Эхлэл
35 Энэ явдлын дараа Бурхан Иаковт «Эндээс хөдлөөд Бетелд очиж амьдар. Чамайг ах Есаваасаа зугтаж явахад чинь үзэгдсэн жинхэнэ Бурхан надад зориулж тэнд тахилын ширээ босгогтун» гэж айлдав.
2 Тэгээд Иаков гэрийнхэн болон хамт байгаа бүх хүндээ «Та нар өөрсдөдөө байгаа харийн бурхдыг зайлуулж, өөрсдийгөө ариусган, хувцсаа соль. 3 Тэгээд бүгдээрээ хөдөлж Бетел рүү явъя. Зовж явахад минь надад хариулсан, намайг хаана ч явсан хамт байдаг жинхэнэ Бурханд зориулж би тэнд тахилын ширээ босгоно» гэлээ. 4 Тэгэхэд тэд харийн бурхдаа, чихэндээ зүүсэн ээмгээ Иаковт өгөв. Иаков тэдгээрийг Шехемийн ойролцоо байдаг том модны доор булжээ.
5 Иаковынхныг аян замдаа явж байхад Бурхнаас айх айдас эргэн тойрных нь хотуудыг нөмөрсөн тул тэд Иаковынхныг мөшгөөгүй юм. 6 Иаков хамт яваа бүх хүнтэйгээ Канаан нутгийн Луз буюу Бетелд хүрэв. 7 Тэгээд тэнд тахилын ширээ босгож тэр газрыг Ел-бетел* гэж нэрлэжээ. Яагаад гэвэл ахаасаа зугтаж явахад нь жинхэнэ Бурхан тэнд үзэгдсэн юм. 8 Дараа нь Ребекагийн асрагч эх Дебора нас эцэслэв. Түүнийг Бетелээс доохон талд царс модны доор оршуулжээ. Иймээс Иаков тэр газрыг Аллон-бакут* гэж нэрлэсэн юм.
9 Бурхан Иаковыг Паддан-Арамаас ирж явахад түүнд дахин үзэгдэж, ерөөв. 10 Бурхан: «Чамайг Иаков гэдэг. Гэхдээ үүнээс хойш Иаков гэхгүй. Чиний нэрийг Израйл гэх болно» гэлээ. Тэгээд Бурхан түүнийг Израйл гэх болжээ. 11 Бурхан цааш нь «Би бол Төгс хүчит Бурхан. Чи олон үр хүүхэдтэй болж, өнөр өтгөн бологтун. Үндэстнүүд, ард түмнүүд чамаас гарч, хаад чамаас төрнө. 12 Би Абрахам, Исаакт өгсөн газраа чамд болон үр удамд чинь өгнө» гэж айлдав. 13 Тэгээд Бурхан Иаковыг орхин, түүнтэй ярьж байсан газраасаа дээш оджээ.
14 Иаков Бурхны өөртэй нь ярьсан газар чулуун багана босгоод дээр нь ундаан өргөл, тос асгав. 15 Тэрбээр Бурхны өөртэй нь ярьсан тэр газрыг дахин Бетел гэж нэрлэжээ.
16 Тэгээд тэд Бетелээс хөдлөв. Тэднийг Ефратад хараахан хүрээгүй байхад Рахелийн амаржих цаг болж, хүндрэлтэй төржээ. 17 Төрөх гээд маш их өвдөж байхад нь эх баригч эмэгтэй: «Та энэ хүүгээ бас төрүүлж чадах учраас битгий ай» гэв. 18 Рахел үхлийн ирмэг дээр байлаа. Тэрбээр амьсгал хураахынхаа өмнө хүүдээ Бен-они* гэдэг нэр өгчээ. Харин эцэг нь хүүдээ Бениамин* гэдэг нэр өгөв. 19 Ингээд Рахел нас барав. Түүнийг Ефрат буюу Бетлехем орох замд оршуулжээ. 20 Иаков булшин дээр нь багана босгосон бөгөөд тэр багана өнөөг хүртэл Рахелийн булшин дээр байдаг.
21 Тэгээд Израйл тэндээс хөдөлж Едер цамхгийг өнгөрөөд майхнаа босгов. 22 Израйлыг тэр нутагт сууж байхад Реубен явж эцгийнхээ татвар эм Билхатай унтжээ. Израйл энэ талаар дуулав.
Иаков 12 хүүтэй болсон билээ. 23 Леагийн хөвгүүд нь Иаковын ууган хүү Реубен, тэгээд Симеон, Леви, Иуда, Иссахар, Зебулун нар юм. 24 Рахелийн хөвгүүд нь Иосеф Бениамин хоёр, 25 Рахелийн шивэгчин Билхагийн хөвгүүд нь Дан Нафтали хоёр, 26 Леагийн шивэгчин Зилпагийн хөвгүүд нь Гад Ашер хоёр юм. Паддан-Арамд төрсөн Иаковын хөвгүүд нь эд нар билээ.
27 Иаков явсаар Кириат-Арба буюу Хебронд хүрч, Мамред суугаа эцэг Исаак дээрээ очив. Абрахам ч, Исаак ч тэнд харь хүн болж амьдарсан билээ. 28 Исаак 180 наслаад 29 амьсгал хураав. Тэрбээр сайхан урт насалж, сэтгэл хангалуун амьдарсан бөгөөд эцэг өвгөдийнхөө нэгэн адил нойрсжээ*. Есав Иаков хоёр эцгээ оршуулав.