг нь мэхлэн 14 «Хөвч таслуулаагүй хүнд бид дүүгээ өгч болохгүй. Энэ нь бидний хувьд гутамшигтай хэрэг. 15 Харин ийм болзолтой зөвшөөрье. Танай бүх эрчүүд бидэн шиг хөвчөө таслуулах ёстой. 16 Тэгсэн цагт бид охидоо та нарт өгч, танай охидыг авна. Бид та нартай амьдран сууж, нэг ард түмэн болно. 17 Харин та нар бидний хэлснээр хөвчөө таслуулахгүй бол бид дүүгээ авч явна» гэлээ.
18 Тэдний үг Хамор болон хүү Шехемд нь таалагджээ. 19 Тэр залуу Иаковын охинд дурласан тул хэлснийг нь биелүүлэхээ хойшлуулсангүй. Тэрбээр эцгийнхээ гэрт хамгийн нөлөө бүхий хүн байжээ.
20 Хамор хүү Шехемтэйгээ хотын дааман хаалган дээр очиж хотынхондоо 21 «Энэ хүмүүс бидэнтэй эвтэй найртай байхыг хүсэж байна. Иймд тэд манай нутагт сууж, худалдаа наймаа эрхлэг. Манай газар нутаг тэдэнд хүрэлцэхүйц өргөн уудам шүү дээ. Тэдний охидыг эхнэр болгон авч, охидоо тэдэнд өгцгөөе. 22 Биднийг ердөө ганцхан шаардлага биелүүлбэл тэд бидэнтэй нэг ард түмэн болж хамт амьдран суухыг зөвшөөрнө гэсэн. Тэр нь юу гэвэл, манай бүх эрэгтэйчүүд тэдний адилаар хөвчөө таслуулах ёстой. 23 Ингэвэл тэдний өмч хөрөнгө, эд баялаг, бүх мал сүрэг биднийх болно. Тэгэхээр хэлснийг нь зөвшөөрцгөөе. Тэгээд тэд бидэнтэй амьдраг» гэж хэлжээ. 24 Хотын дааман хаалгаар орж гарсан бүх хүн Хамор болон хүү Шехемийнх нь хэлснийг зөвшөөрч, хотын бүх эрэгтэй хөвчөө таслуулжээ.
25 Гурав дахь өдөр нь тэднийг эдгээгүй байхад Иаковын хоёр хүү болох Динагийн хоёр ах Симеон Леви илдээ авч, хотынхныг сэжиг аваагүй байхад очиж бүх эрэгтэйг нь хөнөөв. 26 Тэр хоёр Хамор болон хүү Шехемийг нь илдээр хөнөөж, Шехемийн гэрээс Динаг аваад явжээ. 27 Иаковын бусад хөвгүүд хүмүүсийг алуулсны дараа ирж, хотыг тонов. Яагаад гэвэл тэд дүүг нь бузарласан юм. 28 Тэдний мал амьтад, илжиг гээд хотод болон бэлчээрт байсан бүхнийг авав. 29 Бүх өмч хөрөнгө, гэр орон дахь хамаг юмыг нь тонож, эхнэр хүүхдийг нь олзолжээ.
30 Иаков Симеон Леви хоёрт «Та хоёр надад их гай авчирлаа. Та нараас болж намайг энэ нутгийн канаанчууд, перизчүүд жигшинэ. Манайхан цөөхүүлээ. Тэд хүч хавсран над руу дайрч, намайг ч, гэрийнхнийг маань ч алах нь гарцаагүй» гэхэд 31 тэд: «Тэгээд тэд нар манай дүүтэй янхан мэт харьцах ёстой байсан юм уу?» гэжээ.